Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2025.12.19) таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны төгсгөлд, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй танилцлаа.
Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэв. Монгол Улсын Их Хурлын 126 гишүүнээс 89 гишүүн дэмжиж, санал гаргаснаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3 дахь хэсгийг үндэслэн стратегийн ач холбогдол бүхий “Оюу толгой” бүлэг ордын талбайн хил заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэх, тэдгээрийн шаардлагыг хангуулах, гадаадын хөрөнгө оруулагч талтай 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний 11.3 (ё)-т зааснаар хөрвүүлэх өдрөөс хойш долоон жил тутам санхүүжилтийн хүүгийн зохистой хувийг хянан үзэх хугацаа 2025 онд болж байгаатай холбогдуулан Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Хянан шалгах түр хороог байгуулсан. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар орж, ажилласан хэмээн танилцуулсан юм.
Хянан шалгах түр хороо таван сар гаруйн хугацаанд нийтдээ 13 удаа хуралдаж, 25 тогтоол батлан улмаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08, 10, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголд 300 орчим гэрч дуудагдсанаас 207 буюу 70 хувь нь хүрэлцэн ирж оролцсон. Нийт 35 орчим цаг үргэлжилж, 12 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалсан сонсголд холбогдох төрийн байгууллагууд, төрийн өмчит хуулийн этгээд, Rio Tinto, Оюу Толгой, Онтрэ компаниуд, иргэн, төрийн бус байгууллагын 92 төлөөлөл оролцлоо. Одоогоос 16 жилийн өмнө байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь монголчууд бидний хувьд гуравдагч хөршийн анхны томоохон хөрөнгө оруулалтын гэрээ байсан. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн санхүүжилт, зээлийн нөхцөл, менежмент, засаглалын асуудалд төдийлөн анхаарахгүй, зөвхөн хөрөнгө оруулалтаа ярьсаар анхны амлалт, бодит байдал хоёр өнөөдөр тэнгэр газар шиг зөрүүтэй болсныг нийтээрээ харлаа. Тухайлбал, анх тохирсон Монголын тал 53 хувь, Хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн тооцоолол алдагдаж, хөрөнгө оруулагчдад найдсан монголчуудын итгэл алдрахад хүрэв. Энэхүү гэрээ бүхэлдээ, урт хугацаанд харилцан ашигтай байх тэгш зарчимд нийцэхгүй, хөрөнгө оруулагч талд хэт давуу боломж олгож, баялгийг эзэмшигч Монголын ард түмэнд хүртэх өгөөж, үр ашиг алдагдаж байгаа учир цаг алдалгүй нөхцөл байдлыг эргэн харж, нийгмийн хүлээлтэд нийцүүлсэн өөрчлөлт хийх цаг болсон хэмээн Хянан шалгах түр хорооны дарга тайландаа дурдлаа.
Тэрбээр цааш үргэлжлүүлэн, Хянан шалгах түр хорооноос гаргасан нэгдсэн санал, дүгнэлтийг илтгэсэн юм. Хорооны дүгнэснээр нэгд, хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулах зарчим удирдамжийг тодорхойлсон Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, бодлогын баримт бичгүүдийг баримтлан ажиллаагүйгээс Монгол Улсын хуульд нийцээгүй шийдвэр, үйл ажиллагаа давтагдаж Монголын талд ашиггүй нөхцөл бий болсон. Хоёрт, Улсын Их Хурлын 2008 оны 40 дүгээр тогтоол, 2009 оны 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн үүрэг чиглэлүүд нь үр ашигтай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах боломжийг олгосон боловч Засгийн газраас гэрээг байгуулахдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлээгүй, шаардлагыг хангуулаагүй нь Монголын талын Оюу толгой төслөөс хүртэх өгөөжид сөрөг нөлөө үзүүлсэн байна. Гуравт, эрх бүхий байгууллагаар батлуулсан техник, эдийн засгийн үндэслэлгүйгээр гэрээ байгуулах, төслийн санхүүжилтийн олон жишиг, хэлбэрүүдээс хамгийн ашиггүй хувилбар болох өндөр хүүтэй зээлийг сонгох, шийдвэр гаргах үйл явцад Монголын талын оролцоог гэрээгээр хязгаарласан нь хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгох, өгөөжийн хүртэх хувь хэмжээг гэрээнд баталгаажуулаагүй зэрэг нь 20 тэрбум ам.долларын өр хуримтлагдан Монголын талын ногдол ашиг хүртэх хугацаа тодорхойгүй байдалд хүргэжээ. Дөрөвт, төслийн хэрэгжилтийн явцад Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн аудитын байгууллагаас ажлын хэсгийн хүрээнд санал, дүгнэлт, зөвлөмж гаргасан боловч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй, бодит үр дүнд хүрээгүй байна. Тавд, Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй, бүрэн хэрэгжсэн арга хэмжээ байхгүй, 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилт удаашралтай байгаа тул хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай. Зургаад, төсөлтэй холбоотой баримт мэдээллийг нууцалж төр, олон нийтийн хяналтаас гадуур байлгах сонирхол, хандлага Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеэс хэвшиж тогтсон байна. Төсөлтэй холбоотой шийдвэр, баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд нууцаас гаргаж ил болгох, цаашид нийтэд нээлттэй мэдээлэх зарчмыг баримталж, харилцан ойлголцол, итгэлцлийг урт хугацаанд бүрдүүлэх шаардлагатай гэжээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос Оюу толгой бүлэг ордоос хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн санал дэвшүүлж байна. Үүнд:
- Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хил заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтлах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлагыг хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
- Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах;
- Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
- Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, “Оюу толгой” ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах, уг хувь хэмжээг 5 жил тутам харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал, тус хорооноос санаачилсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурал хэлэлцэн баталснаар Монгол Улсын эрх ашиг хангагдана гэдэгт итгэж байна хэмээн онцоллоо.
Ийнхүү танилцуулга хийсний дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлэв. Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй танилцаагүй тул сайжруулан боловсруулсаны дараа хэлэлцье гэв. Харин Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хянан шалгах түр хороо сайн ажилласан хэмээн онцолж, хорооны бүрэлдэхүүнд баяр хүргэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, бид зоригтой алхах ёстой, парламент хянан шалгах эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах үүрэгтэй. Гэтэл манайх мөрдөх гэдэг үгнээс айгаад хянан шалгах хэмээн орчуулж нэрлэсэн. Хянан шалгах хороо гэчихээр бусад сонсголоос ялгагдахгүй болчихдог. Нууцаас гаргадаг эрх мэдэлтэй болох хэрэгтэй. Иргэдийн мэдэх эрхийг хангаж, хамгаалах парламент байх ёстой. Гуйж царайчлаад суух бус шаардлагатай мэдээллийг шууд авдаг болмоор байна гэв.
Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал гишүүдийн асуултад хариулахдаа, бид мэргэжлийн түвшинд, хөндлөнгийн ямар нэг нөлөөнд автахгүйг хичээж ажилласан. Та бүхэнд 400 хуудас хоёр тайланг хүргүүлж байгаа. Таван сарын турш ажиллах хугацаанд энд тэндээс гадны нөлөөлөл оруулах гэж их оролдоцгоолоо. Гэвч бидэнд эх орныхоо эрх ашгийн төлөө ажиллах чухал байсан гээд, Хянан шалгах түр хорооны гаргасан саналыг дэмжиж, тогтоолын төслийг баталж өгөхөд анхаарахыг гишүүдээс хүсэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, тогтоолын төсөлтэй танилцаж амжаагүй учраас хэлэлцэхийг хойшлуулъя гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орж ажилласан. Ер нь энэ хороонд Улсын Их Хуралд суудалтай бүх нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн 11 гишүүн ажилласан онцлогтой гэдгийг тодотгоод, Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг чамбайруулж, Байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг ийн хэлэлцээд, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English