Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2025.12.09)-ийн хуралдаан 56.0 хувийн буюу Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Д.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганмаа, С.Замира, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Д.Рэгдэл, О.Саранчулуун, М.Сарнай, Ч.Ундрам, С.Цэнгүүн, С.Эрдэнэбат нарын ирцтэйгээр 15:27 цагт эхэллээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал даргалан явуулав. Хэлэлцэх асуудлын товд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээллийг сонсох, иргэн, хуулийн этгээдээс Байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх гэсэн хоёр асуудал тусгагдсан боловч хоёр дахь асуудлын хүрээнд Байнгын хороонд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн нийт 29 өргөдөл, гомдлыг нэг бүрчлэн хэлэлцсэн юм.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай мэдээлэлдээ нийт 38 субъектээс буюу 16 төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа агентлаг, 22 аймаг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлуудыг нэгтгэж, хагас, бүтэн жилээр дүгнэж байгаагаа танилцуулсан юм. Иргэдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдлын тоо 2023 оноос тогтмол буурч, 2025 оны гуравдугаар улирлын байдлаар төрийн захиргааны байгууллагуудад 129 349, нутгийн захиргааны байгууллагуудад 101 559, нийт 230 908 өргөдөл, гомдол ирсний 211 457-г шийдвэрлэсэн байна. Үүнийг хувиар илэрхийлвэл төрийн захиргааны байгууллагуудын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 92.2 хувьтай, нутгийн захиргааны байгууллагуудынх 90.8 хувьтай буюу харьцангуй өндөр байна. Гэвч энэ талаарх иргэдийн сэтгэл ханамжгүй байдал салбараасаа хамааран 40-84 хувьтай ихээхэн тааруу гарчээ. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон эрүүл мэндийн, байгаль орчны салбар, Гаалийн ерөнхий газарт процессын дахин инженерчлэл, чиг үүргийн шинжилгээний ажлуудыг хийсэн байна. Эдгээр хяналт шалгалтын хүрээнд 1674 өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянаснаас 31 байгууллагын үйл ажиллагаанд ерөнхий хянан шалгагчийн удирдамжтай хяналт, шалгалтын ажил хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.
Төрийн захиргааны байгууллагад иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл, гомдолд И-баримт цахим систем, хууль, эрх зүйн болон эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, санхүү, татвар, гааль, боловсрол, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн халамж, даатгал, бүртгэл, архивын, мөн замын салбар, төрийн албан хаагчийн ёс зүй, эрчим хүч, батлан хамгаалахын асуудлыг голчлон хөндсөн байна. Харин нутгийн захиргааны байгууллагад ирсэн өргөдөл, гомдолд орон сууц, нийтийн аж ахуйн, инженерийн байгууламж, дэд бүтэц, авто зам, гудамж, талбайн тохижилт, эрүүл мэнд, газрын харилцаа, боловсролын салбар, барилга, байгууламж, хууль, шүүх, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн даатгал, татвар, и-баримт, улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээтэй асуудлуудыг түлхүү хөнджээ.
Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 1776 өргөдөл, гомдол ирсний 1726-г шийдвэрлэсэн буюу шийдвэрлэлт 97.1 хувьтай байна. Эдгээрийн ихэнх нь буюу 1236 нь хүсэлт, 221 нь гомдол, 91 нь санал, 82 нь шаардлага байна. Мөн Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 117 415 иргэн утсаар, биеэр, веб хуудсаар, и-мэйлээр зэрэг долоон сувгаар хандсаны 91.5 хувийг шийдвэрлэжээ. Иргэд өргөдөл, гомдлоо төрийн байгууллагад биечлэн хүргүүлэх байдал давамгайлж байгааг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг дурдаж, ирүүлсэн нийт өргөдөл, гомдлын 44.5 буюу тэн хагас нь биечлэн ирүүлсэн өргөдөл, гомдол байгааг танилцуулсан юм.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Батбаяр, Д.Ганмаа, Д.Ганмаа, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, О.Саранчулуун, хурал даргалагч Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс гаргаж байгаа өргөдлийн агуулга, хүрээ болон өсөлт, бууралтын шалтгаан, тэдгээрийн шийдвэрлэлт, үүнтэй холбоотой иргэдийн сэтгэл ханамж тааруу байгаагийн шалтгаан, улмаар төрийн ажил, үйлчилгээний чанар, албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүй зэрэг олон асуудлыг хөндөхийн зэрэгцээ зарим байгууллага, албан тушаалтантай холбоотой тодорхой асуудлыг сөхөн ярьж, бодлого, зарчим, хариуцлагын механизмыг дэлгэн тавьж байв. Мөн иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөхтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Улсын Их Хурлын гишүүд чухалчлан анхааруулсан юм. Байнгын хорооны хуралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх талаар салбар салбараар нарийвчлан авч үзэх үүднээс Улсын Их Хурлын бусад байнгын хороодод мэдээлэл өгч ажиллах, мөн иргэдийн асуудлаа шийдвэрлүүлж чадаж байгаа байдал буюу шийдвэрлэлтийн чанарыг сайжруулах зэрэг анхаарах шаардлагатай асуудлууд байгааг зөвлөж, Байнгын хорооны гишүүдийн сөхөж ярьсан тодорхой асуудлуудаар эргэж хариу өгөхийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт чиглэл болголоо.
