Цэс

Холбоо барих

П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов


Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.12.18/ үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлөх болон Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул хуралдаан санал хураалтаар үргэлжлэв. /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ Тодруулбал, “П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх саналыг дэмжье” гэсэн томьёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 71.8 хувь нь дэмжсэн. Ингэснээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.

Үргэлжлүүлэн “Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох саналыг дэмжье” гэсэн томьёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 79.8 хувь нь дэмжив. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, эцсийн найруулгыг уншиж танилцуулав.


Хуралдаан өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Өмнөх хуралдаануудаар хууль тогтоолын төслүүдийн талаарх төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултыг явуулсан тул өнөөдрийн хуралдаанаар дэмжих эсэх, санал хураалтуудыг явууллаа. /дэлгэрэнгүй мэдээллийг эндээсТодруулбал, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын найман гишүүнээс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.2 хувь нь дэмжсэн. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал уг асуудалд гишүүдийн байр суурийг нэгтгэх, зарим асуудлыг нягтлах шаардлагатай тул тав хоногийн завсарлага авах горимын санал гаргасан юм. Хуралдаан даргалагч уг асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгөв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нараас 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.


Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нараас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцуулав.


Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсныг дурдаад  анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, О.Саранчулуун, Б.Түвшин, С.Бямбацогт нар асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.


Хуралдаан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл