Цэс

Холбоо барих

ӨБХ: Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хэлэлцэж, тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг судлах ажлын хэсэг байгуулав

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2025.12.02)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын Монголбанкны ерөнхийлөгчид хандаж тавьсан тэтгэврийн зээлийн асуудлаарх асуулгын хариуг хэлэлцлээ.

Асуулга тавьсан талаараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцуулав. Ахмадын тэтгэврийн зээл, түүний хүү, хугацаатай холбоотой асуудлууд жилийн өмнөөс яригдаж байгаа гэдгийг тэрбээр сануулаад, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Монголбанканд санал хүргүүлж, тэтгэврийн зээлд амьжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдуулан өр, орлогын харьцаа тогтоох чиглэл өгснөөс үүдэн олон мянган ахмад настан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргаж, Байнгын хороод энэ асуудлыг хэлэлцэн, улмаар уг зээлийн нөхцлийг урьдын хэвд оруулах, хүүг тодорхой хэмжээгээр бууруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсан талаар товч дурдав. Гэвч тэтгэврийн зээлийг урьдын хэвээр олгох, хугацааг 36 сар болгох, хүүг бууруулах асуудлууд шийдэгдээгүйгээр барахгүй улам ужгиран даамжирч буйг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат анхааруулж, ахмад настнууд, арилжааны банкууд, Монголбанк, яам гээд холбогдох бүхий л талуудтай уулзаж ярилцсан боловч шийдэлд хүрэхгүй, сүүлдээ тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага болж хувирсныг ч мөнхүү сануулсан юм. Энэ бүхэнтэй холбоотойгоор тэрбээр тэтгэврийн зээлийг 150 хувийн эрсдэлтэй гэж тогтоосон үндэслэл, арилжааны банкуудын заавал байлгах нөөцөд зохицуулалт хийх замаар уг зээлийн хүүг бууруулах боломж, хугацааг уртасгах болон ахмад настнуудад зохиулсан зээлийн шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчид хандан асуулга тавьсан тухайгаа тайлбарлав.

Тэтгэврийн зээлд тавьсан хугацааны хязгаарлалт, мөн уг зээлийн хүү нэмэгдсэн шалтгаан зэргийг хөндсөн Улсын Их Хурлын гишүүний асуулгад өгсөн хариултдаа Монголбанкны ерөнхийлөгч хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд Төв банк арилцааны банкуудын үйл ажиллагаа, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжгүйг онцолж, харин зээлийн хүү бодох, тооцох аргачлалыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран баталж, хяналт тавьж ажиллаж байгаагаа дурджээ. Мөн аливаа зээлийн бүтээгдэхүүний нөхцөл нь тухайн зээлдүүлэгчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал тул уг нөхцөлийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох хугацааны тухайд Монголбанкнаас ямар нэгэн хязгаарлалт хийгээгүй гэдгийг мэдэгдсэн байна. Харин эрсдэл багатай зээлдэгчид ногдуулах хүүг прайм хүү буюу үйл ажиллагааны болон татварын зардал, зорилтот ашиг, зээлийн эрсдэл, банкны заавал байлгах нөөцийн алдагдсан боломжийн зардлыг тооцсон хамгийн бага хүүд үндэслэн тогтоох, мөн зээлийн хүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй зарлах зэрэгт хяналт тавьж, “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 79 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Монголбанк 2023 оны 12 дугаар сараас хагас жилээс дээш хугацаатай, эсвэл зээлийн сарын төлбөрөө төлсний дараах үлдэгдэл нь амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага байх зэрэг тодорхой нөхцөл бүхий тэтгэврийн зээлд 150 хувийн эрсдэлийн жин тогтоон мөрдүүлж байна. Гэхдээ энэ нь зээлийн хүүд том нөлөөгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлаж, уг жинг 50 нэгж хувиар бууруулахад зээлийн сарын хүү 0.04 хувиар, жилийн хүү 0.5 хувиар буурна гэжээ. Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч бодлогын хүү 12.0 хувь, репо санхүүжилтийн хүү 12.0-13.0 хувь байгааг мэдээлж, тэтгэврийн зээлийн эх үүсвэрийг тусгайлан бага хүүтэйгээр, эсвэл хүүгүйгээр олгох боломжгүй, харин ахмад настнууд бизнес эрхэлж буй тохиолдолд бизнесийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг жилийн 19.2-24.0 хувийн хүүтэйгээр авч хэрэглэх боломжтойг уламжилжээ.

