Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа


Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.10.28/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид бараалхав.


Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянакт хандан ахин манай улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд хоёр улс эртний гүн харилцаатай, арвин баялаг түүхтэй төдийгүй хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн нь парламент хоорондын харилцааг улам бүр идэвхжүүлж байна гэлээ. Өнгөрсөн нэгдүгээр сард хоёр улс болон Засгийн газар, байгууллага хооронд хамтын ажиллагааны хүрээнд нийт 11 баримт бичиг үзэглэснийг Их Хурлын дэд дарга тэмдэглэв.


Мөн тэрбээр, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэлд хандан хоёр орны харилцааны хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ бүрд өндөр ач холбогдол өгч, идэвхийлэн оролцдогт талархаж байгаагаа илэрхийллээ.


Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак хоёр орны түүхэн харилцааг улам бүр өргөжүүлэн батжуулахад парламентын бүлгүүдийн үүрэг өндөр гэдгийг онцлов. Хойч үедээ энэхүү хамтын ажиллагааг үлдээх нь чухал хэмээгээд дэлхий дахинд улс орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай байхад анхаарах нь зүйтэйг тодотголоо. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа боловсрол, эрүүл мэнд, эдийн засгаар хязгаарлалгүй батлан хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Энэхүү уулзалтаар талууд парламентын бүлгүүдийн хамтын ажиллагаа нь хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж, цаашид бодит үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.




 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл