Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооноос өнөөдөр (2025.12.03) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай Конвенцыг хэрэгжүүлэх оролцооны арга замуудыг бэхжүүлэх нь” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Жил бүрийн 12 дугаар сарын 03-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ онд тус өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш оролцоог хангасан тогтолцоог бүрдүүлэх замаар нийгмийн дэвшлийг ахиулья” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийн хүрээнд зохион байгуулсан бодлогын хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний болон салбар зөвлөлүүд, төрийн болон төрийн бус байгууллага (ТББ)-ын төлөөлөл зэрэг үндэсний оролцогч талууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.
Бодлогын хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенц”-оор хүлээсэн үүргийнхээ хүрээнд Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталж, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулан хэрэгжүүлж буйг товч дурдаад, энэ талаарх түгээмэл хандлагыг хууль тогтоомж, бодлого шийдвэрт нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх чиглэлээр Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахлагчтай ажлын хэсэг ажиллаж байгааг танилцуулсан юм. Хүний хөгжлийн ялгаатай байдлыг тодотгодог, өндөр нас болон бусад талаар нь ялгаж хөгжлийн төв зэрэг нэгж, бүтэц байгуулах нь уг ялгааг улам гүнзгийрүүлж буй алдаатай хандлага болохыг тэрбээр онцолж, энэхүү хоцрогдмол хандлагыг өөрчлөх ёстой гэдгийг дүгнэн хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар мөн энэ асуудлыг чухалчлан өгүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг тэгш хангахын тулд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд тал талаас идэвхтэй оролцож хамтран ажиллах, мөнхүү энэ чиглэлээр ажилладаг ТББ-уудыг чадавхжуулах асуудал чухал болохыг онцоллоо. Тэрбээр хууль тогтоомж, төр, засгийн бодлого, шийдвэрт холбогдох зүйл, заалтыг тусгах, хэрэгжүүлэх болон нийтлэг хандлагыг өөрчлөх талаар тодорхой ахиц гарч байгааг тэмдэглээд, хэдий тийм ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бэрхшээлийг бусад хүмүүс тэдний нэгэн адил ойлгож, мэдэрч чадахгүй байгааг жишээ татан өгүүлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг орхигдуулалгүй, сайтар тусгаж батлах талаар идэвх, санаачилгатай ажиллахыг уриалав.
НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хангах талаар Засгийн газраас хийж буй ажил, бодлогын шийдвэрүүдийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул танилцуулж, өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг төлөөллөөр нэмэгдүүлэх, мөн Засгийн газрын агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрыг тохируулагч агентлаг болгон эрэмбийг дээшлүүлж, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар өөрчлөн зохион байгуулсныг мэдээлэв. Монгол дахь НҮБХХ-ийн орлогч суурин төлөөлөгч, хатагтай Лин Цао, хүртээмжтэй засаглал бол шударга, эрх тэгш нийгмийг цогцлоох үндэс суурь болохыг дурдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжээд зогсохгүй тэдний өөрсдийн амьдралд нөлөөлөх шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж чадах өөрчлөлтийн арга замыг бий болгох нь чухал юм гэлээ. Энэ талаар бодлогын хэлэлцүүлгээс тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг саад бэрхшээлийг арилгах, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд тэгш оролцоог хангах талаар НҮБХХ-тэй хамтран ажиллаж байгаа үндэсний оролцогчид, төрийн бус байгууллагуудад талархал дэвшүүлэв.
Бодлогын хэлэлцүүлэгт НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай Конвенцод туссан оролцооны арга замуудын тухай Улсын Их Хурлын гишүүний зөвлөх Б.Болороо танилцуулж, хүртээмжтэй, саад тотгоргүй, оролцоотой ирээдүйг хэрхэн бий болгох тухай хэлэлцүүлэгт оролцогчидтой санал солилцсон юм. Мөн энэ үеэр дээрх Конвенцын зөвлөмжүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн НҮБ-ын хорооноос гаргасан найман ерөнхий тайлбарын 6, 7 дугаар тайлбарыг монгол хэлнээ орчуулан хэвлэсэн талаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Сэлэнгэ танилцуулав. Тус байгууллага НҮБХХ-ийн дэмжлэгээр орон нутгийн захиргаа, ТББ, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан хүртээмжийн шинэ загвар боловсруулж, орон нутгийн засаглалд оролцооны арга зүйг нутагшуулах зорилго бүхий “Хамтын оролцоо, хүртээмжтэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж буй юм.
Мөн НҮБХХ-өөс асран хамгаалагчдын хөдөлмөр, эдийн засгийн үнэлэмжийг бодлогын түвшинд тусгах, жендэр ба асрамжийн асуудлыг бодлогоор шийдэх загвар боловсруулах “Асрахуйн эдийн засгийн хүртээмжийн жишиг загвар” төслийг “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ-тай, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчны хүртээмжийг нэмэгдүүлэх, дээд боловсролд тохируулгатай орчин бүрдүүлэх туршлага бий болгох “Боловсролын байгууллагын тохируулга” төслийг “Гэрэлт цох байшин” ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна. Эдгээр ТББ-ын тэргүүн Б.Чулуундолгор, Б.Оюунтөгс нар төслүүдийнхээ явц, үр дүнгийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулж, санал солилцов. Хөдөлмөр эрхлэхэд тулгардаг саад нь чадвар дутагдаж байгаа хэрэгж биш, харин боломж хомс байгаатай холбоотой гэдгийг “Гэрэлт цох байшин” ТББ-ын тэргүүн Б.Оюунтөгс дүгнэж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах суурь нөхцлийг бүрдүүлэхэд дээд боловсролын хүртээмж чухлаар тавигдаж байгааг онцолсон юм.
Түүнчлэн бодлогын хэлэлцүүлэгт төрийн аливаа бодлого шийдвэр, хууль тогтоомжид оролцооны арга замуудыг хэрхэн зураглаж, тусгах талаар НҮБХХ-ийн 3P4D төслийн зөвлөх Д.Солонго илтгэл тавив. Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замыг сайжруулах 3P4D төслийн хүрээнд оролцооны шинэлэг арга хэрэгслүүдийг туршин нэвтрүүлэхэд чиглэсэн “оролцооны хурдасгуур” санаачилгуудыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Мон
English