Асуулгын хариутай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Б.Бат-Эрдэнэ, Д.Рэгдэл, Б.Пунсалмаа, П.Мөнхтулга, Ж.Золжаргал, О.Саранчулуун нар асуулт асууж, Монголбанк, арилжааны банкууд олон Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд тэтгэврийн ялгаатай байдлыг авч үзэх цаг болсныг онцолж, ахмад настнууд богино хугацаагаар дахин дахин тэтгэврийн зээл авахаас аргагүй болж, тэр бүрдээ хүү шимтгэлээ нэмэгдүүлэн тооцуулж байгааг цэгцлэх, иргэдийн цалин, тэтгэвэр инфляци, үнийн хөөрөгдөлд гүйцэгдэн үнэгүйдэж байгаад Монголбанк дүгнэлт хийх, арилжааны банкуудын тэтгэврийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын зохицуулалт хийх, тэр дундаа тэтгэврийн зээлийн эрсдлийн жинг бууруулж тооцох, Төв банканд арилжааны банкуудаас байршуулсан үнэт цаасны эх үүсвэрээс тэтгэврийн зээлд зарцуулах, иргэдийг насны байдлаар ялгаварлах байдал гаргахгүй байх, тэтгэврийн зээл авсан 294 000 иргэдийг насны байдал, амьдралын нөхцөл, санхүүгийн эрэлт, зарцуулалтаар нь нарийвчлан судалж, бодлогын шийдэл гаргахад шаардлагатай тооцооллыг хийх зэрэг олон асуудлыг хөндөж байлаа. Улсын Их Хурлын гишүүдэд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван дээр дурдсан хариуны хүрээнд хариулт өгч байв. Эдүгээ 150 хувиар тооцож буй тэтгэврийн зээлийн эрсдэлийн жинг 50 хувиар бууруулахад арилжааны банкуудын заавал байлгах нөөцөөс 303 тэрбум төгрөг суларч, уг зээлийн эх үүсвэрт зарцуулах боломжтойг тэрбээр хэллээ. НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг тус газраас арилжааны есөн банктай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг олгох талаар гэрээ байгуулж ажилладаг бөгөөд тус гэрээнд тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөл болон түүнийг батлан даахтай холбоотой зохицуулалтыг тусгах борломгүй талаар тодорхой тайлбарласан юм. Мөн тэрбээр, энэ талаарх олон улсын туршлага ямар байдгийг судалж үзэх гэсэн боловч манайхаас бусад улс оронд тэтгэвэр барьцаалсан зээл гэх санхүүгийн бүтээгдэхүүн бараг байгаагүй гэлээ. Мөн Хаан банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал С.Энх-Ирээдүй, Төрийн банкны Хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд захирал Б.Амарсанаа нар тус тусын банкнаас олгож буй тэтгэврийн зээл, тэдгээрийн нөхцөлийн талаар танилцуулав.

Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, С.Замира, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, О.Саранчулуун, Байнгын хорооны дарга О.Номинчимэг нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахмад настнууд хэдийгээр нийгмийн зорилтот, эмзэг бүлэгт хамаарах боловч тэглээд өгөөч гэж хүсээгүй гэдгийг онцолж, төр, засгаас тэдний тэтгэврийг олигтой нэмэгдүүлж чадахгүй байгаа учир боломжит зээлийнх нь нөхцөлийг муутгахгүй байхад анхаарах шаардлагатай гэлээ. Монголбанкнаас зохицуулалт, хяналтын арга хэрэгслүүдээ ашиглан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж бий гэдгийг тэрбээр хэлж, тэтгэвэр барьцаалсан зээл бол бусад бүтээгдэхүүнтэй харьцуулбал эрсдэлгүй гэдгийг давтан хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Замира ахмад настнуудад хандаж буй хандлагаа өөрчлөхийг хүсэж, зээлийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахмад настнууд, иргэд өрнөөс өрний хооронд амьдарч байгаагийн суурь шалтгаан нь үнийн өсөлт, инфляцын хөөрөгдөл болохыг дурдаж, асуудлыг углуургаар нь хрж ажиллахыг Монголбанканд зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал ахмад настнууд өндөр наснаасаа болоод ялгаварлалтад өртөх нөхцөл үүсчихсэн байгааг анхааруулж, нийгмийн даатгалын сангаас жил бүр улсын төсвийн алдагдлыг нөхдөг санхүүжилтийг зээлийн эх үүсвэрт ашиглах боломж байгааг санууллаа. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зээлийн бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулахад анхаарал хандуулж ажиллахыг хүсээд, тэдэнд зориулсан орчин нөхцлийг сайжруулахаас ажлаа эхлэхийг зөвлөлөө. Мөн Байнгын хорооны дарга О.Номинчимэг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд тэтгэврийн хэмжээг бага зэрэг нэмэгдүүлэхээр тусгасныг дурдаж, зээлийн асуудлыг нийгмийн даатгалын тогтолцоотой уялдуулан шийдвэрлэх шаардлагатайг онцлов.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хэлэлцүүлгийг дүгнэж үг хэллээ. Тэрбээр эх үүсвэрийг нэмэгдүүлэх болон зээлийн зардал, өртгийг бууруулах бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авч, арилцааны банкуудын нөөц боломжийг дайчилж ажиллахыг Монголбанк болон холбогдох байгууллагад уриалж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал анхаарал тавьж буй энэ асуудлаар тогтоолын төсөл санаачилж хэлэлцүүлэх, шаардлагатай бол холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлахаа мэдэгдэв.

Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байсан 112 иргэний өргөдөлтэй холбоотой асуудлыг дараа нь хэлэлцлээ. Тэдгээр иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Асар их хүч” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Алтангэрэл Улсын Их Хурлын удирдлага болон Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлснийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа нар судалж, санал боловсруулсан байна.

Уурхайчдын өргөдлийг судалдсан талаараа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа танилцууллаа. 1954 онд байгуулагдсан Бэрхийн уурхайг 2004 он хүртэл Төрийн өмчийн хороо хариуцаж байсан бөгөөд мөн оны дөрөвдүгээр сард байгуулагдсан “худалдах, худалдан авах гэрээ”-гээр өмчлөгчийн эрхийг “Бэрх-Уул” ХК-д шилжүүлснээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн асуудал хариуцах эзэнгүй болжээ.

1999-2021 онд мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Бэрхийн уурхайд ажиллаж байсан 188  иргэнд 2003 онд 59 сая төгрөг, 2007 онд 18 сая төгрөг, 2011 онд 245 хүнд 68,7 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс олгосон байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Төрийн өмчийн хорооноос 2013 онд байгуулсан ажлын хэсэг нийт 196 хүнд 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгуулах талаар дүгнэлт гаргаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дэмжсэн боловч Засгийн газар шийдвэрлээгүй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл уурхайчдад олгох хоёр удаагийн нөхөн төлбөрт 4.5 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргуулах асуудлаар 2017 оноос шүүхэд хандаж байгаа бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 0404 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 570 дугаар магадлалаар Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох, эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгажээ.

Дээрх шийдвэрийн дагуу Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажлын хэсэг байгуулан ажиллуулж буй бөгөөд тус яамны салбарын хяналтын хэлтсээс Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэхэмжлэгч нэр бүхий 112 иргэнд олгох нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2023 оны “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолд заасан цалингийн итгэлцүүрийг ашиглан тооцоолоход 9.45 тэрбум төгрөг болохыг тогтоогоод байна. Яамны ажлын хэсгээс “Нөхөн төлбөр олгох тухай” тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүргүүлжээ.

Асуудлыг судалсан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа нар Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, үр дүнг Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан юм. Гэвч Засгийн газар, холбогдох яамд, газрын эрх бүхий албан тушаалтнууд Байнгын хорооны хуралдаанд ирээгүй тул уг асуудлыг хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Иймд дараагийн буюу М.Магсар, М.Оюунчимэг, М.Баатар, Д.Энхсайхан, Ц.Авирмэд, Д.Цэдэв, Д.Наранцэцэг, Д.Батбаяр, С.Жавзандулам, Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Эрдэнэбазар нарын 21 ахмад настнаас ирүүлсэн тэтгэвэр, тэтгэмж тогтоох итгэлцүүртэй холбоотой өргөдөл, гомдлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Ахмад настнууд цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж, тэтгэвэр, тэтгэмж тогтоож буй итгэлцүүрийг хэрэглэхэд тэтгэвэр нь багассан гэх асуудлаар гомдол гаргаж буй юм. Энэ асуудлыг судлуулахаар Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Л.Мөнхбаясгалан нарт хуваарилжээ.

Өргөдөлд тусгаглдсан асуудлыг судалсан талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүд холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан уулзалт зохион байгуулж тайлбар, мэдээлэл сонссон байна. Улмаар ахмад настнуудаас ирүүлсэн өргөдлүүдийг нэг бүрчлэн судлуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-т шилжүүлсэн бөгөөд хүн бүрийн өргөдлийг нэг бүрчлэн нягтлан шалгахад тодорхой хугацаа шаардагдахаар байгааг тус газраас мэдэгдсэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Итгэлцүүрийг улсын дундаж цалин, хэрэглээний үнийн өөрчлөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн наймдугаар сарын 01-ний өдрийн дотор тогтоож, дараа жилийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөнө” гэж заасан. Үүний дагуу Засгийн газар энэ оны наймдугаар сарын 27-ны өдөр итгэлцүүрийг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү итгэлцүүрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 7.8 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд тусгаад байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл танилцуулав. Гэхдээ 2013 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэвэр тогтоох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1404.4 мянган төгрөгөөр тооцож буй бөгөөд үүнд 179.7 мянган тэтгэвэр авагч хамрагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 1990-2013 он хүртэлх хугацааны цалин хөлсөнд итгэлцүүр хэрэглэж буй ч дээд хэмжээгээр хязгаарласнаар тэтгэвэр авагчдын ажил мэргэжил, авч байсан цалин хөлс, шимтгэл төлсөн хугацааны ялгааг үл харгалзан, шударга бус байдлаар тэтгэвэр тогтоож буйг ахмад настнууд эсэргүүцэж байгаа. Иймд уг асуудлыг нарийвчлан судалж, цогцоор нь шийдвэрлэх үүднээс ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Л.Мөнхбаясгалан нар үзэн, Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулжээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэлийн хийсэн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны дарга О.Номинчимэг асуулт асууж, энэ талаарх ахмад настнуудын байр суурийг тодоруулан тайлбарлаж өгөхийг Монголын ахмадын холбоо (МАхХ)-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар гуайгаас хүсэв. МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар энэ намар ахмад настнууд тэтгэврийн хэмжээг 1500 мянган төгрөгт хүргэхийг шаардаж жагсаал зохион байгуулсныг сануулж, энэ асуудлын цаана тэтгэвэр тогтоох цалингаа 1404.4 мянган төгрөгөөр тайруулсан олон настнууд бийг онцолсон юм. Ахмад настнууд 2005 онд Үндсэн хуулийн цэцэд хандаж энэхүү дээд хэмжээ гэх мэт хязгаарлалтуудыг хүчингүй болгуулж байсан боловч Засгийн газар дахин сэргээсэн нь өргөдөл, гомдол гаргах үндэс болж буйг тэрбээр дурдлаа.

Өргөлдлийг судалсан Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналын дагуу “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих, эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Тогтоолын төсөлд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Л.Мөнхбаясгалан, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, Б.Пунсалмаа нар ажиллахаар тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.1 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны тогтоолыг батлагдсанд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл