Цэс

Холбоо барих

ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.11.25)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүнээс энэ оны есдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцууллаа. Тамхины хэлбэр хэрэглээ эдүгээ шинэ хэв маягт орсныг тэрбээр онцолж, хууль, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага үүссэнийг дурдаад, шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад оруулж хяналт тавих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан тухай тайлбарлав.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2022 оны тооцоогоор Монгол Улсад тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрч, Номхон далайн баруун бүсийн хамгийн өндөр тархалттай орны долдугаарт жагсжээ. 2024 онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг нийт хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг ноогдож буй юм. Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын мэдээгээр 2024 онд импортолсон янжуур тамхины хэмжээ 2012 оныхоос хоёр дахин, электрон тамхины шингэн болон төхөөрөмжийн хэмжээ 2020 оныхоос 175 дахин нэмэгджээ. Тодруулбал, 2020 онд 47 мянган ширхэг электрон тамхи Монгол Улсын гаалиар орж ирж байсан бол 2024 онд 8.2 сая ширхэг болсон байна. 13-17 насны сурагчдын 25 хүүхэд тутмын нэг нь янжуур, дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгааг 2023 онд ДЭМБ судлан тогтоосон байна.

Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болох электрон тамхи хүн амд хор багатай гэдэг нь нотлогдоогүйгээр үл барам хүүхэд, залуусын дунд өргөн дэлгэрч, ирээдүйн хорт зуршлуудад хөтөлж байгааг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг судалгаанд суурилан танилцуулж, хорт бодис агуулдаг, амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх, судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтуулах эрсдэл өндөртэйг дурдлаа. Электрон тамхи утаат тамхинаас гарах арга хэрэгсэл болохгүйгээр үл барам өсвөр үе, залуусын тамхинд орох магадлалыг 3-5 дахин ихэсгэдгийг тогтоожээ. Иймд электрон тамхийг Сингапур, Норвег, Чили, Энэтхэг, Турк зэрэг дэлхийн 46 улс бүрэн хориглож, 82 улс хууль тогтоомжоор эдийн засгийн болон эдийн засгийн бус зохицуулалтыг хийсэн байна. Үүний дотор Эстони, Финланд, Австрали, Герман, АНУ БНХАУ Нидерланд, Шинэ Зеланд зэрэг 20 улс амт, үнэрийг нь хоригложээ. Харин Монгол Улс өнөөдрийг хүртэл хуулийн ямар ч зохицуулалтгүй явж байгааг тэрбээр онцлов.

Хуулийн төслөөр электрон тамхи, уламжлалт янжуурыг ялгалгүйгээр хуулийн ижил зохицуулалтад оруулахыг эрмэлсэн бөгөөд онцгой албан татварыг 2026-2030 онд үе шаттай нэмэгдүүлэхээр тусгажээ. Өнөөдрийн байдлаар манай улсад нэг хайрцаг янжуур дунджаар 3850 төгрөгийн үнэтэй бөгөөд үүний 40 орчим хувийг татвар эзэлж байгаа нь дэлхийн хамгийн хямд тамхитай улсын жагсаалтад багтаж улмаар тамхины хэрэглээг дэмжих нөхцөл болж байна гэж Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг илтгэлдээ тэмдэглээд, тамхины үнийг 10.0 хувиар нэмэхэд хэрэглээ хамгийн багадаа 4.0 хувь, хөгжиж буй орнуудад 5-7 хувь буурч буйг тогтоосон ДЭМБ-ын судалгааны дүгнэлтийг эшиллээ. Мөн эдийн засгийн аргаар зохицуулалт хийснээр өсвөр насныхан тамхинаас амархан татгалзаж байгааг судалгаагаар тогтоожээ. Тамхины онцгой албан татвараар нэмэгдэх орлогыг тамхидалтын эсрэг тэмцэлд зориулахаас гадна сурагчдын үдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломжийг өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн тамхинаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн үнэр, амтыг хориглох, ил тавьж худалдаалахыг хязгаарлах, гудамж талбайд алхангаа татах, ил татахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Тамхины лоббины мөнгө бол ирээдүй хойч үеийнхнийхээ эрүүл мэнд, амь насыг золиосолж олсон мөнгө гэдгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг анхааруулж, тамхины татварыг нэмэгдүүлэхгүй байх нь жилд 4300 хүн буюу бүхэл бүтэн 1-2 сумын иргэдийг үхэл рүү түлхэж байгаатай адил гэлээ. Эцэст нь тэрбээр хортой бүтээгдэхүүн зохицуулалттай байх ёстойг онцлоод, тамхины эсрэг тэмцлийг манай улс хожимдож эхлүүлж байгааг анхааруулж, энэ хожимдлыг засаж залруулах шаардлагатай гэлээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, М.Ганхүлэг, Т.Мөнхсайхан, А.Ганбаатар, С.Эрдэнэбат, Ө.Шижир, Ц.Мөнхтуяа, Х.Болормаа, О.Саранчулуун, Ж.Галбадрах, Л.Энхнасан, М.Энхцэцэг, Дав.Цогтбаатар, Байнгын хорооны дарга Б.Найдалаа нар асуулт асууж, үг хэлсэн юм. Хуулийн төслийг санаачилсан гишүүдийн нэг, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, М.Ганхүлэг нар  төсөлд тусгасан зохицуулалтууд, ялангуяа онцгой албан татварыг нэмэгдүүлэх тухай болон түүний үе шат, түүний эерэг, сөрөг үр дагавар, тамхидалтын сөрөг нөлөө, хор холбогдлын талаар дахин тодруулж, ажлын хэсгийн мэргэжлийн хүмүүсээр тайлбарлуулсан юм. Татвар нэмснээр тамхины үнэ огцом нэмэгдэж, 2030 он гэхэд хайрцаг янжуурын үнэ 30 000 төгрөг болно гэсэн үндэслэлгүй мэдээлэлд автасхгүй байхыг анхааруулж, тамхины хамааралтай хэрэглэгчдээс илүүтэй өвсөр үе, залуучууд руу чиглэсэн бодитой, үр дүнтэй үйл ажиллагаа явуулах, тамхидалтын цаана оршиж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ажиллах шаардлагатайг онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан хууль санаачлагчдыг зохион байгуулалттайгаар харлуулж байгаа сөрөг дайралтуудыг даван туулж буйд баяр хүргээд, сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд олноор тамхинд орж буйн зэрэгцээ тамхичдын нас гурван насаар залуужсан зэрэг статистик мэдээллийг өгч, хүн амын доторх нас баралтын голлох шалтгаан болж буй өвчлөлүүд, тэр дундаа хорт хавдрын өвчлөлд тамхи ихээхэн нөлөөлж байгааг хэллээ. Тэрбээр тамхины онцгой албан татварын орлогыг Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-д төвлөрүүлж, зарцуулах нь зүйтэй гэсэн санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, бизнесийн салбарт сөрөг нөлөө үзүүлэхгүй байхад анхаарахыг зөвлөж, татвар нэмснээр эдийн засагт гарч болзошгүй сөрөг үр дагаварыг нарийвчлан тооцох нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Ө.Шижир нар тамхин бүтээгдэхүүний найрлага, чанарын хяналтыг сайжруулах, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг судалж шинжлэхэд анхаарах, хуулиар хориглосон зохицуулалтууд, торгуулийн хариуцлагыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарах шаардлагатай талаар ярьсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Х.Болормаа, О.Саранчулуун, Ж.Галбадрах, Л.Энхнасан, М.Энхцэцэг, Дав.Цогтбаатар нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сургуулийн орчинд электрон тамхины хэрэглээ хяналтаас гарч, өсвөр үеийнхний эрүүл мэнд, тэр дундаа сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг дурдан, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, зар сурталчилгаа хязгаарлах, насанд хүрээгүй хүүхдүүдэд тамхи худалдаалахыг хориглох, хяналтыг сайжруулах, нийгэмд чиглэсэн урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх, тамхийг ямар эерэг зүйлсээр орлуулах вэ гэдэгт анхаарах, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хорт зуршил, амьдралын сөрөг хэв маягаас хамгаалах, хуулийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах, тамхигүй орчин бий болгох, энэ талаарх соён гэгээрүүлэх агуулгыг эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт оруулах, энэ төрлийн бизнест арилуааны зээл олгохгүй байх зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Мөн хууль санаачлагчдын нэг, Байнгын хорооны дарга Б.Найдалаа электрон тамхи манай улсад орж ирээдүй удаагүй, шинэ хэрэглээ боловч ихээхэн өргөн хүрээтэй дэлгэрч буйг дурдан, эрх зүйн зохицуулалттай болгохоос аргагүй гэдгийг тэмдэглэсэн юм. Харин хуулийн төсөлд онцгой албан татварын хөрөнгийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэхээр тусгасныг эргэж харах нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт бөргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрээр санал хураалт явуулав. Санал хураалтаар хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн хуралдаанаар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Боловсролын сайд Д.Наранбаярын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны хуралдаанд хийсэн мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн саналыг нэгтгэн уг тогтоолын төслийг боловсруулсан болон төслийг Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны хуралдаанаар өчигдөр (2025.11.24) хэлэлцэж дэмжсэн талаар Байнгын хорооны дарга Б.Найдалаа дурдлаа. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга С.Зулпхар танилцуулж, үүнд “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх тодорхой одоо үйл ажиллагааг тусгасан гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн холбогдох байгууллагуудаас санал авсны зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүдээс санал авч тусгасныг танилцуулав. Тогтоолын төсөл гурван зүйл, дөрвөн дэд зүйл, 24 заалттай бөгөөд боловсролын салбарыг бүхэлд нь харгалзсан байдлаар буюу сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын, мэргэжлийн болон техникийн боловсролын, түр болон богино хугацааны сургалтын, дээд боловсролын чиглэлээр, мөн тус салбарын ажилтан, албан хаагч, багш нарын цалин хөлсний бодлого, бусад асуудлуудаар авах арга хэмжээг тодорхой тусгасан бүтэцтэйг дэд хорооны дарга С.Зулпхар тодорхой дурдаж, эдүгээ тулгамдаад байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг нарийвчлан тооцож уг тогтоолын төслийг боловсруулсан гэсэн юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, М.Ганхүлэг, С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Д.Рэгдэл нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд боловсролын салбарын багш, ажилчдын цалин хөлс, нэмэгдэл, гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж цаг тухайдаа олгогдож байгаа эсэх, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөр шийдэгдсэн эсэх зэрэг асуудлыг тодруулж, ирэх оны ажлыг ярихын өмнө энэ жилийнхээ асуудлыг шийдвэрлэж дуусгах, эдгээр асуудлыг шийдвэрлэх талаар тогтоолын төсөлд тодорхой шийдэл тусгаж батлах, мөн тогтоолын төслийг Засгийн газрын “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулах, Боловсролын зээлийн санг бас Боловсрол хөгжлийн сан болгож хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчин, хэрэглэгдэхүүний хүртээмж, үйлчилгээг дэмжих, энэ асуудлыг эрхлэх нэгжийг Боловсролын яамны бүтцэд бий болгож ажиллуулах, боловсролын байгууллагын бие даасан байдлыг хангах, төрөөс олгох татаасыг нэмэгдүүлэх хөдөө, орон нутгийн багш нарын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндөж, тодохой санал дэвшүүлж байлаа.

Ингээд “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх” Байнгын хорооны тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусгаж батлахаар санал хураалт явуулав. Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь дэмжсэн тул Байнгын хорооны тогтоол батлагдсанд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл