Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Беларусын парламентын бүлгийн дарга Р.Батболд өнөөдөр (2025.12.15) Беларусь Улсын Үндэсний чуулган дахь Беларусь-Монголын парламентын бүлгийн дарга С.Ф.Алейник тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ.
Хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний үзэл санааны дагуу бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, зарим шинэ салбаруудад хамтын ажиллагааны сайн эхлэл тавигдсаныг талууд сайшаан тэмдэглэв.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Беларусын парламентын бүлгийн дарга Р.Батболд Минск хотноо энэ оны 6 дугаар сард байгуулсан “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр” нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг шинэ шатанд гаргасан чухал баримт бичиг болсныг онцолж, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад, тэр дундаа Беларусь Улсын зах зээлд нэмэгдэх таатай нөхцөл бүрдсэнийг тэмдэглэлээ. Монгол Улсын Их Хурал тус хэлэлцээрийг энэ сарын 12-ны өдөр соёрхон баталсан талаар мэдээлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко нар 2025 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотноо, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Беларусь Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн Төрийн нарийн бичгийн дарга А.Вольфович нар 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Бээжин хотноо тус тус уулзаж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 2025 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Минск хотноо зохиогдсон Евразийн эдийн засгийн Дээд зөвлөлийн хуралдаан болон Евразийн эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд хүндэт зочноор уригдан оролцсон нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлсэн болохыг Беларусь Улсын Үндэсний чуулган дахь Беларусь-Монголын парламентын бүлгийн дарга С.Ф.Алейник онцлов.
Хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг талууд онцолж, хоёр улсын парламентын бүлгүүдийн харилцан айлчлалыг ирэх онд хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тогтов.
Хоёр улсын парламентын бүлэг хоорондын цахим уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Горелик нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English