Цэс

Холбоо барих

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдвээр хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2025.11.25/ Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийн эхэнд жендэрт суурилсан хүчирхийллээc урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр Улсын Улсын Их Хурал болон Засгийн газрын баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Tөрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нар мэдээлэл хүргэв.


Байнгын хорооны дарга Б.Найдалаа хэлэлцүүлгийн оролцогчдод хандан талархал илэрхийлж, өнөөдөр зөвхөн асуудлыг хэлэлцээд өнгөрөх биш, шийдэл гарц гаргалгааг эрэлхийлж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран ажиллахыг хүслээ.


Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн санаачлагаар манай улс 1997 оноос энэхүү аяныг зохион байгуулж байгаа юм.

Мөн энэ үеэр Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап ван Хиэрдэн видео мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсад суугаа Европын Холбооны Элчин сайд Xатагтай Ина Марчюлёните, Олон улсын санаачилга, Монгол Улсад оруулж буй оролцоо ба хувь нэмрийн тухай Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг үр дүнтэй шийдвэрлэхэд холбогдох арга хэмжээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл хүргэв.


Үүний дараа Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Монгол Улс цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах асуудлыг хууль тогтоомжоор зохицуулж байгаа ч шинэ тутам цахим орчинд үйлдэгдэж буй хүчирхийллийн төрөл хэлбэрийг хууль тогтоомжид нэмж тусган боловсронгуй болгох шаардлагатай байгааг хэлэв.


Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, А.Адилбиш энэ жил “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл (ТАҮЖСХ) -тэй тэмцэхэд нэгдье” уриатайгаар өсвөр насныхан, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдалд голлон анхаарч, технологийг аюулгүй, ёс зүйтэй ашиглахыг дэмжин, ТАҮЖСХ-тэй тэмцэх,  үйлдэгчдэд хариуцлага тооцож, хохирогчдыг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилготой өндөр түвшний оролцоог хангахыг зорин ажиллаж байгаа талаараа танилцуулав.


Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хүүхэд, эмэгтэйчүүдийн тоо сүүлийн жилүүдэд өсч буйг дурдаад өсвөр насныхан дунд жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин түгээмэл тархаж буйг талаар тоон мэдээлэл хүргэлээ. Мөн хуулийн хэрэгжилт хангалтгүй, хамгаалах байрны хүрэлцээ санхүүжилтийн асуудал хүнд байгааг төр анхааралдаа авах цаг болсон гэв. Мөн урьдчилан сэргийлэх ажлыг ганцхан байгууллага дангаар хариуцах бус бүх нийтээрээ анхаарах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл