Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр /2025.11.10/ ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Араи Рина, зөвлөх Кумико Нишимура нартай уулзаж асрахуйн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын эхэнд тэрбээр, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн талаар танилцуулав.
Түүнчлэн хуулийн төсөл боловсруулах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Япон Улсын сайн туршлагыг судлахаас гадна, зөвлөх үйлчилгээ авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Манай улсын хувьд асрахуйн үйлчилгээний хуулийн төсөл нь анхдагч болж буйг тэрбээр яриандаа онцолсон бөгөөд цаашид асрахуйн үйлчилгээ бүхий нөхөн сэргээх төв байгуулахаар ирэх оны төсөвт суулган ажиллаж байна гэв.
ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Араи Рина Ахмад настны тухай хуулийн онцлох зохицуулалтыг дурдаж, сайн хууль болсон хэмээгээд ажлын хэсгийн явц, асрах үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар тодруулав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа манай улсын хувьд асрах үйлчилгээний эрх зүйн орчин дутмаг байгаагаас хувийн хэвшлийн байгууллагууд энэ төрлийн үйлчилгээ эрхлэхэд хүндрэлтэй байдаг төдийгүй ахмад настны амьдралын чанар, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар дурдлаа.
Уулзалтын хүрээнд талууд асрах үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих төв, ахмадын асрамжийн газрын нөхцөл байдлын талаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English