Цэс

Холбоо барих

ХЗБХ: Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэж, төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.23) хуралдаан 12 цаг 26 минутад гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Эхлээд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцууллаа.

Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасныг үндэслэн Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлэх дүгнэх журам”-ын 3.7-д заасан аргачлалыг баримтлан Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол,  Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолын 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний тайлан болохыг дурдав. Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим систем new.unelgee.gov.mn-д  бүртгэлтэй хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн 3839 заалтын хэрэгжилт дунджаар 58.8 хувьтай байна гэж дүгнэжээ. Тайлант оны эхний хагас жилийн хяналт шинжилгээний дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.2 хувиар буурсан нь Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам, заасан аргачлалаар хэрэгжих шатад буюу 70 хувь, хэрэгжилт хангалтгүй буюу 30 хувь гэсэн ангилалд хамаарах заалтууд, Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Байгууллагын үйл ажиллагаа,  үр дүнг үнэлж дүгнэх журмын 3.7-д заасан үнэлгээний аргачлалаар хэрэгжээгүй ангилалд хамаардаг болсонтой холбоотой хэмээн Н.Учрал сайд тодотгов.


Хууль тогтоомж, тогтоолын шийдвэрийн нийт есөн төрлийн шийдвэрийг үндсэн гурван хэсэгт ангилан, нэгтгэн, дүгнэхэд Монгол Улсын 79 хуулийн 263, Улсын Их Хурлын 90 тогтоолын 491, Улсын Их Хурлын Байнгын хорооны 69 тогтоолын 290, нийт 238 шийдвэрийн 1044 заалтын хэрэгжилт улсын хэмжээнд дунджаар 42 хувийн хэрэгжилттэй хэмээн дүгнэгджээ. Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний цахим системд бүртгэж хяналтад авсан хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны шийдвэрийн хэрэгжилтийн дундаж өмнөх оны мөн үеэс 24.7хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Энэ нь Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх нийтлэг журамд заасан аргачлалаар хэрэгжих шатад буюу 70 хувь, хэрэгжилт хангалтгүй буюу 30 хувь гэсэн ангилалд хамаарах заалтууд, Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журмын 3.7-д заасан үнэлгээний аргачлалаар хэрэгжээгүй ангилалд хамаардаг болсонтой холбоотой юм байна. Тайлан тооны эхний хагаст хэрэгжээгүй 62 хуулийн 154 заалтын 85 заалт нь төрийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалт хангалтгүйгээс шалтгаалсан гэж дүгнэгдэж байгаа тул цаашид Засгийн газраас хуулийн хэрэгжилтийг хангуулах, биелэлтийг хянах болон салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны зохицуулалт, хэрэгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэх онцгой шаардлагатай байгааг илрэл хэмээн үзсэн байна. Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний цахим системд бүртгэлтэй байгаа хууль, Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг тайлант оны эхний хагас жилийн байдлаар Шадар сайдын ажлын албад, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон төрийн захиргааны төв байгууллагад давхардсан тоогоор 1711 заалтыг авч үзэхэд 46 хувь буюу 780 нь хэрэгжсэн, 40 хувь нь буюу 676 нь хэрэгжээгүй, 15 хувь нь буюу 255 заалт хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй гэж дүгнэгдсэн аж. Цахим системд бүртгэгдэж, хяналтад орсон хууль, бусад шийдвэрийн холбогдох заалтын хэрэгжилт дунджаар 60.4 хувь байна. Хамгийн бага хувьтай нь Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хэмээн дүгнэгдсэн байна. Хуулийн хэрэгжилт, тайлан тооны эхний хагас жилийн байдлаар Шадар сайдын ажлын алба, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх асуудлын хүрээний далан хуулийн 389 заалтын хэрэгжилтийг авч үзэхэд дунджаар 42.8 хувьтай хэрэгжүүлсэн байна. Үүнээс онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайдын ажлын алба, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалахын яам хамгийн өндөр буюу 78.6-100 хувь, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь хамгийн бага буюу 7.7-26.7 хувьтай байна.


Хуулийн хэрэгжилтийг Улсын Их Хурлын Байнгын хороо тус бүрээр авч үзэхэд дунджаар 42.8 хувьтай байна аа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний гурван хуулийн хэрэгжилт хамгийн өндөр буюу 80 хувь  байгаа бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны есөн хуулийн хэрэгжилт хамгийн бага буюу 20.6 хувь, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 12 хуулийн 27 заалтын хэрэгжилт 25.8 хувьтай гарчээ. байна Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн цахим системд хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны нийт 27 тогтоолын 236 заалт давхардсан бүртгэлтэй байгаагаас гадна 42.4 хувь  буюу 100 нь хэрэгжсэн, 42.8 хувь  буюу 101 нь хэрэгжээгүй, 14.8 хувь  буюу 35 нь хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй гэж тус тус дүгнэгджээ.

Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилт 49.8 хувь  байгааг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд танилцуулса. Мөн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 12 хуулийн 32 заалтыг төрийн захиргааны төв 7 байгууллага тайлагнасан бөгөөд хэрэгжилт дунджаар 25.8 хувьтайүүнээс 25 хувь буюу 8 заалт хэрэгжсэн, 71.9 хувь  буюу 23 заалт хэрэгжээгүй, 3.1 хувь  буюу нэг заалтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй гэж тус тус дүгнэгдсэн буюу Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хуулийн хэрэгжилт хангалтгүй хэмээн дүгнэгдсэн байна.


Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт тайлант тооны эхний хагас жилийн байдлаар Улсын Их Хурлын дангаар гаргасан 78 шийдвэрийн тоогоор 670 заалтын хэрэгжилт, Шадар сайдын ажлын алба болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар төрийн захиргааны төв байгууллагын 16 байгууллага дунд 55.1 хувьтай байгаа гэв. Үүнээс 43.4 хувь  буюу 291 заалт хэрэгжсэн, 40.4 хувь  буюу 271 заалт хэрэгжээгүй, 16.3 хувь  буюу 109 заалтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй гэж дүгнэсэн аж. Дээрх Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг Байнгын хороо тус бүрээр авч үзэхэд хэрэгжилт дунджаар 55.2 хувьтай гарчээ. Үүнээс нийт заалтын 45.2 буюу 337 нь хэрэгжсэн, 36.9 хувь  буюу 275 нь хэрэгжээгүй, 17.9 хувь  буюу 134 нь хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй гэж тус тус дүгнэгджээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хамтран таван шийдвэр гаргасан байх бөгөөд хэрэгжилт дунджаар 92 хувьтай гарсан аж. Харин Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт 56.2 хувь байгааг Н.Учрал сайд танилцуулсан. Хууль зүйн байнгын хорооны тогтоолыг төрийн захиргааны төв байгууллагаар нь авч үзэхэд 12 шийдвэрийн давхардсан тоогоор 179 заалтыг Шадар сайдын ажлын алба болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, төрийн захиргааны төв байгууллагын 16 байгууллага дунджаар 55.5 хувьтайхэрэгжүүлсэн. Үүнээс 45.3 хувь буюу 819 заалт нь хэрэгжсэн, 36.3 хувь  буюу 65 заалт нь хэрэгжээгүй, 18.4 хувь буюу 33 заалтыг хэрэгжүүлэх хугацаа нь болоогүй гэж дүгнэгдсэн.


Улсын Их Хурлын Тамгын газрын хэрэгжилтүүдийг бусад Байнгын хороодтой харьцуулан дүгнэсэн. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолын хэрэгжилт тайлан тооны эхний хагас жилийн байдлаар Улсын Их Хурлын долоо, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд дангаараа 66 тогтоол, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод хамтран нэг тогтоол гаргасан байна. Эдгээр 67 тогтоолын 270 заалтын хэрэгжилтийг Байнгын хороо тус бүрээр авч үзэхэд хоёр Байнгын хорооны хамтарсан тогтоол бүрэн хэрэгжсэнБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 10 шийдвэрийн 45 заалтын хэрэгжилт 76.9 хувь буюу хамгийн өндөр, Төрийн байгуулалтын байнгын хорооны нэг шийдвэрийн 10 заалт хамгийн бага буюу Улсын Их Хурлын Байнгын хорооны нийт хэрэгжилтээс доогуур 34 хувьтай байгаа гэлээ. Хууль зүйн байнгын хороо нь 45.8 хувь буюу дунджаас доогуур хэрэгжилттэй. Улсын Их Хурлын Байнгын хорооны 67 тогтоолын давхардсан тоогоор 544 заалтыг Шадар сайдын ажлын алба болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, төрийн захиргааны төв 16 байгууллага дунджаар 60.3 хувьтай хэрэгжүүлсэн аж. Үүнээс 48.5 хувь  буюу 264 заалт хэрэгжсэн, 37.7 хувь нь 205 заалт хэрэгжээгүй, 75 заалт хэрэгжүүлэх хугацаа болоогүй хэмээлээ.

Тайлант оны эхний хагас жилийн байдлаар Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гаргасан 11 тогтоолын 25 заалтын хэрэгжилт дунджаар 45.8 хувьтай байгаагаас 44 хувь буюу 11 заалт хэрэгжсэн, 52 хувь буюу 13 заалт хэрэгжээгүй, 4 хувь  буюу нэг заалтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй байгаа юм байна.


Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим системд бүртгэлтэй хууль, тогтоол, Байнгын хорооны тогтоол шийдвэрийн хэрэгжилт 46 хувьтайгаас Монгол Улсын 79 хуулийн 263 заалтын хэрэгжилт 36 хувьтай, Улсын Их Хурлын 90 тогтоолын 491 заалтын хэрэгжилт 48 хувьтай, Улсын Их Хурлын Байнгын хорооны 69 тогтоолын 290 заалтын хэрэгжилт 53 хувьтай тус тус дүгнэгджээ. Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим системд Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол болон Байнгын хорооны нийт 27 шийдвэрийн 236 заалт бүртгэлтэй байгаагаас 42.4 хувь буюу 100 нь хэрэгжсэн, 42.8 хувь буюу 101 нь хэрэгжээгүй, 14.8 хувь буюу 35 нь хэрэгжилтийн хугацаа болоогүй хэмээсэн. Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилт 49.8 хувьтай гэж дүгнэгдсэн байна. Тайлант оны эхний хагас жилийн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг мөн оны өмнөх үетэй харьцуулахад 14.2 хувиар буурсан нь 2025 онд үнэлгээний аргачлал шинэчлэгдэж, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журамд заасан аргачлалаар хэрэгжих шатад 70 хувь, хэрэгжилт хангалтгүй 30 хувь  гэсэн ангилалд хамаарах заалтууд 2025 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлэх дүгнэх журмын 3.7-д заасан хяналт шинжилгээний үнэлгээний аргачлалаар хэрэгжээгүй ангилалд хамаардаг болсонтой холбоотой болохыг дахин тодотгов. Мөн хэрэгжээгүй зарим хуулийн заалтыг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх боломжгүй байгаа бөгөөд захиргааны акт батлах үе шат болох хэрэгцээ шаардлагыг урьдчилан судлах, төслийг боловсруулан үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо хийх, холбогдох байгууллагуудаас санал авах, хэлэлцүүлэг хийх, бүрдүүлбэрийг хангах, батлах, эрх бүхий этгээдэд өргөн мэдүүлэх зэрэг ажлууд хийгдэж байгаатай холбоотой хэмээн үзэж байна.


Дээрх тайлангаас улбаалан Улсын Их Хурлын Тамгын газарт гурван асуудлыг уламжилж буйгаа Н.Учрал сайд төгсгөлд нь танилцуулсан. Засгийн газарт үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хариуцан тайлагнах байгууллагыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тогтоож, цахим системд бүртгэж, тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байх шаардлагатай гэв. Улсын хэмжээнд хяналтад орсон шийдвэрийн нэгдсэн бүртгэл хөтлөх Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний new.unelgee.gov.mn систем, Улсын Их Хурлын Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний систем хоорондын интеграц хийх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах нь зүйтэй хэмээсэн. Мөн Засгийн газар болон Улсын Их Хурлын Тамгын газрын цахим системд байгаа Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолд кодификац хийж, бүрэн хэрэгжсэн, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан, шийдвэрт заасан хугацаа дууссан заалтуудыг хяналтаас хасах асуудлыг шийдвэрлэж холбогдох байгууллагуудад хүргүүлэх саналыг уламжилсан.


Н.Учрал сайдын танилцуулсан тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Д.Пүрэвдаваа, Д.Ганбат, П.Сайнзориг нар хэрэгжилтийн дундаж хувь бага байгааг тэмдэглээд, хэрэгжилт хангагдахгүй байгаа Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолуудын хэрэгжилтийг хэрхэн хангуулах арга хэмжээний талаар, энэ хүрээнд холбогдох албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон талаар тодруулж, хариулт авсан юм. Түүнчлэн дээрх тайлангийн төгсгөл дэх Улсын Их Хурлын Тамгын газарт уламжилж буй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой талаар гишүүд байр сууриа илэрхийлж, холбогдох тайлбарыг хэлж байв. Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцээд, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал холбогдох танилцуулгыг хийв.


Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулж, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Ирэх оны төсвийн төслийг “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулжээ. Үргэлжлүүлэн тэрбээр төсвийн төсөлд туссан тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах онцлох арга хэмжээг дурдсан.

Нэгдүгээрт, төсвийн урсгал зардлын хувьд:

Удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулахаар;

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр батлагдаж Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны дагнасан шүүхийг шинээр байгуулахаар заасантай холбогдуулан 2026 оны төсвийн төсөлд үйл ажиллагааг хагас жилээс эхлэн  хэрэгжүүлэхээр тооцон холбогдох орон тоо, 9.5 тэрбум төгрөгийн зардлыг санхүүжүүлэхээр;

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46.1-т Эрүүгийн хуульд заасны дагуу оногдуулсан торгох ял, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 40 хувиас доошгүй хувийг дараагийн жил төсөвт тусгаж, санхүүжүүлэхээр заасан. Судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, техник технологийн орчин үеийн ололтод үндэслэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг үр өгөөжтэйгөөр зарцуулсны үр дүнд нийгмийн хэв журам сайжирч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улмаар гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ буурах, иргэдийн амар тайван амьдрах орчин бүрдэх ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар төсөвт төвлөрөх торгуулийн орлогын 40 хувийг 2026 оны төсвийн төслийн орон нутгийн суурь зарлагад өмнөх оноос 44.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 59.8 тэрбум төгрөгт хүргэхээр;

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-аас 2027–2029 онд хийх Харилцан үнэлгээнд бэлтгэх хүрээнд Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хэрэгжилт, үр дүнтэй байдлыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үр дүнг нэмэгдүүлэх, шинэ технологийн хэрэглээнээс үүдэх эрсдэлийг бууруулах бодлого боловсруулах, олон улсын туршлага, техник хэрэгсэл, программ хангамжийг судлан нэвтрүүлэх, гэмт хэрэг илрүүлэх арга барилыг шинэ түвшинд хүргэх зэрэг ажлууд багтаж байна. Мөн Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг болон ФАТФ-ын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор тусгай чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг тус тус 2026 оны улсын төсвийн төсөлд тусгажээ.

Хоёрдугаарт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөсөн. “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1,712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна.


Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2 их наяд 181.9 тэрбум төгрөг нь үргэлжлэн хэрэгжих бол, 33 хувь буюу 1 их наяд 85.5 тэрбум төгрөг нь шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт байна. Энэ нь 2022-2023 онд батлагдсан төслийн тоотой харьцуулахад 2 дахин буурсан үзүүлэлт бөгөөд төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, шалгуур үзүүлэлтийн чанар сайжирч байгааг илтгэж байгаа хэмээсэн.

Түүнчлэн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтад хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэндийн салбарт, бүсчилсэн хөгжил болон хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд эрчим хүч, суурь дэд бүтцийн салбарт, гамшгийн эрсдэлийг бууруулж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байдлын салбарт, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах үүднээс батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбарт шинэ хөрөнгө оруулалтыг түлхүү төлөвлөсөн байна.


Тухайлбал тус Байнгын хороонд хамаарах салбар буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад 93.1 тэрбум төгрөг, Авлигатай тэмцэх газрын даргын багцад 1.7 тэрбум төгрөг, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн багцад 3.4 тэрбум төгрөг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 60.5 тэрбум төгрөг, Улсын Ерөнхий Прокурорын 24.2 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан болохыг Н.Учрал сайд танилцуулсан. Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд НҮБ-ын СОР-17 хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилт болон гадаад зээл, тусламжийн төслүүдийн Монголын талын хариуцах хөрөнгийг төсөвт тусгасан гэв.


Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Одонтуяа, Д.Ганбат, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Д.Цогтбаатар нар асуулт асууж, Н.Учрал сайд болон ажлын хэсгээс хариулт авч, төсвийн төслүүдтэй холбогдуулан санал хэлсэн.

Хууль зүйн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд харьяалах байгууллагууд болох Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн төсвийн төслийг хэлэлцээд холбогдох шийдвэрээ Сангийн яаманд хүргүүлсэн хэдий ч Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Байнгын хорооны шийдвэрийг хэрэгжүүлээгүй байгааг хэрхэх талаар, төсвийн төслийг хэлэлцэж буй хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилоогүй байгааг анхааруулсан.


Хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсвийг 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх зорилгоор нийт төсвийн ерөнхийлөн захирагчдын багцаас 10 хувиар танах саналуудыг гишүүд хэлж байсан. Үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээ шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл