Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр /2025.10.17/ Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтловатай уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа манай хоёр орны олон жилийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байна гээд өнгөрсөн хугацаанд монголын 20 мянга гаруй оюутан залуус Чех Улсад боловсрол, мэргэжил эзэмшиж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийн гүүр болж ирсэн болохыг тэмдэглэв.
Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтлова энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа төдийгүй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад айлчилж, хоёр улсын харилцааны түвшнийг шат ахиулан, Иж бүрэн түншлэлд хүргэсэнд баяртай байна гэлээ.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа ардчиллыг бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой бөгөөд Монгол, Чехийн хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд хоёр орны парламентын онцлог, сонгуулийн тогтолцоо, эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярилцсан бөгөөд Чех Улсын Төлөөлөгчдийн танхимын ээлжит сонгууль 10 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болж, түүхэндээ хамгийн их буюу 67 эмэгтэй гишүүн сонгогджээ.
Харин манай улсын хувьд 2024 онд УИХ-ын ээлжит сонгууль болж, Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 5 нам, эвслийн 126 гишүүн сонгогдсон. Үүний 32 нь эмэгтэй гишүүн бөгөөд парламентын 25 хувийг бүрдүүлж байна. Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор Ази тивдээ тэргүүлэгч орны нэг болсон хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа онцлов.
Уулзалтын хүрээнд талууд хөдөлмөр зуучлал, тээвэр логистик, үйлдвэр, тоног, төхөөрөмж, бохир ус, хог хаягдал, цэвэршүүлэх технологийн талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.