Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.28) хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр 22 цаг 05 минутад эхэлж, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцуулав.


“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcний дагуу саналуудыг бэлтгэсэн гэлээ. Тодруулбал, төслийн 2 дугаар хавсралтын “Хөдөлмөр, нийгмийн 3 талт түншлэлийг бэхжүүлэх хүрээнд хамтын гэрээ, хэлэлцээрийн чанарыг сайжруулах, тоог нэмэгдүүлэх; 2, 3 дугаар хавсралтад “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд төрийн сонгуульд оролцох боломжийг нэмэгдүүлнэ” гэсэн саналуудыг холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулан гүйцээн боловсруулсон байна.


Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй саналыг томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.


Ийнхүү улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл