2025.12.08. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Гурван өдрийн сонсголоор бүхий л нотлох баримт, мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулж, шинжлэн судлана... https://www.parliament.mn/nn/76241/
2025.12.09. Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.3.9 дэх заалттай тус тус зөрчилдсөн гэсэн хууль зүйн зөвлөмжийг дэмжиж, уг санал дүгнэлтээ Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав... https://www.parliament.mn/nn/76243/, https://www.parliament.mn/nn/76244/
2025.12.09. Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар таван асуудал хэлэлцэв. Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн санаачилсан “Харбины” гэрээ буюу Улсын Их Хурлын 2024 оны 58 дугаар тогтоолын талаар хяналт, шалгалт хийх Түр хороо байгуулах Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийг, Дулааны цахилгаан станцуудын хаягдал үнстэй холбоотой асуудлаар мэдээлэл сонссонтой холбогдуулан тус Байнгын хорооноос боловсруулжээ. Мөн өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Дараа нь Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Төгсгөлд нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс хагас коксон шахмал түлшний асуудлаар Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцлэээ...
https://www.parliament.mn/nn/76242/, https://www.parliament.mn/nn/76245/, https://www.parliament.mn/nn/76249/
2025.12.09. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/76246/
2025.12.09. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын даргын зүгээс Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлахаар хэлэлцэхээр төлөвлөснийг дурдаад, хэлэлцээр байгуулснаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, төрөлжүүлэх бодит боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг шинжлэх ухаанч төлөвлөгөөнд үндэслэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/76252/
2025.12.09. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Эхлээд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн өдрийн хуралданааар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын гишүүн өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/76248/, https://www.parliament.mn/nn/76250/
2025.12.09. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзахдаа, өмнө нь Засгийн газрын гишүүний хувиар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж ирсэн бол цаашид хууль тогтоох байгууллагын даргын хувиар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, урагшлуулахад шаардлагатай хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/76253/
2025.12.09. Өргөдлийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээллийг сонсож, тэтгэвэр, тэтгэврийн зээлийн талаар өргөдөл гаргасан ахмадуудад хариу өгөхөөр шийдвэрлэлээ... https://www.parliament.mn/nn/76254/
2025.12.09. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжиллээ. Сонсголоор Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа... https://www.parliament.mn/nn/76258/
2025.12.10. Төсвийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтарсан хуралдаан хийлээ. Хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/76259/
2025.12.10. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/76266/
2025.12.10. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзахдаа, Монгол Улс “Гуравдагч хөрш,” итгэлт түнш Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцолсон бол Элчин сайд Р.Буанган хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хоёр тал төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж буйг тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/76267/
2025.12.10. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/76269/
2025.12.10. Улсын Их Хурлын дарга Н.Учрал болон зарим гишүүд Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал энэ үеэр хууль, эрх зүйн эрдэм шинжилгээ, судалгааны олон арван бүтээл туурвиж, гадаад орнуудын эрх зүйн тогтолцоог судлах, тэдгээрээс суралцах ажлыг манлайлсан нэрт судлаач болохыг тэмдэглэн, түүннд баяр хүргэв... https://www.parliament.mn/nn/76270/
2025.12.10. Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох" асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгохтой холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн, Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав... https://www.parliament.mn/nn/76268/, https://www.parliament.mn/nn/76274/
2025.12.10. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзахдаа, Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм, эдийн засгийн салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьдог, энэ нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцоллоо. Мөн, Европын Холбоо нь Монгол Улсад 30 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг сайшааж, 14 төсөл бүхий хиймэл дагуулын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх талаар онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/76272/
2025.12.10. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо. Энэ үеэр салбарын сайд Б.Чойжилсүрэн Улаанбаатар хот дулаан хангамжийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд буйг тэмдэглээд гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан... https://www.parliament.mn/nn/76273/
2025.12.11. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ... https://www.parliament.mn/nn/76278/
2025.12.11. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үдээс өмнө хэлэлцэж эхэлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж дуусгав. Мөн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/76279/
2025.12.12. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжлэв. Сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон)-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлахаар төлөвлөж, 95 гэрч оролцож байна... https://www.parliament.mn/nn/76280/
2025.12.12. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 10 асуудал хэлэлцлээ. Эхлээд, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон баталлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Худалдааны түр хэлэлцээр байгуулахыг шийдвэрлэснээр уул уурхайн бус экспортыг дэмжин, хэрэглээний сагсанд байгаа тодорхой бүтээгдэхүүний үнийг бууруулах, инфляцыг бууруулах бодлого, нөхцөл бүрдэх боломж нээгдэж байгаа талаар хэлэв.
Дараа нь Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Мөн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг батлав. Үргэлжлүүлэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүний өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ...
https://www.parliament.mn/nn/76283/,https://www.parliament.mn/nn/76285/, https://www.parliament.mn/nn/76286/
2025.12.12. Улсын Их Хурлын дарга Н.Учралд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Л.Соронзонболд нарын 21 гишүүн "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай" анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Төсөл санаачилсан гишүүдийн зүгээс, стратегийн гол бүтээгдэхүүний импортын хэт хамаарал буурч, валютын гадагшлах урсгал эрс багасна. Төсөвт учруулах төслийн зээлийн дарамтыг багасгах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бусад шинэ зээлийн төслүүд хугацаандаа хэрэгжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэх боломж бий болно гэж танилцууллаа... https://www.parliament.mn/nn/76284/
2025.12.12. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Эхлээд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүний өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Мөн, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/76288/
Иргэд, олон нийтийн оролцоог хангах газар
Мон
English