Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.09/ хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Б.Уянга нарын УИХ-ын хоёр гишүүн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан юм.
Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах … асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тогтоол гаргахаар” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооноос “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Уг тогтоолын төсөлд төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах, зарим арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.
Тухайлбал, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой болгох, үүнтэй холбогдуулан бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчлөх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатай байгаа тул дараах хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгохоор төсөлд тусгасан байна.
Түүнчлэн төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгахаар тусгажээ.
Ингэснээр хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчныг сайжруулах бөгөөд аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломж бүрдэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжин, төрийн үйлчилгээг цахимжуулан, оновчилж, бүтээмж нэмэгдэнэ гэж үзжээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжлээ.
Түүнчлэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа.
Олон нийтийн радио, телевизийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна” гэж заасан. Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 6 жил байх бөгөөд ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг гишүүнээр томилох хуулийн зохицуулалттай.
Монгол Улсын Их Хурал нь олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийн гишүүнд долоон хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж томилсон долоон гишүүний гуравынх нь бүрэн эрхийн хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон байна.
Олон нийтийн радио, телевизийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт заасны дагуу холбогдох төрийн бус байгууллагууд “…эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд” санал болгох хуулийн зохицуулалттай юм.
Мөн тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 21.5-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн бус байгууллагуудын саналаас сонголт хийн Yндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэсний дагуу Улсын Их Хуралд холбогдох төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналаас сонголт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах шаардлага гарсан байна.
Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалт, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.8 дахь хэсэгт Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр хэлэлцэж, зөвлөлийн гишүүнээр томилохоор тус тус заасан тул Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналаас сонгон шалгаруулалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав.
Тогтоолын төслүүдтэй холбогдуулан асуулт гараагүй бөгөөд тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулан байгуулж, УИХ-ын гишүүн Э.Болормаа, А.Ганбаатар, Ц.Идэрбат, Г.Уянгахишиг, Ч.Лодойсамбуу нар бүрэлдэхүүнд нь ажиллахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English