Үүний дараа Өргөдлийн байнгын хороонд иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэж эхэллээ. Эхний асуудал бол Улсын Их Хурлын удирдлага болон тус Байнгын хороонд Ахмадын дуу хоолой хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтанзул нарын 18 иргэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Ахмадын холбооны гишүүн Т.Санжаа, Монголын Ахмадын холбооны удирдах зөвлөлөөр уламжлуулан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ахмадын хорооны дарга М.Бямбаа, Мандал сумын Ахмадын холбооны удирдах зөвлөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, С.Эрдэнэбат нараар уламжлуулан Монголын Ахмадын холбооны удирдах зөвлөл болон иргэдээс ирүүлсэн шаардлага байлаа. Ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг уян хатан болгох, ахмад настны асрах үйлчилгээг сайжруулах тухай энэхүү шаардлагыг Өргөдлийн байнгын хороо 2025 оны есдүгээр сарын 30-ны хуралдаанаараа хэлэлцэж, уг асуудлыг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, Сангийн, Эдийн засаг, хөгжлийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд, Монголбанк, Монголын банкуудын холбоо, арилжааны банкууд зэрэг байгууллага, мөн ахмад настны төлөөллийг оролцуулан дээрх шаардлагыг хэлэлцсэн байна. Улсын Их Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцсэн үе таарсантай холбогдуулан Төсвийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороодоор мөн хэлэлцүүлж, зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэж, хэлэлцүүлсэн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцууллаа. Түүнчлэн Ажлын хэсгээс асуудлыг Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, яамдын сайд нарт уламжилж, төсвийн төсөлд анх 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан 8.6 хувиар нэмэгдүүлэхээр тусгуулсан байна. Мөн ахмад настныг асрах, сувилах үйлчилгээнд зориулж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төсөвт 7.0 тэрбум төгрөг нэмж тусгуулсаны дээр зарчмын зөрүүтэй санал гаргах замаар улсын төсөвт анх удаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртсөн ахмадуудыг асрах, сувилах үйлчилгээг гэрээр үзүүлэх үйлчилгээг сайжруулах зориулалтаар нэмэлт санхүүжилтийг суулгаж чаджээ. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагатай уулзаж, тэтгэврийн зээлийг 36 сар хүртэл хугацаагаар олгох тухай асуудлыг ярилцаж, нааштай шийдвэрлэснийг тэрбээр мэдээлж, хүүг бууруулах талаар холбогдох талуудтай үргэлжлүүлэн ярилцаж байна гэв.
Ахмад настнуудын өргөдөл, шаардлагыг шийдвэрлэсэн талаарх Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Б.Шижир нар асуулт асууж, хариулт авлаа. Ингээд ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, мөн асрах үйлчилгээг сайжруулах тухай асуудалд дээр нэр дурдсан иргэдийн шаардлагын дагуу ажиллагаа хийгдсэн тул өргөдөл гаргагчдад хариу өгүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Ахмадуудад хариу өгөх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжлээ.
Иргэд, хуулийн этгээдээс Байнгын хороонд ирүүлсэн нийт 28 өргөдлийг үүний дараа хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Эдгээр өргөдөл, гомдолд хувь хүний нууцтай холбоотой, хувийн мэдээлэлд хамаарах агуулгууд агуулагдсан тул хэлэлцүүлгийг хаалттай горимоор үргэлжлүүлэх саналыг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал гаргав. Түүний гаргасан горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56.3 хувь нь дэмжиж хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн боловч өргөдөл, гомдлуудыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Мон
English