Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2025.12.02/ “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, нийтийн өргөдлийн цахим системээр дамжуулан өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Золжаргал “Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын төслийг танилцууллаа. Энэхүү журмаар Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар D-өргөдөл цахим системээр дамжуулан өргөдөл гаргах, хүлээн авах, цахим системд байршуулах, санал авах үйл ажиллагааг зохион байгуулах, олон нийтэд мэдээллэх үйл ажиллагааг зохицуулах юм.
Нийтийн өргөдөл гаргахдаа хуулийн төсөл санаачилж болох бөгөөд 100 мянгаас дээш тооны иргэн, байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тодорхой асуудлаар хяналт шалгалт явуулахдаа 70 мянга ба түүнээс тооны иргэний дэмжлэг авах шаардлагыг тусгажээ.
Түүнчлэн бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхах, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, дэг журамт илт нийцээгүй, улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд харшилсан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон хувийн асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авахгүй. Ажлын хэсгийн ахлагч Ж.Золжаргалын хэлснээр энэхүү журмаар хүртээмжийг нэмэгдүүлж, хараа болон сонсголын бэрхшээлтэй хүн саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүлнэ гэв.
Үүний дараа Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ “Нийтийн өргөдлийн цахим системийн хэрэглээ, сайжруулах хэрэгцээ шаардлага”-ын талаар танилцууллаа. Тэрбээр, системд 20-35 насны иргэдийн оролцоо өндөр байгааг онцлов. Мөн "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын судлаач Ц.Монголхатан олон улсын туршлагаас хуваалцлаа.
Хэлэлцүүлэгт төр, иргэний болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, журмын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Тодруулбал, иргэдээс ирүүлж буй өргөдлийн чухлын зэргийг хэрхэн тодорхойлох, өргөдлийг шийдвэрлэх хугацаа, хүртээмжтэй байдлыг хангахын тулд ямар бодлого, зохицуулалтуудыг тусгах болон шийдвэрлэлтийн явцын талаар тодруулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал процесс, болон тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл өгөв.
Ажлын хэсгийн зүгээс журмын төсөл батлагдсанаар иргэдийн дуу хоолой Улсын Их Хуралд шууд хүрэх боломж нээгдэж, өргөдлийн шалгуур, хэлбэр, хяналт, санал авах үйл явц илүү тодорхой болохоос гадна олон нийтийн оролцоог бодит өгөгдөл, баталгаажсан цахим системд үндэслэн зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид журмын төслийг заалт бүрээр хэлэлцэн, аливаа санал өргөдөлд дэмжлэг үзүүлэх иргэний тоог бууруулах боломжтой эсэх талаар байр сууриа илэрхийлж, журмын төсөлд албан бичгээр санал хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English