Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.11.04)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдын Эрүүл мэндийн сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд монгол хүн Үндсэн хуулиар баталгаажуулсан амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, мөн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхээ бүрэн баталгаатай эдэлж чадахгүй байна гэж үзэн, энэ талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны тухай асуужээ. Мөн тэрбээр салбарын эрх зүйн шинэчлэл, төсөв санхүүжилт, хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, орчны бохирдол, нийгмийн эрүүл мэндтэй холбоотойгоор салбар дундын зохицуулалт, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар асуулгадаа дурдсан байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогод 2030 он хүртэлх хугацаанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоотой болох, хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулах, цахим үйлчилгээг өргөжүүлэн үндэсний эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдүүлэх, алсын зайн үндэсний сүлжээ бий болгох, эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог сайжруулах зорилтыг тавьсан. Тус салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнээр тусламж, үйлчилгээний хүртээмж сайжран, даатгуулагчдын санхүүгийн эрсдэл буурсныг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэв. Улсын төсөв болон Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас 2020 онд нийт 18.3 сая тохиолдлын тусламж, үйлчилгээг үзүүлж байсан бол гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэний үр дүнд 2024 он гэхэд энэ дүн 43.7 хувиар нэмэгдэж, 26.3 сая тохиолдолд үзүүлсэн тусламж, үйлчилгээг ЭМДС-гаас санхүүжүүлжээ. Мөн тусламж, үйлчилгээний зардлыг жилд 2.0 сая төгрөгөөр хязгаарлаж байсныг халж, 2024 онд ЭМДС-гийн санхүүжилтээр нэг хүн дээд тал нь 203 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Даатгалаас үзүүлэх эмийн үнийн хөнгөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр энэ зардал сүүлийн таван жилд 3.3 дахин өсжээ. Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн өвчтөний зардалд дэмжлэг үзүүлэхэд Эрүүл мэндийг дэмжих сан (ЭМДэмС)-гийн хөрөнгийн тодорхой хувийг зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, 5.0 хувийг буцаан олгодог байсныг хүүхдэд 50 хүртэл, насанд хүрэгчдэд 20 хүртэл хувийг нэмэгдүүлжээ. Гэвч гүйцэтгэлээр санхүүжүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудад болон ЭМДС-гийн өр төлбөр жил тутам өсөн нэмэгдэж байгаа нь тус салбарт санхүүгийн удирдлага, сахилга бат сул байгааг харуулж байна гэж сайд тэмдэглэсэн юм. Иймд төсвийн сахилга батыг сайжруулах, төрийн өмчийн эмнэлгүүдийн орон тоо үр ашгийн зардлыг бууруулахад нэн түрүүнд анхаарч байгаагаа тэрбээр танилцуулав. Цаашид эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, ЭМДС-гаас зөвхөн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг бүрэн хариуцаж, шаардлагагүйг хумих, урьдчилан сэргийлэх боломжтой зарим өвчлөлийн иргэний төлөх төлбөрийн хэмжээг зохистой түвшинд тогтоох зэргээр санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг тодорхойлоод ажиллаж байгаа ажээ.
Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ, төрөөс эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ үр дүнгээ өгч 20 жилийн өмнөхтэй харьцуулахад монгол хүн 6.5 жилээр урт насалж, эхийн эндэгдлийн түвшин дөрөв дахин, хүүхдийн эндэгдэл хоёр дахин буурч, дэлхийн дунджаас доогуур түвшинд очсон гэдгийг онцлов. Мөн халдварт бус өвчний шинэ тохиолдол нэмэгдэж байгаа ч нас баралт, тухайлбал, зүрх судасны өвчний шалтгаант нас баралт 38 хувиар буурсан нь эрт илрүүлэлт, хяналт сайжирсны үр дүн гэлээ. Харин сүрьеэгийн өвчлөл өндөр хэвээр байна гээд тэрбээр хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, оношлолт оройтсоор байгааг дурдсан юм. Халдварт бус өвчин, осол, гэмтэл жилээс жилд нэмэгдэж, өвчлөл болон нас баралт тэргүүлэх шалтгаан болж буйг өгүүлж, цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хандлагыг өөрчилж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгож буйг танилцуулав.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат гүйцэтгэлийн санхүүжилт манай улсын нөхцөлд тохирох эсэх, мөн хүний нөөцийн хомсдолыг хэрхэн шийдвэрлэх, ирэх оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх дээр нэмж дотоод нөөц боломжоороо өсгөх бололцоотой эсэх, мөн хүүхэд, ахмад настан зэрэг зорилтот даатгуулагчдынхаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр бүрэн хариуцаж чадаж байгаа эсэх болон эмнэлгүүдийн санхүүгийн удирдлага менежмент ямар байгааг асуусан бол Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хүн өвдөх юм бол санхүүжилтээ авдаг, хуурамч бичилт хийдэг буруу жишиг бий болж гажсан тул нэг худалдан авагчийн тогтолцоо хэвийн үргэлжлэх боломжгүй гэсэн шүүмжлэл хэлсэн юм. Эрүүл мэндийн үйлчилгээг санхүүжүүлэх ёстой даатгалын санд эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлс, урамшууллыг үүрүүлж байгаа нь буруу гэж тэрбээр онцлоод, асуудал хаана байгааг зоригтой дуугарахыг сайдад зөвлөв.
Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар өмнө ажиллаж байсан Эрүүл мэндийн сайдтай байр суурь зөрчилддөг, байнга шүүмжилдэг байсныг нь сануулж, ажил авснаасаа хойш ямар бодлогын өөрчлөлт хийсэн, түүнээс ямар үр дүн гарсан болон хүлээж байгааг бодитой, хэмжих нэгж, үзүүлэлттэйгээр хэлж өгөхийг хүссэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл сайдын мэдээлэлд багагүй ололт, амжилт байгааг сайшааж, эрүүл мэндийн даатгалын шинэчлэлтийг хэрхэн төлөвлөж байгаа болон эмийн чанарыг сайжруулах талаар ямар арга хэмжээ авч буйг асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг эрт илрүүлэг, үзлэгийн үр дүн, хамарсан хүрээ, төсөв зардлын талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир гүйцэтгэлийн санхүүжилтийн нэг зорилго нь хувь хүний төлөх төлбөрийг бууруулах явдал гэдгийг сануулж, энэ хувь хэмжээ хангалттай буурч байгаа, эсэх болон иргэдийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх байдал ямар түвшинд байгааг, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун гадаадад эмчлүүлэгчдэд олгох буцаан олголтыг нэмэгдүүлэхдээ хамруулах өвчлөлийн төрөл, оношийг нэмсэн эсэх, мөн эмчилгээний жагсаалтыг баяжуулсан эсэх болон өвчтөнүүдийг гадаадын эмнэлгүүдтэй холбож өгөх үйлчилгээ үзүүлж буй, эсэх, түүнчлэн өөрийн буруугаас өвчилж байгаа хүмүүсийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг даатгалын сан хариуцах нь зөв, эсэхийг асууж, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог стратегийн худалдан авалт гэж нэрлээд, даатгалын сан дампуурсан, эмнэлгүүд өрийн сүлжээнд орж, өвчтөнүүдээ авч чадахаа байсан, эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлс хангалтгүй, үүнээс болж иргэдэд квот тогтоож эрсдэл үүсгэсэн байдалтай байна гэлээ. Тэрбээр стратегийн худалдан авалтын эцсийн зорилго юу болох, хэрэгжилтэд нь дүн шинжилгээ хийсэн эсэх, энэхүү санхүүжилтийн модель манай улсад тохирч буй эсэхийг асууж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх хангалтгүй байна гэдэгтэй санал нийлж байгаа эсэхийг лавласан юм. Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд иргэний эрүүл мэнд бол ганцхан эрүүл мэндийн салбарын эрхлэх асуудал биш гэдгийг онцолж, хүн төвтэй стратегийг хэрэгжүүлэхэд тус салбарын хатуу болон зөөлөн дэд бүтцийн нөөц боломж хүрэлцэх эсэхийг асууж, дутагдалтай бол тэдгээрийг бүрэн болгоход ямар хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдахыг тодруулав.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн эмчилгээ, үйлчилгээндээ хувь хүнээс төлж буй төлбөрийн хэмжээ хэр буурч буйг, салбарын хэмжээнд жилд 26.3 сая тусламж, үйлчилгээ үзүүлж буй нь Монгол Улсын нийт хүн амд толгой дараалан 7-8 удаа үйлчилсэнтэй тэнцэхүйц байгаад дүгнэлт хийсэн эсэхийг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен санхүүжилтийн тогтолцооны гажуудлыг хэрхэн засахыг асууж, даатгалын нэхэмжлэлийн шалгуурыг хурц, архаг, төлөвлөгөөт эмчилгээ гэсэн ангиллаар тогтоож буй нь амьдралгүй болохыг дурдан, 2017 онд батлагдсан эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, орон тоог шинэчлэх цаг болсныг санууллаа.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад өгсөн хариултдаа Эрүү мэндийн сайд Ж.Чинбүрэн КОВИД19 цар тахлын үед тус салбар асар их ачаалал үүрч, тэр хэрээр эмч, сувилагчдын тоо, цалин, санхүүжилт ч ихээхэн тэлснийг дурдаж, цалингийн доод хэмжээг сүүлийн таван жилийн хугацаанд 38-93 хувиар нэмсэн талаар танилцуулав. Анхан шатлалын, ялангуяа хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн ажилчдад олгох орон нутгийн нэмэгдлийн хувь хэмжээг өсгөж, суманд 40 хувь, аймаг, нийслэлийн алслагдсан дүүрэгт 20 хувийн нэмэгдэл олгож байна. Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилтээр эрүүл мэндийн байгууллагуудын орлого нэмэгдэж, цалин, урамшууллыг өсгөхөд зарцуулж буйг тэрбээр дурдав. Хэдийгээр сувилагчаар суралцах оюутны сургалтын төлбөрийг төрөөс 70-100 хувь дааж байгаа ч 10 000 хүнд ногдох сувилагчийн тоо эмчийн тооноос бага болоод байна. Ялангуяа нийслэлд сувилагчийн хүрэлцээ хангалтгүй болоод байгааг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцууллаа.
Мэдээлэл солилцооны Health-ESB системд эмнэлгүүдийг холбож, ХУР системээр иргэдэд үйлчлэх болсноор чирэгдэл ихээхэн багассан бөгөөд эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, лабораторийн шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр зэргийг бүрэн цахимжуулсан байна. Эдгээртэй холбоотой мэдээллийг E-Mongolia платформоор авах боломжийг бий болгожээ. Мөн дүрс оношилгооны мэдээллийг архивлах, дамжуулах систем (PACS)-д 21 аймгийн эмнэлгийг холбосноор энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 2 098 дүрс оношилгоонд дүгнэлт хийжээ. Зүрх судасны салбарт телемедицины (mnCardio) програмыг ашиглан сүүлийн таван жилийн хугацаанд давхардсан тоогоор 104,526 иргэнд эмчийн үзлэг, 1 188 удаагийн ЭХО үзлэг хийж, эмч нарын цахим зөвлөгөөнийг 964 удаа зохион байгуулсан байна. Эмийн бүртгэл, мэдээллийн системийг Гааль, татварын системтэй холбож, эмийн үнийг хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүх үе шатанд хянах, ил тод болгох ажлыг хийж байгаа ажээ.
ЭМДС-аас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж, хөнгөлөлтийн хувь хэмжээг нэр төрлөөс хамааран 50-70 хувьд хүргэн, тархины саажилт, хүүхдийн уналт таталтын эсрэг эмийн үнийг 100 хувь хөнгөлдөг болсон байна. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхэд даатгуулачг хувиасаа 6-28 сая төгрөг төлдөг байсныг 2023 оноос 1-5 сая төгрөг болгон 3-6 дахин бууруулж, бусад зардлыг төлж байгаа аж. Гепатитын D вирусын халдвартай өвчтөнүүдийг АНУ-ын Гилеад Сайэнсис Инк компанийн Булевиртид (Хепклудекс) эмийн эмчилгээнд хамруулж, энэ оны есдүгээр сарын байдлаар 178 өвчтөний эмчилгээнд 13.3 тэрбум төгрөг зарцуулсан дүнтэй байна.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд үг хэлэв. Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дөрвөн жилийн хугацаанд Монгол улсын хөгжлийг 11 хэмжих нэгжээр ахиулах зорилт дэвшүүлснийг болон хүний хөгжлийн индексийг хоёр оронтой тоо руу оруулахаар тусгасныг сануулж, өнөөдрийн байдлаар Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ 104 дүгээр байрт явааг анхааруулав. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороонд эмчилгээний зардал, хандив хүссэн захидал, хүсэлт маш их ирж буйг тэрбээр дурдаад, биднийг том том бодлого ярьж суухад иргэдийн амьдрал ихээхэн хүндэрч, ягтаа тулсан байгааг онцолж, энэ салбарын төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх, зарцуулалтыг шилэн тунгалаг байлгахад анхаарах шаардлагатай болсныг тэмдэглэв.
Үүний дараа Байнгын хорооны хуралдаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг танилцууллаа. Засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн цахим системд Монгол Улсын 79 хуулийн 263, Улсын Их Хурлын 90 тогтоолын 491 заалт, Байнгын хорооны 69 тогтоолын 290 заалт, нийт 238 шийдвэрийн 1044 заалт бүртгэлтэй байгааг дурдаж, 2025 оны эхний хагас жилийн байдлаар хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны шийдвэрийн хэрэгжилт дунджаар 46 хувьтай дүгнэгдсэнийг мэдээлсэн юм. Үүний дотор төрийн захиргааны төв байгууллагуудад шийдвэрийн хэрэгжилт 39-67 хувьтай байгаа бол орон нутгийн захиргааны байгууллагуудад 58-88 хувьтай байна.
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 21 хуулийн 94, Улсын Их Хурлын 11 тогтоолын 48, Байнгын хорооны 20 тогтоолын 83, нийт 52 шийдвэрийн 225 заалт дээрх системд бүртгэлтэй байгаагаас 44.0 хувь буюу 99 нь “хэрэгжсэн”, 49.3 хувь буюу 111 нь “хэрэгжээгүй”, 6.7 хувь буюу 15 нь “хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй” гэж дүгнэгдсэн, дунджаар 47.7 хувьтай байгааг Тэргүүн шадар сайд танилцуулж, захиргааны акт батлан хэрэгжүүлэх эрх олгосон хуулийн 47 заалт хэрэгжээгүй байгааг дурдав.
Хууль, тогтоолын биелэлтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, А.Ариунзаяа, Д.Рэгдэл, Д.Ганмаа, Ж.Галбадрах, М.Энхцэцэг нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд ЭМДС-гийн менежментийг сайжруулах болон Боловсролын зээлийн сан, ерөнхий боловсролын салбар, хоол үйлдвэрлэл, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдтэй холбоотой шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгаан, цаашид ямар арга хэмжээ авах, эрх мэдэл, албан тушаалын давуу байдлын тухай нэгдмэл ойлголт, мөн үүрэг, чиглэл өгсөн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг тооцож буй аргачлал, шалгуур үзүүлэлт зэрэг зарчмын асуудлуудыг хөндөж байв. Мөн Улсын Их Хурлаас гаргаж байгаа шийдвэрийн хэрэгжих, хэмжих боломжтой байдал, амьдралд нийцэх нийцэл, эрх зүйн болон Үндсэн хуулийн зарчим, хөгжлийн бодлоготой уялдаж байгаа эсэхийг сайтар нягталж, зөв шийдвэр гараж байх нь чухал болохыг онцолж, хүний хөгжлийн индекс, ядуурлын түвшин, орлогын тэгш бус байдлын үзүүлэлт, соёлын өв, цахим хөгжлийг дэмжихтэй холбоотой олон шийдвэрийг биелэлтийн талаар тодруулж нягталлаа. Хууль тогтоомжоор өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох, хэрэгжилтийг эрчимжүүлэх хяналт, мониторингийг сайжруулах, тайлан, мэдээлэлд дүн шинжилгээ хийх журам, үнэлгээ дүгнэлтийн аргачлалыг сайжруулах, Улсын Их Хурлын шийдвэр хэрэгжихгүй байгаагийн шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийх зэргийг мөнхүү сануулж, журам, дүрэм баталж мөрдүүлэх тухай заагаад орхичихдог “залхуу” хуулиудыг цэгцлэх шаардлагатайг анхааруулсан юм.
Байнгын хорооны дарга Б.Найдалаа хууль, тогтоомжоор өгсөн үүрэг, чиглэлийн биелэлт ердөө 36 хувьтай буюу гурван шийдвэр тутмын нэг нь л биелсэн байгаад онцгой анхаарал хандуулах болсон байна гээд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дараагийн хуралдаанаар тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг нарийвчлан судалж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Мон
English