Цэс

Холбоо барих

ЭЗБХ: “Харбины” гэрээ буюу УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолын талаар хяналт, шалгалт хийх Түр хороо байгуулахыг дэмжив


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.09) хуралдаан 11 цаг 17 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Р.Сэддорж хуралдааны ирцийг гишүүний нэрээр танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Р.Батболд, П.Батчимэг, Ж.Ганбаатар, П.Ганзориг, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, Б.Найдалаа, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, А.Ундраа, Б.Уянга, С.Цэнгүүн, Л.Энх-Амгалан нар хүрэлцэн ирснээр 51.6 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, таван асуудал хэлэлцэхээр товлов.

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүний 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж, Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж тус тус заасныг үндэслэн төслийг боловсруулсан гэлээ.


“Харбины гэрээ” гэж нэрлэгдээд байгаа “Гурвыг цогцоор” гэдэг хэлэлцээртэй холбоотой байгуулагдсан холбогдох гэрээнүүд, тухай үеийн үйл ажиллагаа, холбогдох баримт бичиг зэрэг нотлох баримтуудад шинжилгээ хийх түр хороог байгуулах санаачилгыг Улсын Их Хурлын 40 гишүүн гаргасан байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бичиг баримт, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэх судлах, нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг тэнцвэрт мэдээллээр хангах apra хэмжээ авах шаардлагатай гэж дээрх гишүүд санал нэгдсэн байна.


Ийм “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 58 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагааг дагнасан хяналт, шалгалтыг эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангах, тайланг холбогдох хуулийн дагуу Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулахаар төсөлд тусгажээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг судлан шалгаж, хэрэв Монгол Улсад ашиггүй байх нөхцөлөөр тогтоосон бол түүнийг яаралтай шинэчлэн шийдвэрлэхэд Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай байгааг төсөл санаачлагч танилцууллаа.


Нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн олборлолтын төлөвлөгөөтэй нийцүүлэн коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг зохимжит хувь харьцаагаар нийлүүлэх буюу зөвхөн нэг төрлийн нүүрсийг сорчлохгүй байх талаарх асуудлыг хянан шалгаж тогтоосноор манай улсын экспортын орлогыг оновчтой төлөвлөх боломжийг зөв тодорхойлох нь нэн чухал хэмээн гишүүд үзжээ.

Энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ байгаа бөгөөд тус гэрээн дэх нүүрсний үнэ хэт хямд байгаа нь нэлээн анхаарал татаж байгаа гэв. Улсын Их Хурлын гишүүдэд холбогдох мэдээллийг тодорхой өгөхгүй байгаа гэдгийг Ж.Баярмаа гишүүн хэлээд “Нууцлагдсан оффтейк гэрээнүүдийг Засгийн газраас шийдвэр гарган ил болгосон ч Харбины хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн энэ гэрээ ил болоогүй. Гэрээ нь Монгол Улсын эрх ашигт нийцэж буй эсэх, нүүрсийг сорчлохтой холбоотой асуудал, үнийг хэрхэн тогтоосныг нягтлаж, шаардлагатай бол сайжруулах чиглэлээр ажиллах, Монгол Улсын эдийн засагт үр нөлөөтэй, нийтийн ашиг сонирхлыг хангасан бол бодит мэдээллийг үнэн зөвөөр олон нийтэд хүргэх зорилготой байгаагаа тайлбарлав.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, П.Батчимэг, Б.Уянга нар асуулт асууж, Ж.Баярмаа гишүүнээс хариулт авсны дараа Байнгын хорооны дарга Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүний талаар танилцууллаа.

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 58 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд байгуулсан гэрээ хэлэлцээр, түүний бэлтгэл ажил, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээ, баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангах, тайланг холбогдох хуулийн дагуу Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороонд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүнн Д.Бум-Очир, Х.Жангабыл, Н.Наранбаатар, Д.Энхтүвшин, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн нар, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат, Р.Батболд, Ж.Золжаргал, Л.Энхнасан нарыг ажиллахаар тусгажээ.


Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо Улсын Их Хурлын 2024 оны 58 дугааp тогтоолын хэрэгжилтийн хүрээнд байгуулсан хоёр улсын гэрээ хэлэлцээр, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээ, холбогдох бусад баримт бичиг, үйл ажиллагаа; Улсын Их Хурлын 2024 оны 58 дугаар тогтоол батлахаас өмнөх жилүүдэд хийсэн хоёр улсын засгийн газар, ажлын хэсэг, аж ахуйн нэгж хоорондын уулзалт, хэлэлцээртэй холбоотой бүх баримт бичгийг хянан шалгахаар тусгай шалгалтын хүрээ хязгаарыг тогтоохоор төсөлд тусгасныг Р.Сэддорж дарга танилцуулав.

 

Ингээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 64.7 хувь нь дэмжсэн. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, П.Батчимэг, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Ч.Лодойсамбуу, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Р.Сэддорж, А.Ундраа, С.Цэнгүүн нарын 11 гишүүн дэмжсэн бол Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Ж.Ганбаатар, Г.Лувсанжамц, Б.Найдалаа, Б.Уянга, Л.Энх-Амгалан нар дэмжээгүй юм. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Дулааны цахилгаан станцуудын хаягдал үнстэй холбоотой асуудлаар мэдээлэл сонссонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос холбогдох төслийг боловсруулжээ. Энэ талаар Р.Сэддорж дарга гишүүдэд танилцуулахад хуралдаанд оролцсон гишүүд холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад 17 гишүүний 11 нь дэмжин баталлаа.


Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зарим зорилт, арга хэмжээг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд дулааны цахилгаан станцуудыг шинээр барих, эрчим хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх үйл ажиллагааг судлан шийдвэрлэж дэмжлэг үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах; дулааны цахилгаан станцуудын ашиглалтын үйл явцад үүссэн хаягдал үнс нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, цаашид инновац шингэсэн шинэ технологи ашиглан хаягдал үнсийг эдийн засгийн эргэлтэд оруулж, зам барилгын болон бусад салбарт ашиглаж болох түүхий эд бүтээгдэхүүн бий болгох талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгахаар тогтоолд тусгасан байна. Мөн нүүрсний тоосонцроос үүсэх орчны бохирдлыг бууруулах зорилгоор орчны мониторинг тогтмол хийж, нүүрс хадгалах ил талбайг хаалттай байгууламжид шилжүүлэх, мананжуулах системийг ашиглан ачилт тээвэрлэлтийн үеийн тоосжилтыг бууруулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх; дулааны цахилгаан станцуудын хаягдал үнсийг барилгын материалын үйлдвэрлэл, авто болон төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрсний сайжруулалт зэрэг чиглэлд ашиглах аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх талаар судалж саналыг боловсруулж хэрэгжилтийг хангах; хаягдал үнс боловсруулах технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийн импортын тоног төхөөрөмж нь гаалийн татварын хөнгөлөлт санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлэх механизмыг боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар Байнгын хорооны тогтоолд тусгасан байна. Түүнчлэн хаягдал үнсийг ашиглан цемент бетон барилгын материал үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдийн түүхий эд нийлүүлэлтийг урт хугацаагаар тогтворжуулах, үнсний хангалтын гэрээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохыг Засгийн газарт даалгаж байгаа аж.


Байнгын хорооны тус тогтоолын биелэлтийг 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтааж Эдийн засгийн байнгын хороонд танилцуулах даалгасан байна.

Дээрх агуулга бүхий “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталсны дараа “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл