“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг баталсан бөгөөд тус журмын зорилго нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, улсын тусгай хэрэгцээнээс гаргах болон улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. Улмаар аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн захиргааны төв болон Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллага нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах юм байна. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын тусгай хэрэгцээнд авсан газрын зориулалтаас хамаарч холбогдох төрийн захиргааны төв байгууллага, эсхүл Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарах бусад байгууллага, эсхүл төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчтэй “Улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах гэрээ”-г байгуулна. Тус журамд заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах горим, дэглэмийг зөрчсөн тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь холбогдох гэрээг цуцлах, газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргах талаар санал гаргаж болно.
Мөн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтын мэдээллийн санг бүрдүүлэн хөтөлнө.
Түүнчлэн тус дугаарт нийтэлсэн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг ... үзэл бодол ...-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай” 31 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English