Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын чуулганы өнөөдөр (2025.11.27)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд үдээс өмнө Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлаар санал хураалт явуулав. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.8 хувь, хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.4 хувь, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 59.6, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 60.7 хувь, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.4 хувь, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 59.6 хувь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 53.9 хувь, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 59.6 хувь, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 59.6 хувь, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 61.8 хувь нь тус тус дэмжлээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллэв.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой уялдуулан бусад нам, эвслийн бүлэгтэй зөвшилцсөний үндсэн дээр ирүүлсэн “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Дамдинням, З.Мэндсайхан нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Х.Ганхуягийг Өргөдлийн болон Төсвийн байнгын хорооны, М.Бадамсүрэн, О.Саранчулуун нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Н.Учрал, Б.Энхбаяр нарыг Хууль зүйн байнгын хорооны, Ж.Бат-Эрдэнэ, Б.Тулга нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, О.Саранчулууныг Өргөдлийн байнгын хорооны, Ж.Батжаргал, Н.Учрал нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Н.Наранбаатар Төсвийн байнгын хорооны, С.Амарсайхан, Г.Дамдинням, Л.Мөнхбаатар, Б.Тулга нарыг Хууль зүйн байнгын хорооны, Л.Энх-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллуулахаар заажээ. Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.2 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн тул батлагдсанд тооцож, Улсын Их Хурлын дарга Н.Учрал эцсийн найруулгыг уншиж сонсголоо.
Үүний дараа Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр энэ сарын 25-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Тэрбээр Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын тосны бүтээгдэхүүний 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай улсын нөөцийн шатахууны агуулахын барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж заасныг дурдаад, улс орны нийгэм, эдийн засгийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэсэн юм.
Улс орны нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 2.4 сая тонн, 2024 онд 2.8 сая тонныг импортлон хэрэглэж байсан бол 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2.3 сая тонныг импортлоод байгаа ажээ. Ард иргэдийн өргөн хэрэглэдэг АИ92 авто бензиний хэрэглээ 2024 онд сард дунджаар 60 000 тонн байсан бол 2025 онд 80 000 тоннд хүрч өссөн ч ОХУ-ын Роснефть компаниас гэрээний хүрээнд хөнгөлөлттэй үнээр буюу 705 ам.долларын тогтмол үнээр нийлүүлж буй энгийн АИ92 авто бензиний сард нийлүүлэх хэмжээ тодорхой шалтгааны улмаас 60 000 тонноор хязгаарлагдаж, нэмэгдүүлэх боломжгүй болсныг сайд Г.Дамдинням мэдээлэв. Мөн уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад дизель түлшний хэрэглээ сард 140 000 тоннд хүрээд байгаа ажээ. Иймд дутагдаж буй 20 000 орчим тонн АИ92 авто бензин, 25 000 орчим тонн дизель түлшийг бусад эх үүсвэрээс буюу БНХАУ-аас худалдан авахаас аргагүй болоод байна гэж тэрбээр танилцууллаа.
Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч бол ОХУ. Тус улсын Засгийн газар болон нийлүүлэгч компаниуд дотоодынхоо зах зээлийн нөхцөл байдал, эрэлт нийлүүлэлттэй холбоотойгоор экспортыг хязгаарлах, үйлдвэрлэлийн процесс, ээлжит засвар, төлөвлөгөөт ажил зэргээс шалтгаалан нийлүүлэлтийг бууруулах зэрэг арга хэмжээг авсаар ирсэн нь манай улсын шатахууны хангамжийн тогтвортой байдалд шууд нөлөөлж, тасалдал, хомсдол үүсгэн, эрэлтийг нэмэгдүүлж, үнийн хэлбэлзлийг бий болгосоор ирснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд илтгэлдээ онцолж, шатахуун хангамжийн тогтвортой байдлыг хангах, улсын хэмжээнд 30-аас доошгүй хоногийн тогтмол нөөцтэй байх, уг нөөцийг бүрдүүлж хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх хүрээнд импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, шуурхай шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай болох шаардлага зүй ёсоор тулгарч байгааг дурдав.
