Цэс

Холбоо барих

ТББХ: Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.11.19/ хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, улсын жилийн төсөв, нэг жилийн төлөвлөгөө хоорондоо нийцэхгүй байгааг дурдаад, төлөвлөгөө батлах шаардлагатай эсэхийг лавлав. Тэрбээр 2026 оны төсөв батлагдсаны дараа 2026-2030 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна хэмээгээд, ирэх жилийн төсөвтэй нийцүүлээд 2026 оны төлөвлөгөөг өөрчлөх үү гэдгийг тодрууллаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Үндсэндээ 30 жил төлөвлөлтгүй, бодлогогүй, төрийн бодлого нь тодорхой биш, хоорондоо уялдаагүй явж ирсэн. Үүнийг цэгцлэх гэж 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Үүндээ тулгуурлаад Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хуульдаа урт, дунд, богино хугацааны төрийн бодлогын бичиг баримтууд хоорондоо уялдаатай байх талаар тусгаад, төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилт, үр дүн тооцох аргачлалыг зааж өгсөн. Тэрхүү аргачлалын дагуу 2021-2025 оны үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэж үзэхэд 54 хувьтай гарсан. Цаашдаа үр дүнтэй болгох, алдаагаа хэрхэн засах талаар анхаарч байна. Түүнчлэн хууль хоорондын нийцэлгүй зүйл бас бий. Үүнийг бас засах ёстой. Ингэж байж жилийн төлөвлөгөөндөө суурилж төсөвлөлтөө хийнэ хэмээн хариулав.  

УИХ-ын гишүүн С.Зулпхар, Ирэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан төрийн албан хаагчдын эдийн засаг, эрүүл мэнд, нэр хүнд, аюулгүй байдлын баталгааг хангана гэсэн зорилтын үр дүн нь төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх гэж заасныг тодотгоод, эдийн засгийн баталгаа сэтгэл ханамжаар хэмжигдэхгүй, цалин хөлсний бодлого хэрэгжүүлж байж дээрх зорилтыг хангана гэлээ. Тиймээс цалин хөлснийхөө бодлоготой уялдсан байдлаар шалгуураа тавих нь зүйтэй гэсэн санал хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Таван жилийн төлөвлөгөө ер нь цаашид хэрэгтэй эсэхийг ул суурьтай бодож үзэх нь зүйтэй гэв. Мөн тэрбээр өнөөг хүртэл  бид олон төлөвлөгөө, хөтөлбөр батласныг онцлоод, сонгуулийн санал худалдан авах хууль бус үйл ажиллагааг зогсоох чиглэлд дорвитой ажил хийх ёстой хэмээлээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт энэ талаар тодорхой тусгасныг сануулаад, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар үүнд ач холбогдол өгч ажиллах шаардлагатайг тодотгов.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Идэрбат өмнө нь баталсан таван жилийн төлөвлөгөөний биелэлт 50 гаруйхан хувьтай байгаагийн учир шалтгааныг тодруулсан бол УИХ-ын гишүүн О.Саранчулуун, хөгжлийн бодлого хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг хэрхэн төлөвлөсөн, үүнд ямар шалгуур үзүүлэлт тавьж, хэрэгжилтийг хэрхэн хэмжих талаар, Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, төрийн байгууллагуудын шударга байдал, бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж ирэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасныг хэрхэн ойлгож, үр дүнг нь яаж хэмжих, төрийн албанд чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж, төрийн албан хаагчийн томилгооны зөрчлийг хэрхэн бууруулах талаар лавлаж байлаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл