Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.25) хуралдаан гишүүдийн 53.1 хувийн ирцтэйгээр 16 цаг 41 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эхлээд “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулсан юм. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 16 дугаар тогтоолоор байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах хүсэлтээ ирүүлснийг Р.Сэддорж дарга танилцуулаад, эл хүсэлтэд үндэслэн холбогдох төслийг боловсруулсан хэмээн танилцууллаа.
Байнгын хорооны төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжиж, “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан юм.
Үргэлжлүүлэн “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар, нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хүлээн авахаар, тус сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохоор тусгасан төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулав.
Байнгын хорооны төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Дав.Цогтбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын 2021 оны 07 сарын 02 өдөр баталсан “Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам батлах тухай” 58 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг хүссэн. Иймд Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.9 хувь нь уг саналыг дэмжсэн тул “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь тус тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.
Хуралдаан хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжсэн тул төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулсан.
Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.9-д “Газрын тосны бүтээгдэхүүний 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай улсын нөөцийн шатахууны агуулахын барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж заасан байгааг тэрбээр төсөл санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд дурдав. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Засгийн газар болон нийлүүлэгч компаниудаас тус улсын дотоодын зах зээлийн нөхцөл байдал, эрэлт, нийлүүлэлттэй холбоотойгоор гаргасан экспортын хязгаарлалт, үйлдвэрлэлийн процесс, ээлжит засвар, төлөвлөгөөт ажлаас шалтгаалсан нийлүүлэлтийн хэмжээний бууруулалт зэрэг арга хэмжээнүүд нь манай улсын шатахууны хангамжийн тогтвортой байдалд шууд нөлөөлж, тасалдал, хомсдол үүсгэн, эрэлтийг нэмэгдүүлж, үнийн хэлбэлзлийг үүсгэдэг болохыг мөн дурдсан. Улс орны нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 2.4 сая тонн, 2024 онд 2.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлон хэрэглэж, жилд 21 хувиар өссөн бол 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар импортын хэмжээ 2.3 сая тоннд хүрээд байгаа аж.
Ард иргэдийн өргөн хэрэглээний АИ92 авто бензиний хэрэглээ 2024 оны байдлаар сард дунджаар 60 мянган тонн байсан бол 2025 оны байдлаар сард дунджаар 80 мянган тонн хүрч өсөөд байгаа боловч ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн гэрээний хүрээнд хөнгөлөлттэй үнээр буюу 705 ам.доллароор 1 тонн тутмыг тогтмол үнээр импортолж байгаа гэлээ. АИ92 авто бензиний сард нийлүүлэх хэмжээ тодорхой шалтгааны улмаас 60 мянган тонноор хязгаарлагдаж, нэмэгдүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байгааг Г.Дамдинням сайд төслийн танилцуулгынхаа үеэр мэдээлэв. Уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад дизель түлшний хэрэглээ сард 140 мянган тоннд хүрч байгаа аж. Иймд хэрэглээнд дутагдаж буй 20 мянган тонн орчим АИ92 авто бензин, 25 мянган тонн орчим дизель түлшийг хэрэглээг бусад эх үүсвэр буюу БНХАУ-аас худалдан авч хангах шаардлагатай болжээ.
Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахад улсын хэмжээнд багадаа 30-аас доошгүй хоногийн тогтмол нөөцтэй байх, нөөцийг бүрдүүлэх хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх хүрээнд импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг танилцуулгад дурджээ. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, шуурхай шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай болох хэрэгцээтэй байгааг танилцууллаа.
Иймд олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн болох шатахууны хангамж нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, тасалдал, хомсдолоос урьдчилан сэргийлэх, даван туулах арга хэмжээг тодорхойлох, нөөцийг бүрдүүлэх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл асуулт асууж, хариулт авав. Тэрбээр төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, төсөл дэх зохицуулалтын үйлчлэх таван жилийн хугацаанд ямар үр дүн гарна хэмээн тооцсоныг тодруулсан. Уул уулхай уурхайн үйлдвэрлэлийн биет хэмжээ эрс өсөж байгаатай холбоотойгоор шатхууны хэрэглээ жилдээ 20-25 хувиар өсөж байгааг Г.Дамдинням сайд танилцуулаад “Ирэх жил 100 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор шатхууны хэрэглээ 20 орчим хувиар өснө. Ойрын таван жилдээ манай нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ хоёр дахин өснө. Тийм учраас бид урьдчилж нөөцийн сав бэлтгэн, нөөц бүрдүүлэх, дэд бүтцээ бий болгохоор төслийг боловсрууллаа. Нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлийг олгох юм” гэв. Үргэлжлүүлэн гишүүн БНХАУ-аас нефтийн бүтээгдэхүүн импортлох нөхцөл байдал, хэмжээний талаар тодруулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаас дэлгэрэнгүй хариулт авсан.
Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа гээд, шатахууны нөөц сав барих эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэхэд нийтдээ 1 их наяд 60 тэрбум төгрөг шаардлагатай, Төв банктай төслийн хүрээн дэх зохицуулалтын талаар зөвшилцсөн эсэхийг тодруулсан. Хуулийн төслөөр Монголбанк стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох; газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байгааг ажлын хэсгээс тодотгоод, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа хүүгийн нэгдсэн бодлоготой нийцнэ гэдэг хариултыг өгсөн. Энэ хүрээнд Засгийн газар болон Монголбанканд ямар нэг өр үүсэхгүй гэдгийг Г.Дамдинням сайд тайлбарласан. Р.Сэддорж дарга орон нутаг дахь нефтийн бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийн нөхцөл байдлын талаар тодруулж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт авсан. Орон нутаг дахь нефтийн бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийг бүрэн хянаж ажиллаж байгаа гэдгийг ажлын хэсгээс мэдээллээд “Өчигдрийн байдлаар 40 орчим суманд АИ92 авто бензин хязгаарлалттай олгож байгааг сайжруулахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд буюу долоо хоногтоо шийдэх боломжтой гэж тооцсон. Гэхдээ түгээлт тасралтгүй үргэлжилдэг болохоор нэг газар хүргэж байхад нөгөө газар дуусаж байдаг онцлог бий” гэдэг хариултыг өгсөн.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд дулааны цахилгаан станцуудын хаягдал үнстэй холбоотой асуудлаар мэдээлэл сонслоо. Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүний санаачилгаар 2025 оны зургадугаар сарын 04-ний өдөр Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон Инновац цахим бодлогын байнгын хороо хамтран “Хаягдал үнсний ашиглалт, байгаль орчны нөлөөллийн талаар салбар дундын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Байнгын хороод татан буугдаж, эрхлэх асуудлын харьяалал, чиг үүрэг нь Эдийн засгийн байнгын хороонд шилжсэн тул тус хэлэлцүүлгийн үр дүнг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх шаардлагатай болсныг Р.Сэддорж дарга танилцууллаа. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийг үндэслэн дулааны цахилгаан станцуудын хаягдал үнстэй холбоотой асуудлаарх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буйг тодотгов.
Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтран хэлэлцүүлэгт ДЦС-уудын төлөөлөл, мэргэжилтэн, судлаачид оролцож цахилгаан станцууд дахь хаягдал үнсийг хэрхэн ашиглах, хэрэглээг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн болохыг С.Цэнгүүн гишүүн танилцууллаа. Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан тогтоолын төслийн талаар тухайн үед холбогдох Байнгын хороод хэлэлцээд, гишүүд саналаа өгч, дэмжсэн ч хэдий ч тогтоолын төслийг батлах хэлэлцүүлгийг явуулж амжаагүй талаараа дурдав. 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Улсын Их Хурлын зохион байгуулалтыг цомхон, үйл ажиллагааг боловсронгуй болгон сайжруулах, бодлогын шийдвэрийг илүү мэргэшсэн байдлаар хэлэлцэн уялдаа холбоотой, нэгдмэл байдлаар гаргах шаардлагын хүрээнд 11 Байнгын хороог 8 болгон өөрчилж, Эдийн засгийн байнгын хороонд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороог нэгтгэсэн тул энэхүү төслийн хэлэлцүүлгийг ийнхүү Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх болсныг тайлбарлав.
Цахилгаан станцуудын үнсийг зайлуулахын тулд нэг цахилгаан станц 200-300 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Тухайлбал, ТЭЦ 4 хоёр тэрбум төгрөг зарцуулсан бол ТЭЦ 3-ын үнсэн сан дүүрээд, нийслэлээс шинэ газар авч, дүүрсэн үнсэн сангаа зөөвөрлөж байгаа гэдгийг танилцуулгад дурдсан. Энэ байдал байгаль орчин, хүний эрүүл мэндэд асар сөрөг нөлөөтэй гэдгийг С.Цэнгүүн гишүүн танилцуулаад “Бусад улс станцын үнснийхээ 40 орчим хувийг ашигладаг. Харин манайд 5 орчим хувийг нь ашиглаж байна. Үнсийг замын чигжээс, барилгын материал үйлдвэрлэлд ашиглах боломжтой байдаг. Үүнтэй холбоотой хууль тогтоомжууд нь байдаг ч хэрэгжилт бага учраас хэрэгжилтийг хангахыг Засгийн газарт үүрэг болгох холбогдох тогтоолын төслийг танилцуулж байгаа гэв.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл асуулт асууж, хариулт авсны дараа төслийг батлах санал хураалтыг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Мон
English