Цэс

Холбоо барих

ХЗБХ: Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.19) хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, О.Номинчимэг, Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд нар асуулт асууж, хариулт авсны дараа төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Хөгжлийн урт болон дунд, богино хугацааны баримт бичгийн ач холбогдол, үр өгөөжийн талаар тодруулахад улс орны хөгжлийн бодлогыг бодитой төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагын үүднээс өнгөрсөн 30 жилийн хөгжлийн төлөвлөлтгүй, улсын эдийн засаг, нийгмийг хөгжлийн эрсдэлт нөхцөлөөс сургамж авч Үндсэн хуульдаа “...Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна...” гэдэг нэмэлтийг оруулж, үүний мөрөөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг баталж, хэрэгжүүлэх хүрээнд урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг баталдаг болсныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тайлбарлав. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цэгцлэх талаар улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын төлөвлөлтөд ямар зорилт, арга хэмжээ тусгагдсан болохыг гишүүд асууж байсан. Төрийн өмчит компаниудын бүтээмж, менежмент, үйл ажиллагааг сайжруулах, ил тод болгох чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөсөн болохыг С.Бямбацогт сайд хэлээд “Төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөж 9 хувьтай байгааг 14 хувьд хүргэхээр, орон нутгийн өмчит 350 компаний хөрөнгийн өгөөжийг тооцдоггүй байгааг  тооцдог болгох гэх зэргээр тусгасан байгаа” хэмээн хариулсан. Үүний сацуу энэ оны эхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай, Нийтийн өмчийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталснаар холбогдох олон асуудлыг цэгцлэх боломж бүрдэнэ гэдгийг хэлж байв.


Үргэлжлүүлэн гишүүд өмнөх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүнгээс авсан сургамж, төслийн тооцооллын талаар тодруулаад төсөл дэх зарим зорилт, арга хэмжээг хүний эрхийг хангах, хамгаалах зарчмын хүрээнд авч үзэхэд анхаарал хандуулахуйц байгааг хэлж байсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах олон улсын сайн туршлагыг дурдаад төсөл дэх энэ төрлийн зорилт, арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар, хууль зүйн туслалцаатай холбоотой зорилт арга хэмжээний талаар тодруулж, ажлын хэсгээс холбогдох хариултыг авсан.


Ийнхүү гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

“Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр тогтоолтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдааны төгсгөлд хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдаанд танилцуулав. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 271 дүгээр зүйлд зааснаар, Хяналтын зөвлөл нь Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц, мөн Монголбанкнаас Улсын Их Хурал болон олон нийтэд санхүүгийн тайлангаа тайлагнаж, мэдээлж байгаа байдлыг хянах, Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих чиг үүрэгтэй гэдгийг төслийн танилцуулгын эхэнд дурдав. Өөрөөр хэлбэл, Хяналтын зөвлөл нь Монголбанкны үйл ажиллагаанд хяналт тавьж, хараат бус байдлыг хангах үүрэгтэй бөгөөд нийтийн эрх ашигт үйлчилдэг хэмээн тодотгосон. Үүний тулд хуульд заасан шалгуур бүхий албан тушаалтны хувьд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 5 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар баталсан “Мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтад Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг нэмсэн юм.


Гэвч 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Их Хурлаас томилсон Хяналтын зөвлөлийн дарга, гишүүний нэр дэвшүүлэх үйл ажиллагаа нь 2024 оны 12 дугаар сарын 05-нд эхэлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр тогтоол гарахаас өмнө явагдаж эхэлсэн байна. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоол батлагдахаас өмнө Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавих болзол шаардлагад нийтийн албан тушаалтанд хамрагдах, давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хориглолт зэрэг нь тусгагдаагүй байсан бөгөөд нэр дэвшигчид тухайн үед хуульд заасан болзол шаардлагыг ханган, нэр дэвшигчийн сонсголд оролцож Улсын Их Хурлаас томилогдсон.

Дээр дурдсан асуудлаар Монголбанкны Хяналтын зөвлөлөөс Хууль зүйн байнгын хороонд “Хүсэлт гаргах тухай” 2025 оны 08 дугаар арын 18-ны өдрийн 27 тоот  албан бичиг ирүүлснийг Байнгын хороо хүлээн авч Авлигын эсрэг хуулийн 10.1 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Авлигатай тэмцэх газраас санал авахаар холбогдох албан бичгийг хүргүүлжээ. Авлигатай тэмцэх газар 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр уг асуудлын талаар тухайлан өгөх тусгай саналгүй болохоо “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг ирүүлсэн хэмээн Д.Цогтбаатар дарга танилцуулсан.


Иймд Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар баталсан “Мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-д 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Их Хурлаас томилогдсон Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүд хамаарахгүй байхаар “Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр тогтоолтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хороогоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Их Хурлаас томилогдсон Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэлх хугацаанд дагаж мөрдөх бөгөөд шинээр томилогдох Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд уг тогтоол нь хамаарахгүй болохыг төслийн танилцуулгад онцолжээ.


Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Х.Баасанжаргал нар асуулт асууж, Д.Цогтбаатар дарга хариулт, тайлбар өгсний дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний олонх буюу 85.7 нь “Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр тогтоолтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл