Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.24) хуралдаан 53.1 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал төсвийн төслийн талаар танилцууллаа.

Ирэх 2026 оны төсвийн төслийг “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулжээ. Төсвийн төсөлд туссан тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах онцлох арга хэмжээг танилцуулсан.

Удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулахаар тусгажээ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах болсонтой холбогдуулан хурлын бэлтгэл ажлыг хангах, улс орноо сурталчлан таниулах, мэдээлэл түгээх, дамжуулах, соёл урлагийн арга хэмжээ зохиох, олон улсын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг санхүүжүүлэх юм байна.

Геологийн салбарыг уул уурхайн салбараас түрүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдсэн удирдлагаар хангах, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтыг татах тааламжтай орчныг бүрдүүлэх, геологи, эрдэс баялгийн судалгааны ажлыг дэвшилтэт техник, технологиор гүйцэтгэх, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг 2025 онтой харьцуулахад 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.


Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгоор 2023-2028 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулж тус салбарын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Тогтоолын хүрээнд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулж 6 хувийн хүүтэй, 6 хүртэлх жилийн хугацаатай нийт 267.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2026 онд олгохоор тооцоолж, зээлийн хүүгийн дэмжлэгт зориулж 23.1 тэрбум төгрөгийг төрөөс хариуцан төлөхөөр төсвийн төсөлд тусгасныг Н.Учрал сайд танилцууллаа.


Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт уламжлалт мал аж ахуй болон эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлээр төрөлжиж, дотоодын хэрэгцээгээ Монголын хөрсөнд ургасан эрүүл хүнсээр бүрэн хангахаар тусгагдсан. Энэ хүрээнд "Эрүүл хүнс үйлдвэрлэгч, экспортлогч бүс" болох зорилтыг дэвшүүлж “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Шинэ хоршоо-чинээлэг малчин”, “Цагаан алт”, “Атар-4” үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээлийг олгож, төрөөс зээлийн хүүгийн дэмжлэг олгох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсвийн төсөлд тусгасан гэв.

Цахим шилжилтийн дунд хугацааны төлөвлөлтийн хүрээнд төрийн “Их өгөгдөл”-д суурилан зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх, салбар дундын цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг тус тус төсвийн төсөлд тусгасан байна.

Хоёрдугаарт, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөсөн. “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1,712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан хэмээлээ.

Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2 их наяд 181.9 тэрбум төгрөг нь үргэлжлэн хэрэгжих бол, 33 хувь буюу 1 их наяд 85.5 тэрбум төгрөг нь шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт байна. Энэ нь 2022-2023 онд батлагдсан төслийн тоотой харьцуулахад 2 дахин буурсан үзүүлэлт бөгөөд төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, шалгуур үзүүлэлтийн чанар сайжирч байгааг илтгэж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд танилцуулсан.


Түүнчлэн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтад хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэндийн салбарт, бүсчилсэн хөгжил болон хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд эрчим хүч, суурь дэд бүтцийн салбарт, гамшгийн эрсдэлийг бууруулж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байдлын салбарт, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах үүднээс батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбарт шинэ хөрөнгө оруулалтыг түлхүү төлөвлөсөн байна. Тухайлбал, тус Байнгын хороонд хамаарах салбар буюу Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багцад 112.9 тэрбум төгрөг, Сангийн сайдын багцад 151.7 тэрбум төгрөг, Зам, тээврийн сайдын багцад 902.8 тэрбум төгрөг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад 169.4 тэрбум төгрөг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцад 220.7 тэрбум төгрөг, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцад 26.3  тэрбум төгрөг, Эрчим хүчний сайдын багцад 322.4 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан аж.

Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд НҮБ-ын СОР-17 хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилт болон гадаад зээл, тусламжийн төслүүдийн Монголын талын хариуцах хөрөнгийг төсөвт тусгасан байна.


Үргэлжлүүлэн Н.Учрал сайд Засгийн газрын өрийн талаар танилцуулгадаа дурдав. Улсын Их Хурлаас 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн зорилт, арга хэмжээг мөрдөн ажиллах бөгөөд 2026 онд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн ээлжид хэрэгжүүлэх, 1 тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргах, аймаг, нийслэлийн үнэт цаасыг зохистой хэмжээнд арилжаалах, дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжиж, суурь хүүг тогтоох зорилгоор 562 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргах,  дахин санхүүжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.доллар хүртэл гадаад үнэт цаас арилжаалахаар төсвийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн, 2026 онд Засгийн газрын өрийн үйлчилгээнд 3.9 их наяд төгрөг төлөхөөр байгаагаас үндсэн төлбөрт 2.6 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 1.3 их наяд төгрөгийг төлөхөөр байна. Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 2025 онд 44.5 хувь, 2026 онд 43.7 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлага болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд туссан хязгаарыг хангахаар байгаа аж.

Үндэсний баялгийн сангийн хувьд: “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 4.6-д заасан зорилтыг хангах хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрөөд байна.

Газрын хэвлий дэх байгалийн баялгийг ирээдүй хойч үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх зорилгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Ирээдүйн өв санд хуримтлал бүрдүүлж ирсэн бөгөөд анх удаа хөрөнгө оруулалтын өгөөжөөр тус сангийн хөрөнгийг арвижуулсан болохыг тэмдэглэв. Тухайлбал, Ирээдүйн өв санд нийт 1 тэрбум 323.3 сая ам.долларын хөрөнгө төвлөрч, уг хөрөнгийг гадаад улсын төв банкнуудад байршуулснаар өнөөдрийн байдлаар 26.8 сая ам.доллар буюу 96.3 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг санд төвлөрүүлсэн байна. Түүнчлэн, хууль хэрэгжсэнээс хойш хугацаанд Хуримтлалын сангийн дансанд 754.4 тэрбум төгрөг төвлөрч, иргэн бүхэн И-Монгол системээр дамжуулан өөрийн хуримтлалыг, бүрдүүлж буй эх үүсвэрийн хамт харах тогтолцоо бүрдээд байгааг танилцууллаа. Ингэснээр, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын хуримтлал 5,509.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа бол ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос 2 их наяд 186.9 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, уул уурхайн салбарын төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн 34 хүртэлх хувьд ногдох ногдол ашгийн орлогоос 372.9 тэрбум төгрөгийн орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн төсөлд тусгасан байна. Ирэх онд тус сангуудын хөрөнгийг өсгөж арвижуулах бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ингэснээр Ирээдүйн өв сангийн хөрөнгийг 240.3 тэрбум төгрөг, Хуримтлалын сангийн хөрөнгийг 156.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоор тус тус өсгөж арвижуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Ш.Бямбасүрэн, Б.Уянга, О.Батнайрамдал, М.Мандхай, П.Ганзориг, М.Бадамсүрэн, С.Эрдэнэбат, Ц.Баатархүү, Р.Сэддорж нар нар асуулт асууж, Н.Учрал сайд болон ажлын хэсгээс хариулт авч, төсвийн төслүүдтэй холбогдуулан санал хэлсэн. Тодруулбал, Үндэсний статистикийн хороо, Эрчим хүчний яам, Эдийн засаг, хөгжлийн яамнаас төсвийн төсөл дэх судалгааны зардлын талаар, төсвөөс олгож буй татаасын үр нөлөөний талаар, НҮБ-ын СОР-17 хурлын санхүүжилтийн талаар, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжийн талаар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан.


Үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээ тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл