Цэс

Холбоо барих

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барилаа

Монгол Улсын Хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Гэр бүлийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран боловсруулж, 2025 онд УИХ-д өргөн мэдүүлнэ.” гэж заасны дагуу хуулийн төслийг өргөн барьж байгаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр өнөөдөр (2025.11.14) Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн барьсан юм. 


Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулах, чанартай амьдрал, гэр бүлийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн учраас энэхүү хуулиудын төслийг олон нийтэд хэлэлцүүлж, орчин цагийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулжээ.


Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлыг зохицуулдаг суурь хуулиудын нэг хэдий ч 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулаагүй явж ирсэн. Тодруулбал, Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн тулгамдаж байна. Иймд гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгахыг зорьсон хэмээн Засгийн газрын төлөөлөл танилцуулав.


Хуулийн төсөлд Монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилж, гэм хорын хохирол төлүүлэх, гэрлэгчид эд хөрөнгө эзэмших, өмчлөх, хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг шинэчилсэн найруулгад тусгасан. Харин Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл учраас ихээхэн ач холбогдолтой, шүүхийн шатан дахь эвлэрүүлэн зуучлах тогтолцоо, процессыг бий болгож, гэр бүлийн хэргийг үр дүнтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл