Цэс

Холбоо барих

БОХХААБХ:Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 53.3 хувь буюу Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Б.Бейсен, Ж.Бат-Эрдэнэ, П.Батчиммэг, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Н.Наранбаатар, Ж.Золжаргал, Ц.Идэрбат, Ц.Мөнхбат, С.Одонтуяа, У.Отгонбаяр, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэйгээр 12 цаг 30 минутад эхэлсэн.

Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар үг хэлэв.


Хуралдаанаар Засгийн газраас  2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг хуулийн төслийн хүрээнд малын даатгалын асуудлыг иж бүрнээр нь зохицуулах боломжгүй тул цаашид асуудлыг ул суурьтай шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар Монгол Улсын Үндсэн хуульд “мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасныг дурдаад төрийн оролцоог малын даатгалын асуудалтай хэрхэн холбож, уялдуулах талаар тодруулж, хариулт авсан.


Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл