Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаан /2025.12.04/ 10 цаг 17 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хамтарсан хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулсантай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.
2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хамтарсан хуралдаанаар төслийн талаарх анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Хууль тогтоомжийн тухай хуулийн 30.1.3-д заасан хоёрдмол агуулгагүй, ойлгомжтой байх ёстой гэсэн үндсэн агуулгыг уг төсөл хангаж байгаа эсэхийг тодруулав. Мөн Засгийн газарт зөвхөн улаанбуудай, хөх тарианы гурилын татварт өөрчлөлт оруулах эрхийг олгож байгаа хэмээн тайлбарлах хэдий ч тогтоолын төслийг уншихаар улаан буудай, хөх тарианаас бусад гурилууд ч хамаарахаар ойлгогдож байгааг анхааруулсан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Д.Есөн-Эрдэнэ Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дүгээр заалтад улаанбуудай, хөх тарианы гурилын гаалийн албан татварын хувь, хэмжээг Засгийн газар тогтоохоор эрх олгохоор тусгасан хэмээн хариуллаа. Тэрбээр Улсын Их Хурлын тогтоолын хүрээнд Засгийн газрын тогтоол гарах бөгөөд үүнд асуудлыг нэг мөр ойлгохоор тусгаж хэрэгжүүлнэ гэсэн тайлбарыг өгсөн.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн татварын асуудал нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх тул энэ асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн билээ.
Иймд өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тав дахь заалтыг хасах, найруулгын өөрчлөлт оруулахтай холбоотой зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналуудыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Мон
English