Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтлова тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа билээ. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловад өнөөдөр /2025.10.16/ бараалхлаа.
Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтлова хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ хоёр улсын харилцааны түвшнийг шат ахиулсныг онцлоод цаашид хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. Бид ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй. Хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллага, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд бид бүхэн хамтран ажиллахдаа таатай байна. Бүгд Найрамдах Чех Улс мазаалай баавгай, хавтгай зэрэг нэн ховор ан амьтдыг судлах, хамгаалах, эргэн нутагшуулахад туслалцаа үзүүлж ирсэн. Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн агуулгаар баяжуулж, олон салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлал өндөр ач холбогдолтой хэмээн онцоллоо.
Уулзалтаар талууд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, хэрэгжилтийн талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.