Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд өнөөдөр (2025.12.01) Төрийн ордонд олон улсын онол, практикийн хэлэлцүүлгийг хийлээ.
“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт тус хэлэлцүүлгийг Монгол Улсад шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эвлэрүүлэн зуучлах төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талаар нарийвчилсан зохицуулалтыг бий болгох, институцийн бүтэц болон практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа эдийн засаг, бизнесийн салбарын хөгжилд нийцүүлэн арилжааны маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгцээ шаардлага, хувийн эвлэрүүлэн зуучлалын шинэчлэлийн арга замын талаар Улсын Их Хурлын гишүүд болон бусад албаны хүмүүст мэдээлэл хүргэх, санал солилцох зорилгоор зохион байгуулсан юм.
Олон улсын онол, практикийн хэлэлцүүлгийн модератороор Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х. Баасанжаргал нар ажиллав.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Зохион байгуулагч талуудад тэрбээр талархал илэрхийлээд “Монгол Улсын парламентын зүгээс шүүхийн ачааллыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд шударга, хүртээмжтэй, үр дүнтэй маргаан шийдвэрлэх орчин бий болгох нь хууль тогтоох үйл ажиллагааны чухал чиглэлүүдийн нэг хэвээр байна. Өнөөдөр дэлхий дахинаа шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх тогтолцоо (ADR) нь зөвхөн шүүхийн ачааллыг бууруулах бус, эдийн засгийн эргэлтийг түргэсгэх, талуудын харилцааг хадгалж үлдэх, бизнесийн орчныг тогтвортой байлгах нэн чухал механизм болжээ. Монгол Улс ч эдгээр чиг хандлагын дагуу эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог үе шаттай бэхжүүлж ирсэн бөгөөд эрх зүйн орчны хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, мэргэжлийн хүний нөөц бэлтгэл бодитоор ахиж байгаа нь сайшаалтай” гэлээ.
Энэхүү сэдвээр олон улсын онол, практикийн хэлэлцүүлгийг зохион байгуулж буй нь Улсын Их Хурал хууль тогтоох бодлогоо олон улсын сайн туршлагад тулгуурлан боловсронгуй болгож, талуудын оролцоог өргөн хүрээнд хангах нээлттэй, хамтын ажиллагааны зарчимтай нийцэж байгааг тэрбээр тэмдэглэв. Хууль зүйн байнгын хороо маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах талаарх олон улсын туршлага, судалгааг дэмжих; талуудын оролцоотой нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх; хууль тогтоомжийн чанар, хэрэгжилтийг сайжруулах чиглэлд бодлогын түвшний хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг Д.Цогтбаатар дарга илэрхийлэв. Хууль тогтоох байгууллагын хувьд олон нийтийн дэмжлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, салбарын мэргэжлийн оролцогчдын дуу хоолойг сонсох, бодит хэрэгжилт, хүний эрх, шударга ёсны зарчмыг ханган хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг дурдлаа. Хэлэлцүүлгийн үр дүн, мэргэжлийн байгууллагуудын санал, судлаач, практик ажилтнуудын байр суурь нь парламентын цаашдын бодлого, хууль тогтоох үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй хэмээн үзэж байгаагаа нээлтийн үгэндээ тэрбээр онцолсон.
Өнөөдөр оролцогч талууд хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохын зэрэгцээ Монгол Улсын бизнес, иргэний эрх зүйн орчныг сайжруулах, шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн ачааллыг бууруулах, иргэд, байгууллагын эрх ашгийг хамгаалах томоохон институцийн шинэчлэлд оролцож байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга хэлээд амжилт хүсэв.
Үргэлжлүүлэн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд үг хэлсний дараа “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийн олон улсын зөвлөх, Сингапурын Менежментийн их сургуулийн Эрх зүйн профессор (практик), Сингапурын Олон улсын маргаан шийдвэрлэх академийн захирал Надяа Александер “Арбитрын ажиллагаанд эвлэрүүлэн зуучлалыг ашиглах боломж, зохицуулалтын орон зай” сэдэвт илтгэлийг цахимаар) танилцуулав. Олон улсын маргааныг XX зуунд арбитрын шүүхүүдээр шийддэг байсан бол энэ зуунд эвлэрүүлэн зуучлах харилцаа эхэлж, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг төв олноор байгуулагдсан гэлээ. Монгол Улсад ч энэ төрлийн үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд олон улсад Сингапурын эвлэрүүлэн зуучлалын конвенц тэргүүтэй олон улсын олон арга механизмын хүрээнд явагддаг болохыг тайлбарласан. Олон улсын хэмжээндээ арбитрын үйл ажиллагаанд эвлэрүүлэн зуучлах цонх гэдэг ойлголт үүсээд байгаа бөгөөд аливаа маргааныг тохирох арга замаар шийдвэрлэхээр эрэлхийлдэг болсон байна. Илтгэгч Надяа Александер үргэлжлүүлэн Сингапурын Олон улсын маргаан шийдвэрлэх төвийн үйл ажиллагааны талаар, мөн арбитрын үйл ажиллагаатай зэрэгцүүлэн явуулсан эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны хүрээнд болсон 15 жилийн өмнөх маргааны жишээг танилцуулсан. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын маргаан дээр арбитр болон эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг хослуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгааг дурдаж, холбогдох судалгааны дүнг танилцуулав. Аливаа маргааныг шийдвэрлэхэд арбитр болон эвлэрүүлэн зуучлалын холимог хэлбэрийг зэрэгцүүлэн ашиглах нь илүү үр дүнтэй хэмээн үзэж байгаа сүүлийн үеийн хандлагын талаар тайлбарласан. Арбитр нь эрх зүйн хүрээнд маргааныг шийдвэрлэдэг бол эвлэрүүлэн зуучлал нь маргагч талуудыг уялдуулан зохицуулах үйл ажиллагаа явуулдаг. Тухайн маргаанд тохирсон арбитрын элементүүдийг, эвлэрүүлэн зуучлалын тохирох элементүүдтэй хослуулан хэрэглэх нь илүү бүтээлч, үр дүнтэй арга болж байгааг тайлбарлаад үйл явцын шударга байдлыг хангах нь хамгийн чухал хэмээн тодотгож байв. Үйл ажиллагааныхаа хүрээг зөв тодорхойлж, шударга байдлыг хангаж, эрх чөлөөг хангаж чадвал арбитр болон эвлэрүүлэн зуучлалын холимог хэлбэр нь үр дүнтэй хэмээн үздэг болж байгаа аж.
Үргэлжлүүлэн тэрбээр эвлэрүүлэн зуучлалын Сингапурын конвенцын талаар товч танилцуулсан юм. Энэхүү конвенц нь нэгдэн орсон улс орноос тусгайлсан эрх зүйн орчин шаардахгүй бөгөөд хийдлийг нөхдөг, эвлэрүүлэн зуучлалыг цахимаар гүйцэтгэх боломжтойгоор зохицуулсны зэрэгцээ аливаа маргааны эвлэрүүлэн зуучлалд шүүхийг оролцуулах үндэслэлүүдийг тусгасан байдгаараа онцлогтой аж. Түүнчлэн конвенцод нэгдэн орсон талуудын бие даасан байдлыг нэн чухалчилдаг болохыг танилцуулсан.
Дараа нь төслийн үндэсний зөвлөх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ “Арилжааны эвлэрүүлэн зуучлалын олон улсын тогтолцооны загварууд болон хэрэглээ, Сингапурын эрүү болон зөрчлийн хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг нэвтрүүлсэн туршлага” сэдэвт илтгэл танилцууллаа. Итали Улсад эвлэрүүлэн зуучлагчдыг бүртгэх, холбогдох хариуцлагын асуудлыг тус улсын Хууль зүйн яам нь хариуцдаг бөгөөд сургалт явуулах, эрх олгох зэргээр төрийн оролцоотой байдаг аж. Турк Улсын хувьд эвлэрүүлэн зуучлал эрхлэхийн тулд эрх зүйч мэргэжилтэй, хуулийн салбарт таван жил ажилласан байхыг шаарддаг бол Австри Улсын хувьд 25 насанд хүрсэн, бакалаварын боловсролтой, эвлэрүүлэн зуучлалын сургалтад хамрагдсан байх шаардлага тавьдаг аж. Нийтлэг байдаг жишиг шалгуур нь хариуцлагын даатгалд хамрагдсан байхыг шаарддаг байна. Олон улсын жишигтээ эвлэрүүлэн зуучлалын эхний уулзалтын талаарх зохицуулалт онцлог байдаг бөгөөд энэ талаарх дээрх гурван улсын жишээ, тоо баримт, үр дүнгийн талаар танилцуулсан. Маргагч талууд ашиг сонирхлоо анхаарах, маргааныг энгийнээр эхний шатанд шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлалын эхний уулзалт нэн чухал байдаг аж. Мөн маргааны бүх шатанд эвлэрүүлэн зуучлалын орон зайг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь олон талын ач холбогдолтой, иймд маргааны бүх шатны оролцогчдод энэ талаарх ерөнхий мэдээлэл, мэдлэг олгох сургалтад хамруулдаг болохыг танилцуулсан юм. Шүүхээр маргаан шийдвэрлэх хугацаанаас харьцангуй бага хугацааг эвлэрүүлэн зуучлалаар маргаан шийдвэрлэх үйл явцад зарцуулдаг баримтыг, энэ аргыг ашиглан шүүхийн ачааллыг бууруулсан туршлагыг танилцуулсан юм. Түүнчлэн энэ үйлчилгээний үр дүнд маргагч талууд маргааны дараа энгийн харилцаатайгаар хамтран ажиллаж, амьдрах боломжтой байдгаараа онцлог аж. Эвлэрүүлэн зуучлалын төвүүдийг сонголт хийх боломжтойгоор олноор байгуулах, мэргэжлийн гэхээс гадна тухайн орчиндоо нөлөө бүхий нэгэн үйлчилгээ авагч талд ачаалал үүсгэхгүй байхуйц хэмжээний төлбөрөөр энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг байх гарцууд байдгийг илтгэгч тайлбарлаж байв. Хариуцлагатай эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг бий болгоод, иргэдэд энэ үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулаад, эрх зүйн орчныг сайжруулснаар маргагч талууд маргааныхаа аль ч шатанд эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг авах боломжтой байвал илүү үр дүнтэй байх боломжтой гэдгийг хэллээ.
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн маргаан эвлэрүүлэн зуучлах төвийн удирдах зөвлөлийн дарга Б.Сэргэлэн олон улсын онол, практикийн хэлэлцүүлгийг гурав дахь илтгэл болох “Арилжааны эвлэрүүлэн зуучлалын олон улсын туршлага” сэдэвт илтгэлийг Европ болон Европын Холбооны гишүүн орнуудын жишээгээр танилцуулсан.
Тэрбээр илтгэлдээ эвлэрүүлэн зуучлалын хөгжлийн товч түүх, НҮБ-ын арилжааны эвлэрүүлэн зуучлалын загвар хууль, Сингапурын конвенц, Европын холбооноос 27 гишүүн улсдаа эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг үндэсний хууль тогтоомждоо тусгах агуулга бүхий 2008 оны 52 дугаар удирдамжийн талаар танилцуулсан. Түүнчлэн ХБНГУ болон БНАвстри Улсын талаарх тоо баримт, энэ төрлийн үйл ажиллагааны туршлагыг танилцуулаад төгсгөлд нь даатгалын системтэй эвлэрүүлэн зуучлалыг холбох, эдийн засгийн үр нөлөөний талаар танилцуулав.
Эвлэрүүлэн зуучлалын нэн эртний түүх бий ч орчин цагт 1970-аад оноос АНУ-д шүүхийн ачааллыг бууруулах, маргааныг богино хугацаанд хямд өртгөөр шийдвэрлэхээр хөгжиж эхэлсэн байна. Тус улсад хамгийн чадварлаг хуульчид эвлэрүүлэн зуучлалыг эрхэлдэг байна.
Эвлэрүүлэн зуучлалын олон улсын эрх зүйн хүрээний талаар илтгэгч мэдээлэл өгөв. Европын холбоо 2008 онд иргэний болон худалдааны маргааны эвлэрүүлэн зуучлалын ерөнхий зохицуулалтыг баталсан байдаг бөгөөд гишүүн 27 улсдаа энэ төрлийн зохицуулалтыг хэрэгжүүлэх удирдамж болсон байна. Энэхүү баримт бичгийн хүрээнд 430 гаруй эвлэрүүлэн зуучлалын төв үйл ажиллагаа явуулж, жилдээ 300 мянга гаруй хэрэг маргааныг шийдвэрлэдэг бөгөөд 50 дээш хувийн үр дүнтэй байдаг гэлээ.
ХБНГУ 2012 онд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг баталсан бол Монгол Улс 2013 онд баталсан байна. ХБНГУ-д 120 цагийн сургалтад сууснаар энэ төрлийн үйл ажиллагааг эрхлэх эрхтэй болж, тогтмол хугацаанд сургалтад хамрагдан эрхээ шинэчилж байх үүрэг хүлээн, зохих хэмжээний өртөгтэйгөөр үйлчилгээ үзүүлдэг аж. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлсний 70-80 хувь нь амжилттай болдог гэв. Үргэлжлүүлэн илтгэлдээ тус улсын энэ төрлийн үйлчилгээний эрх зүйн зохицуулалт, үр нөлөөний талаар мэдээлэл өгсөн.
БНАУ-ын жишгийн талаар мөн танилцууллаа. Тус улсад хууль зүйн салбарын төрийн захиргааны байгууллага нь эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ үзүүлэгчдийн жагсаалтыг баталдаг бөгөөд жагсаалт дахь төвүүдээс үйлчилгээ авах үед хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлдэг, тэдгээрийг шүүхэд дуудахгүй байх зэрэг давуу эрх эдэлдэг байна. Бүртгүүлэх шалгуур ХБНГУ-тай харьцуулахад өндөр буюу жилд 365 цагийн сургалтад хамрагдан таван жилийн хугацаатай батламж авч, үүнийгээ дахин 10 жил сунгах боломжтой байдаг байна. Мөн хамгийн багадаа 400 мянган еврогийн мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх шаардлагыг тавьдаг аж. Зарим төрлийн маргааныг заавал эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээгээр орох шаардлагыг тавьдаг бөгөөд үр дүн нь 90 хувь байдаг гэдэг тоон мэдээллийг танилцуулав.
БНАвсрти Улсад Хууль зүйн яам нь хариуцдаг бол ХБНГУ-д мэргэжлийн холбоод нь хариуцдаг байна. Даатгалын хувьд мэргэжлийн хариуцлагын даатгал буюу эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ үзүүлэгчийн эсрэг гарах нэхэмжлэлээс хамгаалах зорилгоор 540.000-2.3 сая хүртэлх ам.долларын даатгал хийдэг байна. Үүгээрээ даатгалын зах зээлийг зохих хэмжээгээр тэлдэг ач холбогдолтой аж. Мөн гэрээний маргааны даатгалын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
ИБУИНВУ-ын хувьд эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлснээр жилд 25.4 тэрбум ам.доллар, үйл ажиллагааны зардлаас 7.5 тэрбум ам.долларыг хэмнэдэг бөгөөд 1990 оноос хойших эдийн засгийн үр ашгийг тооцвол 248 тэрбум ам.долларыг хэмнэсэн гэдэг тооцоог гаргасан байдаг аж. 2022 онд тус улсад 17 мянган маргааныг энэ төрлийн үйлчилгээгээр шийдвэрлэсэн байдаг байна. Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны үр дүн 92 хувьтай гэдэг тоо баримтыг илтгэгч танилцуулаад анхны уулзалтаар маргааны 73 хувийг шийдвэрлэдэг бол 20 хувийг долоо хүртэлх хоногийн хугацаанд шийддэг байна. Дээрх хэмнэлтийн 80 орчим хувь нь шүүхийн үйл ажиллагаанаас гардаг, хугацааны хувьд 3-6 сарыг хэмнэдэг байна. Мөн биечлэн шийдвэрлэх шаардлагагүй, цахимаар маргааныг хэлэлцэн, эвлэрүүлэн зуучлал хийж болдогтой холбоотойгоор эдийн засгийн хэмнэлт гардаг байна.
Европын холбооны улсуудад бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн маргаан буюу 5000 хүртэлх еврогийн маргааныг бичгээр явуулж, нэгдсэн загвар бүхий маягтыг бөглөөд 40-115 ам.доллар орчмын төлбөр төлөөд, маргаан үүсгэж болдог. Шийдэгдсэний дараа энэхүү төлбөрөө шүүхээс буцаан авах боломжтой байдаг байна.
Энэхүү жишгийг Монгол Улсад нэвтрүүлбэл нэн тохиромжтой хэмээн үзэж буйгаа илтгэгч тэмдэглээд гэр бүлийн эвлэрүүлэн зуучлал тодорхой түвшинд хөгжөөд буй суурин дээр шинэчлэн найруулж буй төсөл батлагдан, хэрэгжсэн тохиолдолд хувийн эвлэрүүлэн зуучлалын төвүүд байгуулагдан, мэргэжлийн холбоод төлөвших ач холбогдолтой гэлээ. Үр дүнд нь шүүхийн ачаалал буурч, маргаан үүсгэлгүй орхигддог хэргүүд ч шуурхай шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ хэмээн харж буйгаа хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр тогтолцоог бэхжүүлэх, дэмжих арга хэлбэрүүдийн талаар саналаа танилцуулсан.
“Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан хувийн эвлэрүүлэн зуучлалын шинэчлэл” сэдэвт дөрөв дэх илтгэлийг “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийн үндэсний зөвлөх, судлаач Г.Цагаанбаяр танилцуулав.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О.Оюунзул дэлгэрэнгүй танилцуулав.
“Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийн үндэсний зөвлөх, судлаач Ж.Бариаширсүрэн “Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтооход тулгамдаж буй асуудал” илтгэлийг шүүхийн жишээнд тулгуурлан танилцуулав.
“Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шинэчлэлийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт илтгэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа танилцуулсан бол Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д.Түмэнжаргал “Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал” сэдэвт илтгэлийг танилцуулсан.
“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” олон улсын онол, практикийн хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал үг хэлэв. Хэлэлцүүлгийн оролцогчдод холбогдох санал олон байгааг Х.Баасанжаргал гишүүн тэмдэглээд, хуулийн төслийн боловсруулах үйл явц хараахан дуусаагүй байгаа учраас төсөлтэй холбоотой саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх боломжтой гэдгийг хэлэв. Төслийг шүүхийн цахим шилжилттэй эвлэрүүлэн зуучлалын тогтолцоогоо уялдуулах, энэ төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн тогтолцоо болон журмаар зохицуулдаг харилцааг цөөлөх бодлогод нийцүүлэх хэрхэн шийдвэрлэх боломжтойг эрэлхийлэн, шийдэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа дэлгэрэнгүй тайлбарлав. Улсын Их Хурал өнгөрсөн Баасан гарагт Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталсан болохыг Х.Баасанжаргал гишүүн тэмдэглээд, тус баримт бичигт зарим төрлийн маргааныг шүүхийн өмнөх шат руу шилжүүлэх гүйцэтгэлийн шалгуурыг тусгах боломжтой байсныг хэлэв. Гэхдээ энэ шалгуур үзүүлэлтийг холбогдох салбарын яамдын ажлын гүйцэтгэлийн шалгуур болгож, Хууль зүйн байнгын хороо харьяа салбаруудынхаа гүйцэтгэлд анхаарах боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.
Маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг хэрэгцээ, шаардлага өндөр байгааг тэрбээр дурдаад хүний эрхийн боловсролоос гадна бусад арга ажиллагааг ашиглаж ийм төрлийн соёлыг нэвтрүүлэх талаар хуульчид сайтар тунгааж, судалж, анхаарал хандуулах шаардлага бий гэдгийг хэлж байсан. Монгол Улс боловсролын хөтөлбөрөө шинэчилж буй энэ цаг үед харьяа яамтай уулзаж, энэ төрлийн агуулгыг хөтөлбөрт шингээх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд дэх зохицуулалтыг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулах зорилгоор туршлагатай эвлэрүүлэн зуучлагч нар ажиллаж, саналаа нээлттэй ирүүлэхийг хүсэв. Хууль зүйн байнгын хорооны зүгээс бүрэн дэмжиж, нээлттэй хамтран ажиллана гэдгийг тэрбээр илэрхийлсэн юм.
Төрийн ордонд болсон олон улсын онол, практикийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Шүүхийн академи, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын Танхим, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Олон Улсын Арбитр, Монголын банкны холбоо, Банк бус санхүүгийн байгууллагын холбоо, хуулийн сургуулийн эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн төлөөлөл оролцон дээрх илтгэлүүдийн хүрээнд сонирхсон асуултаа асууж, эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой байр сууриа илэрхийлэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Мон
English