Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 47 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг  нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хооронд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталжээ.  

Түүнчлэн тус дугаарт “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг сонгосон байна. Харин “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Лувсандоржийн Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам-ыг баталсан байна. Энэ журмыг зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход мөрдөх бөгөөд зэргийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дараах хувиар бодож олгоно. Үүнд: Мэргэшлийн I зэрэг 20 хувь,  II зэрэг 15 хувь, III зэрэг 10 хувь ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл