“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2026 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд Монгол Улсын төсвөөс 2026 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 22,885,159.5 сая төгрөг байх ажээ. Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,280,178.5 сая төгрөгөөр санхүүжүүлэх юм байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2026 оны төсвийн жилд 367,653.5 сая төгрөг хуримтлуулах аж.
Түүнчлэн тус дугаарт “Монгол Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай”, “Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай”, “Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай”, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Монгол Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай” тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяад хариуцлага хүлээлгэж Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас огцруулсан бол “Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” тогтоолоор Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Их Хурлын дэд даргаар сонгосон байна. Мөн “Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Улсын Их Хурлын даргын албан үүргийг гүйцэтгэж байхыг Улсын Их Хурлын дэд дарга Жадамбын Бат-Эрдэнэд даалгасан байна.
Харин “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2026 онд Өрийн удирдлагын тухай хуульд заасан зориулалтаар 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас, 1.0 тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас гаргах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгожээ.
Мон
English