Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.
Хууль зүйн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд бүртгэхээр тогтсон бөгөөд нэр дэвшихээр нийт 25 иргэн материалаа ирүүлсэн.
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материал хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчдээ бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг www.parliament.mn цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд зохион байгуулж, саналаа олон нийтэд танилцуулж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 25 иргэн нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлснээс 1 иргэн нэрээ татаж 24 иргэнээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулав.
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 12.6-д энэ журмын 12.1-д заасан хуралдаанаас хойш ажлын 3 өдрийн дотор энэ журамд заасны дагуу ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчийн талаарх ажлын хэсгийн тайлан, холбогдох баримт бичгийг Байнгын хороонд хүргүүлнэ гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх зохицуулалттай.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал, Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргал нарыг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
АЖЛЫН АЛБА
Мон
English