Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.23)-ийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав. Өнгөрөгч есдүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийг “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулсан гэдгийг тэрбээр онцолж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай байхаар төлөвлөгдсөнийг танилцуулсан юм. Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2 их наяд 181.9 тэрбум төгрөгийг үргэлжлэн хэрэгжих төсөл, арга хэмжээнд, 33 хувь буюу 1 их наяд 85.5 тэрбум төгрөгийг шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээнд зарцуулна гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга дурдаж, төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, үнэлж, эрэмбэлсэн болон шалгуур үзүүлэлтийг сайжруулснаар нийт тоо хэмжээг хоёр дахин бууруулаад байгааг илтгэв.
Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, С.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэлэв. Олон нийтийн дунд түгсэн мэдээллээр 830 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр дутагдаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл дурдаж, үүнийг төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг танах замаар гаргах уу, хөрөнгө оруулалтыг бууруулах аргаар гаргах уу гэсэн асуулт тавьсан юм. Үүнд сайд С.Бямбацогт хариулахдаа, Засгийн газрын гишүүд эмч, багш нар, ахмадын төлөөлөлтэй уулзаж тодорхой тохиролцоонд хүрч байгааг мэдээлж, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын аль алинаас нь хасах, Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь гэсэн хязгаарыг өөрчлөх, мөн Тавантолгойн бүлэг ордын ашиглалтыг эрчимжүүлж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон хувилбарыг ярилцаж буйг дэмжиж шийдвэрлэхийг Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ.
Мөн Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын асуусан эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх болон инфляцын түвшин ямар байх тухай асуултад ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс багш нарын цалинг 20 хувь, долдугаар сарын 01-нээс 10 хувь нэмэгдүүлэхээр, мөн инфляцын түвшинг өнөөгийн бодит хэмжээ буюу 8.0 хувиар тооцсон тухай мэдээлсэн юм.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа болон Г.Лувсанжамц нарын 15 гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй нийт 52 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтыг зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.