Цэс

Холбоо барих

БОХХААБХ:Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.11/ хуралдаан 16 цаг 22 минутад гишүүдийн ирц 53.3 хувьд хүрснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцсэн.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д Монгол Улсын 79 хуулийн 263, Улсын Их Хурлын 90 тогтоолын 491 заалт, Байнгын хорооны  69 тогтоолын 290 заалт, нийт 238  шийдвэрийн  1044 заалт бүртгэлтэй байгааг дурдсан.

Мөн 2025 оны эхний хагас жилийн байдлаар хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны шийдвэрийн хэрэгжилт дунджаар 46.0 хувь байна. Тухайлбал, Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим санд бүртгэлтэй байгаа Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын харьяа агентлаг, аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагаар авч үзэхэд 1044 заалтаас 40.6 хувь буюу 424 нь “хэрэгжсэн”, 47.7 хувь буюу 498 нь “хэрэгжээгүй”, 11.7 хувь буюу 122 заалт “хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй” гэж үнэлэгдсэн гэв.


Тус Байнгын хорооны эрхлэх хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн тухайд, тайлант оны эхний хагас жилийн байдлаар 11 хуулийн 38 заалтыг  төрийн захиргааны төв 12 байгууллага дунджаар 28.6 хувьтай хэрэгжүүлсэн байна. Монгол Улсын зургаан хуулийн 25 заалт хэрэгжээгүй бөгөөд уг заалтаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас захиргааны акт (дүрэм, журам, жагсаалт, стандарт зэрэг)-ыг батлан хэрэгжүүлэх эрх олгосон байна. Хэрэгжээгүй 25 заалтаар журам 12, жагсаалт 2, арга зүй, заавар, аргачлал,  стандарт, техникийн зохицуулалт, тавигдах шаардлага, норматив, зөвлөмж, тусгай зөвшөөрлийн тоог батлах тус бүр нэг зохицуулалтыг батлан хэрэгжүүлэхээр байна. Тухайлбал,Таримал ургамлын үр сортын тухай  хуулийн 2021 оны шинэчилсэн найруулгаар, үрийн технологийн нөөцөд байх таримлын төрөл, нөөцийг бүрдүүлэх, удирдах үйл ажиллагааны болон үр үйлдвэрлэлийн талбайд сортын хянан баталгаа хийх, хянан батлагчийг сургах, давтан сургах, хянан батлагчийн эрх олгох, цуцлах, бүртгэл хөтлөхтэй холбогдсон журам, үрийн чанарыг баталгаажуулах шаардлагатай таримал ургамлын төрөл, зүйлийн жагсаалтыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлан хэрэгжүүлэхээр байна гэв.


Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн тухайд, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хяналт-шинжилгээ үнэлгээний цахим санд бүртгэгдсэн долоон шийдвэрийн 91 заалтын хэрэгжилт төрийн захиргааны төв байгууллагын найман яамдад  дунджаар 38 хувьтай байна. Улсын Их Хурлын хэрэгжээгүй хоёр тогтоолын 49 заалтыг авч үзвэл, Улсын Их Хурлын “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2021 оны 104 дүгээр тогтоолын 1.2 дахь заалтаар Засгийн газарт даалгасан “генетик нөөцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан генетик нөөц ашигласны үр шимийн төлбөрийг төлөх, төвлөрүүлэхтэй холбоотой харилцааг харилцааг зохицуулсан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” үүргийн хэрэгжилт үр дүнгүй байгааг дурдсан.


Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн тухайд, тайлант оны эхний хагас жилийн байдлаар 11 тогтоолын  51 заалтын хэрэгжилт төрийн захиргааны төв есөн байгууллагад  дунджаар 70.7 хувьтай байна. Тус Байнгын хорооны 2019, 2020, 2022, 2023 оны зургаан тогтоолын 12 заалтын хэрэгжилт үр дүн гараагүй байна. Тухайлбал, УИХ-ын байнгын хорооны 2019 оны “1/1.Засгийн газарт чиглэл өгөх тухай” 04/01  дүгээр тогтоолоор өгсөн “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийг нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт хангасан талаар танилцуулах” үүргийн хэрэгжилтийг хангахаар  Ажлын хэсэг байгуулж, уулзалтууд зохион байгуулсан боловч “танилцуулга гаргаж, мэдээлэх” ажлыг бүрэн биелүүлээгүй, үр дүн гараагүй байна. Улсын Их Хурлын Байнгын хорооны зургаан тогтоолын 12 заалтын хэрэгжилтийг тухайн чиг үүргийг хүлээсэн байгууллагууд тайлагнах хугацаанд хэрэгжүүлсэн ажил нь үнэлэгдэхүйц ахиц гараагүй, зарим тохиолдолд тогтоолын нэг заалтаар өгсөн хэд хэдэн үүргийн зарим хэсгийг гүйцэтгээгүй, тухайн заалтын хэрэгжилтийг зарим байгууллага ирүүлээгүй байх тул  "хэрэгжээгүй" хэмээн дүгнэсэн гэж байлаа.


Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д бүртгэлтэй Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 11 хуулийн 38, Улсын Их Хурлын 7 тогтоолын 91 заалт, Байнгын хорооны 11 тогтоолын 51 нийт 29 шийдвэрийн 180 заалт (давхардсан) бүртгэлтэй байгаас 38.3 хувь буюу 69 нь “хэрэгжсэн”, 47.8 хувь буюу 86 нь “хэрэгжээгүй”, 13.9 хувь буюу 25 нь “хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй” гэж тус тус дүгнэгдсэн байна. Монгол Улсын хууль, УИХ-ын болон Байнгын хорооны шийдвэрийн хэрэгжилт дунджаар 45.8 хувьтай байна хэмээн дүгнэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, M.Мандхай, С.Одонтуяа, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдаад, зохион байгуулалт хангалтгүй, хугацаа алдсан, дутуу тайлагнасан гэх тайлбарын цаана тухайн ажлыг хариуцсан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эсэх, хэрэгжээгүй үлдсэн ажил, асуудалд хэн хяналт тавьж, хэзээ дуусгаж, хэрэгжилтийг хангахыг тодруулж байлаа.


Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг 2025 оны эхний хагас жилийн ажлыг үнэлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хариуцлага алдсан албан тушаалнуудад арга хэмжээ авах саналыг тус газраас холбогдох таван яамны эрх бүхий албан тушаалтанд саналаа хүргүүлсэн гэж байлаа. Мөн хууль, тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр салбарын яамдын төсвийн ерөнхийлөн захирагчид болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас чиглэл хүргүүлсэн гэх тайлбарыг өгөв. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолын зургаан заалтын биелэлт 28.3 хувь буюу хэрэгжилт “хангалтгүй байна” гэснийг тодруулаад энэ ажил намайг сайд байх үеийн Байнгын хорооны тогтоолын дагуу хийсэн 100 хувийн биелэлттэй ажил бөгөөд салбарын яамны ажлын үр дүнг ингэж унагааж болохгүй гэдгийг анхааруулав.  Харин Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд салбарын сайдуудад хариуцлага тооцох эрх зүйн орчныг бий болгох, улмаар гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд тодорхой арга хэмжээ авах асуудлыг хөндөв. Мөн гишүүд шалгуур үзүүлэлттэй холбоотой асуудлыг дараагийн үнэлгээг хийхдээ нарийвчилж тооцох, тайлан үнэлгээтэй холбоотой болохгүй, зөрчилтэй байгаа асуудлуудаа сууриар нь харах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.


Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, З.Мэндсайхан нар хугацаа давчуу үед салбарын яамны хариуцах ажилд давхардуулан Ажлын хэсэг гаргахгүйгээр Байнгын хорооны тогтоолын төслөөр үүрэг чиглэл өгөх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. 


Ингээд Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) ыг зохион байгуулалтын талаарх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонссонтой холбогдуулан тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг,  Ж.Золжаргал, Л.Мөнхбаясгалан, С.Одонтуяа, У.Отгонбаяр, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл