Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газар, Скаутын холбоотой хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн тав дахь ээлжийн хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2025.10.25) боллоо.
“Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2025″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 354 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 сурагч шалгарчээ. Шалгаруулалтыг “Сургуулийн орчин дахь ундны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж” сэдэвт видео зохиомж, “Үе тэнгийн нөлөөлөл ба бидний оролцоо” сэдэвт эсээ бичлэгээр явуулсан байна.
Тус хөтөлбөрийн зохицуулагч С.Бадмаараг хөтөлбөрийг нээн хэлсэн үгэндээ төгсөгчид маань эхнээсээ оюутан болж, гадаад дотоодын их дээд сургуулиудад амжилттай суралцаж, хүнлэг энэрэнгүй, хариуцлагатай иргэн, чадварлаг мэргэжилтэн, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин, манлайлагч түүчээлэгч залуус болж байгааг харахад сайхан байна. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан өсвөр үеийнхэн, залуусын дуу хоолойг хууль тогтоогчдод хүргэх, тэдний нийгмийн оролцоог дээшлүүлэх, хүүхдүүд харилцан суралцах, нөхөрсөг ойлголцол үүсгэх, гэр бүл, найз нөхөд, сургууль, амьдран буй орчиндоо эерэгээр нөлөөлөх боломж нөхцлийг бий болгодог онцлогтой юм. Мөн өсвөр үеийнхэнд парламентын боловсрол олгох, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх мэдлэг түгээх, манлайлагч, нээлттэй сэтгэлгээтэй, иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарладаг иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтойг онцлов.
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Энхбаатар хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 500 гаруй өсвөр үеийнхэн хамрагдсан бөгөөд хүүхдүүдийн багаар ажиллах чадвар, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг хувь хүний хөгжлийн чадваруудаа дээшлүүлж, нөлөөллийн ажлын дадлага туршлагатай болж байна гэлээ. Мөн жил бүр өөр сэдвийн хүрээнд цахим хичээл, нөлөөллийн ажил, танилцах аялал, төрөл бүрийн сургалт, уулзалт хэлэлцүүлэг өрнүүлдгийг дурдав.
Энэ жилийн хувьд Усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлыг тогтвортой шийдэхэд хууль эрх зүй, орон нутгийн зохицуулалт, дүрэм журамтай холбоотой тодорхой саналуудыг тодорхойлон, олон нийтийн дунд энэ мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд өсвөр үеийнхний оролцоо дуу хоолойг хүргэхэд хөтөлбөрийн гол зорилго чиглэж байгааг зохион байгуулагчид онцолж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English