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн танилцуулав. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл хууль батлагдсанаар гарах үр дүн болон дотоодод үүсээд байгаа шатахууны хомсдол, тасалдлын нөхцөл, шалтгаан, хариуцсан яам энэ талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тухай, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд хуулийн төсөлд тухайлсан хуулийн этгээдийн үнэт цаас худалдаж авах, баталгаа гаргах зэрэг Монголбанкны үйл ажиллагаанд хориглосон санхүүжилтийн арга хэмжээг авахаар тусгасан нь зохистой эсэх талаар, санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн дүн нь тодорхой биш, Засгийн газар, Төв банканд өрийн дарамт үүсэхээр байгаад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж хууль батлагдсанаар гарах үр дүн, үүсээд байгаа шатахууны хомсдол, тасалдлыг ямар хугацаанд шийдвэрлэх, аймаг, орон нутагт нөхцөл байдал харилцан адилгүй байгаагийн шалтгаан, нөхцөлийн талаар асууж хариулт авсан байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх тухай санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд ороцсон гишүүдийн 65 хувь нь дэмжжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Б.Пунсалмаа, Б.Жаргалан нар асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд шатахууны 3-6 сарын нөөцийг агуулах сав бэлтгэхэд ямар хугацаа, хөрөнгө санхүүжилт орох, нэмж бэлтгэх савны хэдэн хувь нь хувийн хэвшилд оногдох, БНЭУ-ын зээлээр хэрэгжүүлж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр” төсөл ямар хугацаанд ашиглалтад орох зэргийг асууж хариулт авав. Түүний асуултад хариулахдаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны 3-6 сарын нөөцийг бүрдүүлэх хэмжээнд савныхаа хүчин чадлыг хүргэнэ гэвэл 3.0 их наяд орчим төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэлээ. Батлах хамгаалах салбарыг эс тооцвол төрийн эзэмшлийн нөөцийн сав байхгүй гэдгийг таэрбээр тодотгож, савныхаа хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зээл өгч, тэдний хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн үг болохыг тайлбарлаад, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2027 оны эхний хагас жилд багтаан дуусгана гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн гэх нэр томъёоны талаар тодруулан асууж, шатахууны хомсдол, тасалдал нь авто бензин, дизель түлшний үнийг зохицуулалттай, хямдралтайгаар шийдвэрлэж ирснээс үүдэлтэй гэж үзэж байгаагаа, мөн ОХУ-ын Роснефть компанитай хийсэн гэрээ 2028 онд дуусах тул цаашид зах зээлийн үнийг баримтлах, онцын шаардлагагүй нөхцөлд Монголбанкны бие даасан байдалд халдахгүй байх нь зүйтэй гэсэн байр сууртай байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нөөцийн савнууд төрийн гэсэн статустай явах эсэхийг асууж, төрийн өмчийг акталж хувьчлах маягаар ууршуулж алга болгодгийг анхааруулж, үнийн хямд дээр нөөц бүрдүүлэхийг зөвлөн, баруун бүсийн аймгуудын шатахууны хангалтанд анхаарч ажиллахыг хүслээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир шатахууны нөөцийн савыг урьд өмнө яагаад бэлдээгүйг асууж, газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгө олгохоор заасан нь хуулийн гол үзэл баримтлалтай нийцэхгүй байгааг анхааруулсан юм. Мөн тэрбээр шатахууны хангамж, нөөцлөх хүчин чадлын асуудлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэх тухайд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржтой санал нэг байгаагаа хэлээд одоо байгаа ганцхан сарын нөөц хадгалах саваа 2-3 сарын хэрэглээг даах хүчин чадалтай болгоход чиглэсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа ОХУ-аас орж ирэх шатахууны хангамж, нийлүүлэлт удааширч байгаа үед хоёрдогч, гуравдагч эх үүсвэрийнхээ хэмжээ, боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй гээд, Замын-Үүд боомтын ачих, буулгах хүчин чадлыг нэмэгдүүлэх, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увсын боомтуудыг байнгын ажиллагаатай болгох шаардлагатайг дурдав. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан Засгийн газраас асуудлыг аль болох яаралтай горимоор оруулж ирэхгүй байх, гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг заавал Улсын Их Хурлаар батлуулж, хариуцлагаас зугтахгүй байхыг зөвлөж, Төв банкны эрх хэмжээнд халдахгүй байх тухай өмнө үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүдтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлэн, импортын түлшнээс хараат байдлаа эцэс болгох шаардлагатайг санууллаа.
Ингээд Эдийн засгийн байнгын хорооны саналаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Мон
English