Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Н.Алтаншагай, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, О.Саранчулуун нар өнөөдөр (2025.10.27) ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дэд дарга, ноён Тобиас Винклертэй уулзлаа.
Монгол Улсад ардчилал, хүний эрх, парламентат ёсыг бэхжүүлэхэд ХБНГУ ихээхэн тус болсныг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай уулзалтын эхэнд онцолж, Европ дахь Монгол Улсын анхны гуравдагч хөрш гэж болох тус улсын парламент болон Улсын Их Хурлын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирснийг дурдав. Бундестагийн Өргөдлийн байнгын хороо 1940-өөд оноос идэвхтэй ажиллаж байгаа хамгийн чухал Байнгын хороодын нэг тул Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд сар гаруйн өмнө зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан тухай тэрбээр танилцуулав.
Тус айлчлалын бүрэлдэхүүнд ажилласан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Бундестагийн Өргөдлийн байнгын хороо ихээхэн үр нөлөөтэй ажиллаж байсныг ярьж, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болж Улсын Их Хуралд сонгогдсон гишүүний хувьд суралцах зүйл их байсныг тэмдэглэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ХБНГУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог хэрхэн дэмжиж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд яаж хүргэж ажилладгийг сонирхон судалж байснаа сонирхуулж, энэ талаар цаашид туршлага солилцож, хамтран ажиллахад баяртай байх болно гэв.
Ноён Тобиас Винклер Герман-Төв Азийн парламентын бүлгийн талаар товч танилцуулж, бүлгийн эрхлэх асуудалд нийт зургаан улс хамаардаг бөгөөд Монгол Улс онцгой байр эзэлж буйг илэрхийлэв. Тэрбээр Улсын Их Хурлын шинэчлэлт, өөрчлөлтийн талаар сонирхон асууж, 126 гишүүнтэй болж өргөжсөнөөр нийгэм, хүн амын бүхий л бүлэг, хэсгийн төлөөлөл, мөн залуу гишүүд сонгогдон ажиллаж байгааг олзуурхаж байгаагаа дурдан, парламентын төлөөллийн чадавхыг хангах Бундестагийн сонгуулийн туршлага, энэ талаарх тус улсын хууль, эрх зүйн зохицуулалтын тухай товч танилцууллаа.
Монгол-Германы парламентын бүлгийн дарга Н.Алтаншагай Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гөркэд тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьснаа дахин нотолж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлнэ гэдэгт илтгэлтэй байна гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Мон
English