Цэс

Холбоо барих

ТББХ: Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.11.12/ хуралдаж Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын 2025 оны 96 дугаар тогтоолоор Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд УИХ-ын даргын албан үүргийг хэрэгжүүлж байхыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад даалгасан. УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонгосон тул УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Ж.Бат-Эрдэнээр УИХ-ын даргын албан үүргийг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг хуралдаан даргалагч дурдаад, тогтоолын төслийг уншиж танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ-ын дэд даргаар сонгогдсон Ж.Бат-Эрдэнэд парламентын дархлааг сайжруулах, парламентат ёсыг итгэл үнэмшилтэйгээр хамгаалах үүрэг оногдож байгааг тодотгоод, Монгол Улсын иргэдэд хандаж парламентын дархлаа, итгэл үнэмшлийн талаарх байр сууриа илэрхийлэхийг хүссэн.

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа бүлгийн гишүүдийнхээ санал бодлыг нэгтгэн, бүлгийн байр суурийг зангидахад анхаарч ажиллаж байснаа онцлов. Тэрбээр, парламентын засаглал нь  Монгол Улсын аюулгүй байдлын том баталгаа. Бид парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх, хүний эрх болоод гишүүдийн гаргасан санал бүрд хүндэтгэлтэйгээр хандах учиртай. УИХ-ын гишүүдийн эрх, үүрэг асар их хариуцлагаар хэмжигдэнэ. Энэ мандатыг ард иргэдээс авч сонгогдсон 126 гишүүн нь Монгол Улсыг төлөөлж байгаа парламентын засаглалын гол хүч нь юм. Энэ утгаараа Монгол Улсын иргэд өөрийгөө төлөөлүүлэн сонгосон гишүүдээрээ дамжуулан төрийн бодлогыг барьж буй юм гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл