Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2025.12.15-19)


2025.12.15. Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй бүлгийн гишүүд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийхдээ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён-той уулзав. Энэ үеэр бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ, айлчлалын өмнө  Монгол Улсад амьдарч буй солонгос иргэдийг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонссоноо дурдаад, хоёр улсад амьдарч буй иргэдийн эрх зүйн болоод бусад тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэйг тодотгов... https://www.parliament.mn/nn/76319/



 

2025.12.15. Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Беларусын парламентын бүлгийн дарга Р.Батболд Беларусь Улсын Үндэсний чуулган дахь Беларусь-Монголын парламентын бүлгийн дарга С.Ф.Алейник тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим уулзалт хийх үеэр хоёр улсын хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгоход хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг талууд онцлов... https://www.parliament.mn/nn/76306/

 



2025.12.15. Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Улсын Их Хурлын дарга Н.Учралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/76299/

 



2025.12.16. “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Н.Учрал Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарахыг сануулав... https://www.parliament.mn/nn/76307/

 



2025.12.16. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг  хэлэлцэв. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн  байна. Мөн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа... https://www.parliament.mn/nn/76308/

 



2025.12.16. “Спортоор тогтмол хичээллэе” уриан дор биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Соёл, спорт, залуучуудын дэд хорооноос уулзалт хийлээ. Энэ үеэр Монгол Улс спортын амжилтаараа дэлхийд тэргүүлэх, нийтийн бие тамир, спортын хөгжил, тэр дундаа залуу үеийнхний дунд спортоор хичээллэх сонирхлыг дэмжиж хөгжүүлэхэд анхааран ажиллах талаар ярилцав... https://www.parliament.mn/nn/76315/

 



2025.12.16. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Мөн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжив...

https://www.parliament.mn/nn/76310/, https://www.parliament.mn/nn/76316/

 



2025.12.16. Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. “Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасны дагуу сонсгол хийсэн бөгөөд энэхүү албан тушаалд Санжаагийн Наранцогтыг нэр дэвшүүлжээ. https://www.parliament.mn/nn/76318/

 



 

2025.12.16. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн хуралдаанаар, Монголбанкны ерөнхийлөгчид нэр  дэвшигчтэй хийсэн сонсголын тайланг хэлэлцэж, С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив.... https://www.parliament.mn/nn/76320/, https://www.parliament.mn/nn/76321/

 

 



2025.12.17. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийгмийн ажлын үйлчилгээний зохицуулалт, чиглэл, хамрах хүрээ, үйл ажиллагааг харилцан адилгүй тодорхойлсон учир нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг хүн амын бодит хэрэгцээнд тулгуурлан хүргэж, халамж, хамгаалал шаардлагатай бүлэгт хүрч, хүний  суурь хэрэгцээг хангах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хуулийн төслийг боловсруулснаа төсөл санаачлагчид танилцуулав... https://www.parliament.mn/nn/76323/

 



2025.12.17. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Төсөл санаачлагч, чуулганы хуралдааны чухал ач холбогдолтой хэсэг буюу хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүн, гишүүн бүрийн саналыг тухайн өдрөө товч мэдээлэл хэлбэрээр Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулан санал хураалтын ил тод, нээлттэй байдлыг хангах шаардлагатайг тодотгов... https://www.parliament.mn/nn/76324/

 



2025.12.17. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль батлагдсан 1995 оноос 2022 он хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн тоо 1998 онд 7.8 мянга байсан бол 2022 оны байдлаар 79.4 мянга болж 10.2 дахин нэмэгдсэн. Эдийн засгийн өсөлтөд хувийн хэвшлийн оролцоо улам бүр нэмэгдэж, хувийн хэвшлийн нэгдэл, зохион байгуулалтыг сайжруулан төрийн бодлого, хууль, дүрэм, журам, шийдвэр гаргах явцад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг төсөл санаачлагчид онцоллоо... https://www.parliament.mn/nn/76327/

 



2025.12.17. Өргөдлийн байнгын хороо хуралдаж, Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан шүүхийн шийдвэр биелэгдэхгүй гурван жил болсон тул биелэлтийг хангуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцэв. Асуудлыг хэлэлцээд, нөхөн төлбөрийг Монгол Улсын төсөвт тусган яаралтай шийдвэрлүүлэх тухай дүгнэлтийг танилцуулахаар боллоо... https://www.parliament.mn/nn/76325/

 



2025.12.17. Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо хуралдаж, “Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд”-ийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо. Гишүүд холбогдох байгууллагуудын танилцуулга мэдээллийг сонсоод, таван  жилийн  хугацаанд 225 тэрбум төгрөгийн мэдээллийн технологийн худалдан авалт хийсний сүүлийн нэг жилийн зардал огцом өссөнийг анхаарах, цахим шилжилт хийхдээ үндэсний аюулгүй байдал юу юунаас чухал тул энэ асуудалд анхаарч ажиллах байр суурь илэрхийлэв... https://www.parliament.mn/nn/76326/

 



2025.12.17. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нар  Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлэв. Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, зах зээлд нэвтрэхэд аж ахуйн нэгжүүдэд тулгардаг саад хоригийг багасгах хүрээнд хуулийн төслийг санаачлан, боловсруулсан байна... https://www.parliament.mn/nn/76328/

 



2025.12.18. Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсныг Улсын Их Хурлын дарга мэдээллээ. Үргэлжлүүлэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх болон Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/76332/

 




2025.12.18. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг дэмжлээ... 

https://www.parliament.mn/nn/76333/

 



2025.12.18. Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзаж, Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/76335/

 



2025.12.18. Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлөх болон Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дуусаад, П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов. Мөн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төгсгөлд нь Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/76336/, https://www.parliament.mn/nn/76337/

 



2025.12.18. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд, төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахад баримтлах үндсэн зарчмуудыг тусгажээ. Тухайлбал, хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх, өмчийн халдашгүй байдлын, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн тэгш эрхийн, шударга өрсөлдөөний зарчмыг тусгасан байна... https://www.parliament.mn/nn/76338/

 



2025.12.18. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн худалдан авалт, барилга угсралтын багц ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх бөгөөд 120 ортой эмнэлгийг шинээр барьж байгуулах юм... https://www.parliament.mn/nn/76339/

 



2025.12.18. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. 

 



2025.12.18. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Санхүүжилтийн хөтөлбөрт аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх, эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх гэсэн дөрвөн төслийг санхүүжүүлэхээр тусгажээ... https://www.parliament.mn/nn/76341/

 



2025.12.19. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо. Хуралдааны төгсгөлд Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр тогтов... https://www.parliament.mn/nn/76344/, https://www.parliament.mn/nn/76345/, https://www.parliament.mn/nn/76346/

 

 

ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл