Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.09/ хуралдаан 15.22 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Н.Учрал, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нарын 17 гишүүн хүрэлцэн ирснийг хуралдаан даргалагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай байв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир тодруулж хэлээд, санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх О.Амгаланбаатар нарын УИХ-ын 10 гишүүнээс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өргөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Харин гишүүдийн олонх Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Дараа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяр танилцууллаа.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйл, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох эрхтэй.” гэж зааснаар шат шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн орон нутгийн нийт иргэд, сонгогчдийн төлөөллийн байгууллага юм.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох эрхийг хуульчилж өгсөн атлаа шат, шатны иргэдийн төлөөлөгч нарыг хуульд заасан үндэслэл, журам нэрийн дор эрх зүйн байдлын хувьд ялгамжтай байдал үүсгэж байгаа нь төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдах ёсны үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ялгаатай түвшинд хүргэж байна хэмээн тэрбээр танилцуулав.
Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж заасан дээрх зохицуулалтын хамрах хүрээг өргөжүүлж, хувь хэмжээг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага үүссэнийг тодотгосон.
Монгол Улсын хэмжээнд боловсон хүчний тоо эрс багасч төрийн бүх шатны байгууллага, түүнчлэн төсвийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуй нэгж байгууллагад ажиллах боловсон хүчний дутагдал үүсч байгаа бөгөөд уг асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсч байгааг хууль санаачлагч танилцуулсан.
Хөдөө орон нутаг болон алслагдсан сум дүүрэгт ажиллах боловсон хүчний дутагдлыг нөхөх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид харьяалагдаж буй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын тодорхой хувийг төрийн захиргааны албан хаагч байхаар хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын шаардлагыг хангах нь хууль зүй, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English