Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.10) Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзав. Тэрбээр уулзалтын эхэнд хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг хүргээд, Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм-эдийн засгийн  салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгаа, энэ нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцоллоо.


Түүнчлэн хоёр талын харилцааг бататгаж, бүх салбарт өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэв. Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалт энэ оны 3 дугаар сард Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдаж, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг олон асуудлаар санал солилцсон, улмаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, уулзалтаар хэлэлцсэн зүйлсийг ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.


Элчин сайд Ина Марчюлёните Монгол Улсын Их Хурлын даргад цаг гаргаж уулзсан явдалд талархал илэрхийлэн, шинэ албанд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Европын Парламент дахь Төв Азитай харилцах бүлгийн гишүүд 18 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцохоор 2026 онд Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк хамтран хэрэгжүүлж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр (ASDIP)”-ийг эрчимжүүлэх, Европын Холбооноос Төв Азийн улсуудад хэрэгжүүлж буй "Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт"-ын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, Ойн тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Газрын тухай хуулиудын төслийг парламентаар хэлэлцүүлж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүссэн юм. 



Улсын Их Хурлын даргын зүгээс Европын Холбоо нь Монгол Улсад 30 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг сайшааж, 14 төсөл бүхий хиймэл дагуулын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх талаар онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Их Хурлаас баталсан аливаа гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно гэдгийг тэмдэглэснээр уулзалт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл