Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.09) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд хатагтай Шэнь Миньжюаньтай УИХ-ын даргын хувиар уулзаж байгаадаа баяртай байгааг уулзалтын эхэнд хэлэв. Улсын Их Хурлын дарга Н.Учрал өмнө нь Засгийн газрын гишүүний хувиар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж ирсэн бол цаашид УИХ-ын даргын хувиар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын бодит хамтын ажиллагааг урагшлуулахад шаардлагатай хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, хөгжлийн стратеги, зорилтоо харилцан уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд талууд идэвхтэй хамтран ажиллаж, иргэд хоорондын харилцан ойлголцол улам гүнзгийрч буйг онцлон тэмдэглэв.
Хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг. Уулзалтын үеэр талууд хоёр талын парламент хооронд уламжлалт, найрсаг сайхан харилцаатай төдийгүй харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж ирсэнд таатай байгаагаа яриандаа дурдаж байв. Тодруулбал, 2014 онд байгуулсан “Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд Байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу 2015 оноос байнгын уулзалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ оны 4 дүгээр сард Монгол, Хятад хоёр улсын парламент хооронд байнгын уулзалтын механизмын VI хуралдаан Улаанбаатар хотод болсон билээ. Тэгвэл ирэх онд уг механизмын VII хуралдааныг Бээжин хотноо зохион байгуулах саналтай байгаагаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал уулзалтын үеэр хэлж байлаа.
Мөн Монгол Улсын Их дахь Монгол-Хятадын парламентын бүлгийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж ажиллаж буйг яриандаа дурдав.
Үргэлжлүүлэн, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны орчны талаар хөндөн ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюань таны оруулсан хувь нэмэр чухал гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Мон
English