Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаан 12 цаг 14 минутад гишүүдийн 55.2 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Монголбанк инфляцыг бууруулна гэж тусгасан нь чухал хэдий ч Монгол Улсын мөнгөн дэвсгэрт төгрөгийн ханшийг чангаруулахад илүүтэй анхаарах нь зүйтэй гэв. Энэ талаар ямар арга хэмжээ авах, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боловсруулах үйлдвэр барина гэдэгт тодорхой судалгаа, техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон төсөл, хөтөлбөрүүд багтсан эсэхийг лавлав.
Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан инфляцыг бууруулах нь Монголбанкны үндсэн зорилтын нэг мөн гээд гэхдээ эрэлтийн гаралтай инфляцыг 5.0 хувьд, нийлүүлэлтийн гаралтай инфляцыг мөн 5.0 хувьд барих гээд Засгийн газар, Монголбанкаар нь салгаж, зорилтуудаа нарийвчилсан гэдгийг хариултдаа онцлов. Мөн тэрбээр төгрөгийн ханшийн асуудалд тодорхой тоон зорилт тавиагүй. Энэ нь зах зээлийн хүлээлтэд хүчтэй нөлөөлдөг учраас оновчтой биш гэж үзсэн гэж байлаа. Түүнчлэн боловсруулах үйлдвэрүүдийн тухайд эх үүсвэр нь тодорхойгүй гэдгийг Л.Энх-Амгалан дарга хариултдаа дурдаад эдийн засгийн бүтцээ зөв болгох, таван жилийн зорилтуудаа хангахад ач холбогдолтой, дэмжих шаардлагатай төсөл гэдэг агуулгаар жагсаалтад оруулсан гэв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Төсөвтэй холбогдуулан хэлэхэд төслийн 7.4.3-т аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулна гэж бичсэн байна. Үндэсний аудитын газар нь тайлан гаргаад тоо, баримттайгаар төсвийг сайжруулах шаардлагатай гэдэг. Засгийн газар, Улсын Их Хурал тодорхой шийдвэр гаргаж, сайжруулдаггүй цаг хугацаа алддаг тул асуудлыг энэ мэт ерөнхий тусгахаар ач холбогдлыг нь сулруулах талтай байдаг. Үүнд анхаарах шаардлагатай байна гэж байлаа.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав төрийн аудитын байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг дээшлүүлэхтэй холбоотой гишүүний саналд талархалтай хандаж байгаагаа илэрхийлээд аудитын шийдвэрийг хэрэгжүүлэхэд харилцагч талууд ялангуяа Улсын Их Хурлын дэмжлэгийг авч ажиллах талаар тодорхой бодлого боловсруулан ажиллаж байгаа гэв. Мөн тэрбээр олон улсын туршлагын дагуу аудитын шийдвэр, төрийн аудитын байгууллагын санхүүгийн үр өгөөжийг тооцох асуудлыг шинэчлэн боловсруулсан тул удахгүй Байнгын хорооны гишүүдэд танилцуулна гэж байлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Мон
English