Цэс

Холбоо барих

ӨБХ: Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын өнөөдөр (2025.11.19)-ийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Б.Пунсалмаа, Ж.Галбадрах, Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат иргэдийн орлогын бодит өсөлт, өмчийн эрхийн баталгаажилт, зээлийн хүүгийн талаар асууж, нийгмийн сайн сайхны шалгуур үзүүлэлт болох аз жаргалын индексийг тодорхойлж ажиллах шаардлагатайг дурдсан юм. Манай улс хүний хөгжлийн индексийг тооцож, энэ талаар тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж буйг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов. Өрхийн орлогын өсөлтийн суурь үзүүлэлтийг 2024 оны дүнгээр 11.0 хувиар аваад, ирэх таван жилд бил бүр дунджаар 5.0 хувиар өсгөхөөр тооцож үндсэн чиглэлд тусгасныг Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан тайлбарлалаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа англи хэлний сургалтын чанар шаардлага хангахгүй байгааг шүүмжилж, цаашид сайжруулах талаар ямар бодлого, зорилт дэвшүүлж буйг асуусан юм. Гадаад хэлний сургалтад нэвтрүүлж буй Pearson хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж буйг тэрбээр онцлоод, хөгжлийн суурь төлөвлөлтөд тусгаж, бататгаж ажиллах шаардлагатай гэлээ. Үндсэн чиглэлийн төслийг чамбайруулах, засаж сайжруулах зүйл багагүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах дурдаж, хөгжлийн төлөвлөгөө, улсын төсвийн үндэслэл болох учир таван жилийн үндсэн чиглэлийг судалгаа, тооцоонд тулгуурлаж бодитой төлөвлөх нь зүйтэй гэсэн юм. Биелэлт хангалтгүй, хэрэгжилтийн хувь багатай зорилтуудыг хэт өндрөөр төлөвлөх нь бодитой эсэхийг нягтлах шаардлагатайг тэрбээр анхааруулав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлүүд болон тэдгээрт төлөвлөсөн төсөв, хөрөнгө оруулалт хоорондын уялдаа, нийцлийн тухай асуудлыг хөндөж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт, түүний үр дагаварын үнэлгээг нарийвчлан тооцож, дүгнэж ажиллах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал боловсролын индексийг жилд дунджаар 0.01 пүнктээр, ирэх таван жилд нийтдээ 0.06 пүнктээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь хангалтгүй байгааг дурдаад, шүүхийн салбарын хөрөнгө оруулалтыг 2030 он гэхэд 73.8 хувь хангахаар тусгасан нь 100 хувьд хүрэхгүй буюу эрэлтийг хангахгүйгээр төлөвлөгдсөнийг шүүмжилсэн юм. Мөн тэрбээр иргэдийн өргөдөл, гомдол бүрнээ шийдвэрлэгддэг байх зарчмыг таван жилийн үндсэн чиглэлд тусгаж, хэрэгжүүлэх учиртайг онцлов. Боловсролын индекс өнөөдрийн байдлаар 0.755 пүнкт байгааг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулж, олон үзүүлэлтийг өндөр нарийвчлалтайгаар хэмждэг энэ үзүүлэлтийг 0.810 пүнкт болгож дээшлүүлэх нь бага бус ахиц болохыг тайлбарлалаа.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлснээр “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг өндөрлөлөө. Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл