Цэс

Холбоо барих

ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.02) хуралдаан 11 цаг 51 минутад гишүүдийн 51.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр товлов.

Эхлээд Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.


Урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан энэ оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн байна. Хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулийн нэг нь 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль боловч тус хууль нь гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалахгүй, хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс практикт гэр бүлийн харилцааны олон асуудал гарахад хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгааг илтгэлд дурдсан. Гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалт, гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах нөхцөл, хүйс солиулах нь гэрлэлтэд ямар үр дагавар үүсгэх, хамтын тээгч эхээр хүүхэд тээлгэх зохиомлоор үр суулгах нь гэр бүл өв залгамжлалын эрх зүйгээр хэрхэн зохицуулах гэх зэрэг шинэ тутам тулгамдаж буй асуудлуудыг өдгөө хэрэгжиж буй хууль бүрэн зохицуулж чадахгүй байгаа гэв. Иймээс хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан байна.

Монгол Улсад гэрлэлт цуцлалтын хувь хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа хэдий ч гэрлэлт цуцлахдаа хүүхдийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байгаа аж. Иймд гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах, эцэг, эсхүл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалтай хамтад нь заавал шийдвэрлэхээр тусгасан байна.


Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтоох нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгажээ. Гэрлэлт дуусгавар болсноос тусдаа амьдрах болсон эцэг, эсхүл эх хүүхэдтэйгээ уулзах, уулзуулах үүргийг хуульчилж, хүүхэдтэйгээ уулзахгүй, эсхүл хүүхэдтэй нь уулзуулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар албадан биелүүлж, шийтгэл оногдуулахаар тусгаж, хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эх байх үүргийн биелэлтийг нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгох нь зүйтэй гэж үзжээ.

Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүлэхээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Мөн таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзэхээр тусгасан гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.


Цус ойртолтоос сэргийлж, гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж болохоор тусгасан байна. Хүүхэд үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг байсныг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн шүүх шийдвэрлэдэг байхаар өөрчилж байгаа аж. Хүүхдийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгийг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлийн талаар тусгасан гэв. Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлах тохиолдолд буруутай гэрлэгчээс нөгөө тал сэтгэл санааны хохирол нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэхээр тусгасан байна. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна.

Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэх гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар, мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болбол өөр хүний бэлгийн эс ашигласан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгажээ. Хуулийн төслийг дагалдуулан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 хуулийн төслийг боловсруулсныг С.Бямбацогт сайд танилцууллаа.


Төсөл санаачлагчийн илтгэл болон төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Д.Пүрэвдаваа, Х.Баасанжаргал, О.Алтангэрэл, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав.

Нийгмийн өөрчлөлт, хөгжлийг дагаж энэ хуулийг шинэчлэх цаг нь болсон гэж үзэж буйгаа Ц.Сандаг-Очир гишүүн илэрхийлээд гэр бүлийн талаарх боловсролыг ерөнхий боловсролын болон их сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгасан эсэхийг тодрууллаа. Боловсролын ерөнхий хуульд бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт хувь хүн, гэр бүлийн төлөвшил, амьдрах ухаан, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл тэргүүтэй хэд хэдэн агуулгыг заавал тусгаж, боловсролын сургалтын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлэхээр заасан байдаг, салбарын яам хуулийг хэрэгжүүлэх хүрээнд сургалтын хөтөлбөртөө энэ агуулгыг тусгах үүрэг хүлээдэг хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар хариулсан.  Түүнчлэн хуулийн төслийн 5.4 дэх хэсэгт “Гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь анх удаа гэрлэж байгаа бол гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдах бөгөөд сургалтын агуулга, сургалтад хамруулах журмыг гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тусгасан. Энэ сургалтын гол зорилго нь анх удаа гэр бүл болж байгаа гэрлэгсдэд гэр бүлийн үнэ цэн, хүлээх үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл, ойлголт өгөх бөгөөд гэр бүлийн үнэт зүйл, үндэсний соёл, уламжлал, зан заншлыг хүүхдэдээ өвлүүлэх, оюун санааны дархлааг бэхжүүлэх зэрэг үүргийг шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд тусгаж байгаа гэв.


Аливаа асуудалд төрийн оролцоог бууруулах үзэл баримтлал бүхий дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан болохыг Д.Пүрэвдаваа гишүүн тэмдэглээд хүүхдийн  асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчээр дамжуулан хүүхдийн саналыг авахаар тусгасан байгааг, хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх явцад шүүх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бол хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахаар тусгасан байгаагийн эдийн засгийн болон хүний нөөцийн тооцоолол, боломж бий эсэх талаар тодруулав. Мөн гэрлэгсдэд сургалтад хамрагдах, шинжилгээ өгөх зэрэг шаардлагыг тавьсан байгааг онцлоод сургалтын байгууллагыг хэрхэн зохион байгуулах, төлбөр, зардлыг хэрхэн төлөвлөсөн талаар лавлав.


Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийн асуудал нь Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулсантай холбоотойгоор олон улсын жишгийн дагуу бий болох мэргэжилтэн бөгөөд  энэ шинжээч гэр бүл цуцлахтай холбоотой асуудал дээр гэр бүлийн нөхцөл байдлыг судлаад, шүүхийн бүтцэд ажиллан гэр бүл цуцлах үйл явц дунд хүүхдийн эрх ашгийг тэргүүн зэрэгт хамгаалах үүргийг хүлээх зохицуулалттай гэв. Шүүхийн ерөнхий зөвлөл болон гэр бүл, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ төрлийн хүний нөөцийг бэлтгэх үүрэг хүлээдэг хэмээн хариулсан. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бэлгийн замаар дамжих халдвар болон хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн шинжилгээ өгч тодорхойлолт гаргуулсан байх бол ДНХ-ийн удам зүйн шинжилгээг сайн дурын үндсэн дээр өгөх зохицуулалтыг тусгасан байна. Холбогдох зардлыг өөрсдөө төлөх үүрэгтэй гэв. Ийнхүү төрөөс сургалт, шинжилгээ шаардах нь нэг төрлийн бизнесийг төрөөс бодлогоор дэмжиж байгаа хэлбэр хэмээн үзэж буйгаа Д.Пүрэвдаваа гишүүн илэрхийлээд, өргөн дэлгэр газар нутагтай манай улсын хувьд аливаа төрлийн шинжилгээ, сургалтыг шаардах нь, гэрлэлтээ цуцлуулах явц зэрэг нь иргэдэд ихээхэн дарамт үүсгэх эрсдэлтэй хэмээн үзэж буйгаа тайлбарласан. П.Сайнзориг гишүүн ургийн овгийг нэг удаа улс даяар шинэчлэн тогтоох арга хэмжээг өрнүүлэх санал хэлээд тодруулан тайлбарлав. Иргэний улсын бүртгэлийн хуулийн зохицуулалтаар иргэн нэг удаа ургийн овгоо  өөрчлөх эрхтэй байдгийг ажлын хэсгээс тайлбарлаад энэ зохицуулалтын хүрээнд ургийн овгоо цэгцлэх боломж бий гэж үзээд, хуулийн төслүүдэд энэ талаар ямар нэг зохицуулалт тусгаагүй гэв. Түүнчлэн гишүүний тодруулсны дагуу хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний нэг төсөл болох эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлж буй гэр бүл (Foster family/асралт гэр бүл)–ийн харилцааг хуульчлахаар төсөлд тусгасан гэдгээ ажлын хэсэг танилцуулсан. Уг харилцааг гэрээгээр зохицуулах, асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдийн эд хөрөнгийг  зарцуулах, хамгаалах, тэтгэмж, тэтгэлэг түүнтэй адилтгах орлогыг зарцуулалтад хяналт тавих зэргийг энэхүү хуулийн төслөөр зохицуулахаар тусгасан бөгөөд бусад нарийвчилсан зохицуулалтууд Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хэрэгжихээр тусгажээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг эхлээд төрөл садны асаргаанд гэр бүлийн орчинд шилжүүлэх, боломжгүй гэж үзвэл асралт гэр бүл, бүр боломжгүй тохиолдолд асрамж халамжийн газарт харьяалуулан үйлчилгээ үзүүлэхээр заасан байгаа гэлээ. Асралт гэр бүл хэмээн хуулийн төсөлд тодорхойлсон харилцааг зохицуулах нарийвчилсан зохицуулалт байхгүй байгааг П.Сайнзориг гишүүн онцолж байв.


НҮБ-аас 2015 онд Монгол Улсад Засгийн газарт өгсөн зөвлөмжид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, гэр бүлийн асуудал, нийгмийн оролцооны асуудлын талаарх 37 зөвлөмж байгааг Х.Баасанжаргал гишүүн сануулаад, эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан эсэхийг лавласан. Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтуудыг ялган тусгах, тухай бүрд тохирсон зохицуулалтыг тусгаж тэдгээрийн эрхийг хангах, хөгжлийн ялгаатай байдлаас үүдэн ялгаварлан гадуурхагдах эрсдэлийг бууруулах шаардлагатай байгааг хэлж байсан. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч, халамжилж байгаа тохиолдлын онцлог байдалд тохируулан зардал, тэтгэлгийн асуудлыг ялгамжтайгаар зохицуулж байгаа эсэхийг лавлаж, хариулт авсан. Мөн тэрбээр дотуур байрны талаарх асуудлыг хөндөж, гэр бүлийн олон янз байдлын талаар төсөлд хэрхэн тусгасныг тодруулж байсан юм.


Төслийн зохицуулалтууд ялгаварлан гадуурхалтаас ангид байх зарчимд нийцнэ гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөөд гэрлэхийг хүсэгчид хоорондоо асран хамгаалагч, асран хамгаалуулагч, эсхүл харгалзан дэмжигч, харгалзан дэмжүүлэгчийн харилцаатай бол, хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол зэргээр гэрлэхэд харшлах шалтгааныг тоочин дурдсан аж. Бусдаар хөгжлийн ялгаатай байдал, хөгжлийн бэрхшээл зэрэг нь гэрлэхэд харшлах шалтгаан болохгүй гэдэг тайлбарыг өгсөн.

Ийнхүү гишүүд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. С.Одонтуяа, П.Сайнзориг нарын гишүүд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Х.Баасанжаргал гишүүн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа илэрхийлээд, гишүүд ажлын хэсэгт идэвхтэй ажиллахыг уриалахын сацуу суурь харилцааг зохицуулах, чухал хууль гээд зохицуулах боломжгүй харилцааг зохицуулах гээд хүчлэх тохиолдолд эргээд гэр бүлийн харилцааг эрх зүйн хүрээнд хүндрүүлэх нөхцөл байдлуудыг бий болгох эрсдэлтэйг анхаарахыг санууллаа. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 80 хувь нь Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгбүрчлэн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.


Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Засгийн газраас энэ оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулсан юм. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Шүүх байгуулах тухай хуульд Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг тус тус байгуулахаар заасан. Түүнчлэн, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар тогтоолын 4-т нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн болон давж заалдах шатны шүүх байгуулсантай холбогдуулан эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусган Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг даалгасны дагуу төслийг боловсруулсан байна.

Олон улсын туршлагаас үзвэл 1949 онд Япон Улсад байгуулагдсан Гэр бүлийн хэргийн дагнасан шүүх нь Азийн хамгийн анхны энэ төрлийн хэргийн дагнасан шүүх болж, Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх хуулиар гэр бүлийн хэрэгт тохирсон онцлог процесс ажиллагааг нь зохицуулдаг болжээ. Түүнчлэн БНСУ 1963 онд Сөүл хотын Гэр бүлийн хэргийн дагнасан шүүх байгуулагдан гэр бүлийн хэргийг дагнан хянан шийдвэрлэх бие даасан хуулиар гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх онцлог зохицуулалтыг бий болгосон байдаг аж. Иймд Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж байгаа тул олон улсад нэгэнт тогтсон гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг сайн туршлагыг судлан, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэргүүн эгнээнд хамгаалах зорилгоор олон улсын жишигт нийцүүлэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг 5 бүлэг 40 зүйлтэйгээр боловсруулжээ.


Төсөл батлагдсанаар гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг бүрэн тал бүрээс нь шинжлэн судлах, нэг шүүхэд гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг (гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг) хамтад нь шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг нөхцөл бүрдэх юм байна. Төслийг дагалдуулан хууль тогтоомжийн 12 төслийг боловсруулсан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, П.Сайнзориг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсны дараа төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буй эсэх байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


“Нэр дэвшигчийн томилгооны тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр хуралдаан өндөрлөсөн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулав.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.1.1 дэх заалтын дагуу Ерөнхий зөвлөлийн дарга тус зөвлөлийн шүүгч бус гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 120-оос доошгүй хоногийн өмнө ... Байнгын хороонд болон олон нийтэд энэ тухай мэдэгдэх гэсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2021 оны 95 дугаар тогтоолоор томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Баасанжав, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, 96 дугаар тогтоолоор томилогдсон Д.Зүмбэрэллхам нарын бүрэн эрхийн хугацааны талаар Хууль зүйн байнгын хороонд мэдэгдсэн байдаг.


Дээрх гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Байнгын хороо болон Ажлын хэсгээс холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материал хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчдээ бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг парламент.мн цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд сонгон шалгаруулалтыг явуулсан гэлээ.

Тодруулбал, сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл хугацаанд бүртгэхээр тогтож, сонгон шалгаруулалтын зарыг www.parliament.mn цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн сайтуудаар түгээсэн байна.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргах ажлын хүрээнд Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материалыг 21 хоногийн хугацаанд хүлээн авахаар нийтэд мэдээлсэн бөгөөд тус хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нийт 25 хүн нэрээ дэвшүүлэн, холбогдох материалыг нэр дэвших хүсэлтийн хамт Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн. Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгээр ахлуулж байгуулсан юм.

Нэр дэвшигчээр бүртгэх, нийтэд мэдээлэх ажлын хүрээнд Ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж хууль тогтоомжид заасан материалын шаардлагыг хангасан гэж үзэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлт, материалаа ирүүлсэн 25 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн тухай ажлын хэсгийн тогтоолыг баталж, 25 нэр дэвшигчийн материалыг Улсын Их Хурлын цахим хуудаст нийтэлсэн байна.

Нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх ажлын хүрээнд холбогдох журмыг баримтлан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Ажлын хэсгийн хуралдаанаар нэр дэвшигч тус бүрийн илтгэгч гишүүнийг сугалаагаар тодруулж, илтгэгч гишүүнийг томилсон.

Илтгэгч гишүүд нь нэр дэвшигчдийн талаар ирүүлсэн хүсэлт, баримт бичгийг судалж, үнэн зөвийг нягтлах, хэвлүүлсэн бүтээл, олон нийтэд өгсөн мэдээллийг судалж дүгнэх, сонирхсон этгээдээс ирүүлсэн асуулт, саналыг судлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баримт, мэдээлэл гаргуулан авч, нэр дэвшигчтэй ярилцлага хийх, түүнээс нэмэлт мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах зэрэг ажиллагааг хийсэн байна.


Энэ хугацаанд нэр дэвшигчидтэй холбоотой иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, мэдээллийг тухай бүр илтгэгч гишүүнд хүргүүлсэн бөгөөд шаардлагатай мэдээллийг нягтлах зорилгоор эрх бүхий байгууллагаас тодруулга авч ажиллажээ.

Ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ярилцлагыг зохион байгуулсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 25 хүн нэр дэвшсэнээс 1 хүн нэрээ татаж нийт 24 нэр дэвшигчтэй ярилцлага зохион байгуулсан байна.

Нэр дэвшигчийг Улсын Их Хуралд санал болгох ажлын хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд ажлын хэсгийн гишүүд илтгэгч гишүүний тайлан болон холбогдох бусад баримт, мэдээлэлд үндэслэн нууцаар санал хураалт явуулж, санал хураалтын дүнгээр Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчийг саналын дарааллаар эрэмбэлэн сул орон тоогоор болон дараагийн олонхын санал авсан хоёр хүртэл хүний хамт нэр дэвшүүлж, Байнгын хороонд тайлангийн хамт ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх гэж заасны дагуу Ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж илтгэгч гишүүд нэр дэвшигчдийн талаарх бэлтгэсэн дэлгэрэнгүй тайлангаа танилцуулж, нууц санал хураалт явуулжээ.

Нууц санал хураалтад ажлын хэсгийн 11 гишүүнээс 10 гишүүн оролцож Сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр саналаа өгсөн бөгөөд 24 нэр дэвшигчээс Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал, Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргал нар ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авч сул орон тоонд дэвшүүлэх тоо бүрдсэн тул Ажлын хэсэг дээрх нэр дэвшигчдийг Хууль зүйн байнгын хороонд санал болгохоор тогтож, Ажлын хэсгийн тогтоолыг баталсан болохыг ажлын хэсгийн танилцуулгад дурдав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналыг нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах (8 санал), Ч.Баянжаргал (7 санал), Ц.Жавхлантөгс (6 санал), Ч.Өнөржаргал (6 санал) тус тус авсан байна.

Сонгон шалгаруулалтын журмын 13.2-т “Байнгын хороо энэ журамд заасны дагуу хүсэлт, тайланг байршуулснаас хойш ажлын таван өдрийн дотор томилгооны сонсголын товыг тогтож нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэр дэвшигч нартай хийх нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг  бэлтгэсэн байна.


Ажлын хэсгийн танилцуулга болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Сайнзориг нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа “Нэр дэвшигчийн томилгооны тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах Н.Алтанхуяг гишүүний горимын саналаар санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл