Цэс

Холбоо барих

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ


Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.13) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн 10 дугаар сарын 30-ны өдөр  өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлснээр өндөрлөсөн. Иймд үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүдийн асуулт, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн хариултыг үргэлжлүүлэв.


Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийг тусгаж, тоо, хувиар тооцохоор оролдсон нь сайшаалтай гээд ялангуяа тэргүүлэх чиглэлээ эрэмбэлж, хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээрт тавьсныг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр боловсролын салбараа таван жилийн турш тэргүүлэх чиглэлээ болгож, зорилтоо тууштай мөрдөх, төсвийн нийт зардлын 20 хувийг боловсролын салбарт зарцуулж чадах эсэхийг, 2026 онд шинээр сургууль, цэцэрлэг баригдах төсөв, санхүүжилт тавигдаагүй байгааг  тодруулав.


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар боловсрол нь тэргүүлэх салбар бөгөөд энэ салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт ирээдүйн хөгжлийн суурийг тавьдгийг онцлов. Гэхдээ төсвийн зарлагын 20 хувьд хүргэхийн тулд төсвийн цогц шинэчлэл хийх шаардлагатай байна. Өнөөдөр Монголд 1 сая 145 мянган хүүхэд сурч, хүмүүжиж байгаа тул энэ хэрээр ачаалал нэмэгдэж, цэцэрлэг, сургууль багш нарын тоог тэлэх шаардлагатай болсон. Үүнийгээ дагаад төсвийн  зардал өсөж байна. Нөгөөтэйгүүр, монгол хүний дундаж наслалт уртсаж 71.7 болсноор тэтгэврийн ачаалал нэмэгдэх, цаашлаад хүүхдийн мөнгийг боловсролын салбарт ч, халамжид ч тооцдоггүй боловч төсвийн зардлын маш том хувийг эзэлдэг. Үүнийг боловсролын салбартай уялдуулах санаачилгууд ярьж байна. Өөрөөр хэлбэл, асуудлыг цогцоор нь төсвийн зарлагын хүрээндээ авч үзэх шаардлагатай байна гэж байлаа. Харин Боловсролын сайд П.Наранбаяр төсвийн зарлагын 20 хувьд хүргэх зорилтын хүрээнд олон асуудлыг шийднэ. Олон улсын гэрээ хэлэлцээгээр Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авахаар ажиллаж байгаа бөгөөд үүний 130 сая ам.долларыг 41 байршилд сургууль, цэцэрлэг барихад чиглүүлнэ хэмээв.


Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир 246 мянган хүнтэй төрийн албыг цомхон, чадварлаг байлгах тухай ярьж байгаа ч миний хувьд төрийн анхан, дунд шатны албан хаагчдыг цөөрүүлмээргүй байна гэв. Харин цаашдаа 16 яамыг цөөлөх, нэгтгэх бодлогын хүрээнд төрийн яам, агентлагийг татан буулгах замаар төрийн албыг цомхон болгох, улмаар цалин, урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг үндсэн чиглэлд хэрхэн тусгасныг тодруулсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн албан хаагчийн цалин, урамшууллыг гүйцэтгэлд суурилсан, бүтээмжид тулгуурласан тогтолцоонд шилжүүлэхээр таван жилийн үндсэн чиглэлд тусгасан гэв. Салбарын яамдын асуудлыг дөрвөн жилд  нэг л удаа шийдвэрлэх нь зүйтэй гэж үздэг. 2024 онд та бүхэн Засгийн газрын бүтцийг баталсан тул өөрчлөөгүй. Учир нь нэг яам солигдохоор тамга, тэмдэг албан бланк өөрчлөгдөх зэргээр зардал нь ихсэж, үүнийг далимдуулаад төрийн албан хаагчдын ажил үүрэг нь тодорхойгүй болох, цомхотголд орж ихээхэн хохирдог хэмээн Ерөнхий сайд хариулж байлаа.


Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудын биелэлтийг тодруулав. Тухайлбал, гадаадын жуулчдын тоог жилд 2.0 саяд хүргэх, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг  50 хувь болох, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгалж, хувийн хэвшилд олон улсын зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татах боломж олгох, орон нутагт онгоцны буудал барих зорилтуудын биелэлтийг лавлав.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Засгийн газрын өр 2025 оны III улирлын байдлаар 35.7 их наяд төгрөг байгаа бөгөөд энэ оны төгсгөлд 40 их наяд төгрөгт хүрнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 60 хувиас хэтрэхгүй гэж заасан тул 2026 онд төсвийн төсөөлөлд ДНБ-ий 50, 2027 оноос 45 хувь гэх зэргээр шат дараалан бууруулах арга хэмжээнүүдийг авч байна гэж байлаа. Мөн татварын багц хуулийн шинэчлэлийг удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гээд энэ хүрээнд төсвийн хүрээний мэдэгдэлд нэрлэсэн ДНБ-ий тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 37 байсныг 30 хувь руу буулгасан. Энэ орон зайд татварын шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна хэмээн тайлбарлаж байлаа.


Түүнчлэн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр 2030 онд гадаад жуулчлалын тоог 2.0 саяд хүргэх зорилтыг таван жилийн үндсэн чиглэлд тусгасан бөгөөд үүнд хүрэхийн тулд аль аль салбар, ямар ажил хийж, хувь нэмрээ хэрхэн оруулах вэ гэдгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын үр дүн дээр тухайлан бичиж, тоон үзүүлэлтээр нь хянана гэж байлаа. Нисэх онгоцны буудлуудыг шинэчлэх төслүүдийн тухайд Хэнтий аймгийн “Чингис хаан” нисэх буудал, Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь зэрэг аймгийн нисэх онгоцны буудлуудыг барьж, байгуулах асуудлыг үндсэн чиглэлд тусгасан гэдгийг Н.Учрал сайд хариултдаа онцлов.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин Засгийн газар 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлд төсвийн орлогын урт хугацааны стратегиийг хэрхэн харж буйг лавлаад, төсвийн орлогын хэлбэлзлийг бууруулах зорилго, шууд бус татварыг бууруулах бодлогын талаар хөндсөн.

Эдийн засгийн бүтцийг харахад уул уурхайн цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээс хамааралтай тул төсвийн орлогын талаар зөв стратеги боловсруулахгүй бол байнга хэлбэлзсээр байхыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хариултдаа онцолсон. Тэрбээр Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай зэрэг 120 гаруй хуулийг энэ асуудалруу чиглүүлж, эдийн засгийн сууриа өргөтгөхөд анхаарч, тэлэх нь зүйтэй гээд ялангуяа хувийн хэвшлээ дэмжих, тодорхой үр дүн гарах салбаруудад анхаарах, уул уурхайн бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх шаардлагатай гэв. 


Гишүүд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг шалгуур үзүүлэлттэй, зорилтот түвшинтэй, үр дүнг нь хэмжигдэхүйцээр засаж боловсруулсныг сайшаахын зэрэгцээ анхаарах асуудлаар санал хэлэв.


Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Замира таван жилийн үндсэн чиглэлийн тэргүүлэх найман чиглэлд тусгасан асуудлыг шийдвэрлэх нь эдийн засагтай шууд холбоотойг тодотгов. Мөн Монгол Улсын эдийн засгийг сэргээх, зогсонги байдалд орсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг томоохон асуудалд төр засаг нь төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ч нэн тэргүүнд данхайсан төрөө цэгцлэх, авлига хээл хахуулийг багасгахад анхаарах шаардлагатай гэж байлаа. 

Ингээд уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийн санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл