Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Төрийн өмчийн талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаанаар Засгийн газар 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав.

Монгол Улс өмч хувьчлалын бодлого хэрэгжүүлээд 35 жил болж байгаа бөгөөд 1991 оноос хойш нийтдээ 2019 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө, хувьцааг бүхэлд нь, эсвэл тодорхой хувийг хувьчилж, улсын төсөвт 278 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан гэв. 


2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100 хувь төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байдаг байна.

Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд нь 2024 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн нэгтгэсэн дүнгээр нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 74.3 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 35.9 хувь), нийт орлого 26.0 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.5 хувь), нийт өр төлбөр 22.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 28.6 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.7 хувь)-тай тус тус тэнцэж байгааг танилцуулсан.


“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “АЛСЫН ХАРАА-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, үе шаттай хувьчлалыг хэрэгжүүлэх зорилт тусгагдсан бөгөөд “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд төрийн өмчит компанийн засаглалыг олон улсын компанийн засаглалын зарчимд нийцүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн үр ашиг, хариуцлагыг нэмэгдүүлэх, өмчийн харилцааны бүртгэл, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангуулах, цахим шилжилт хийх зорилтууд тусгагдсан болохыг төслийн танилцуулгад дурдсан.


Иймд төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн болон стратегийн хөрөнгө оруулалт, санал болгох хувьцааны хэмжээг үндсэн чиглэлээр тодорхойлсны дагуу нээлттэй хувьцаат компани болгох, төрийн мэдэлд байх өмчийн хүрээг дахин тодорхойлох төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг тодорхой шалгуурын хүрээнд ангилж авч үзэж, ангилал тус бүрийн онцлогт тулгуурлан төрийн зүгээс тухайн компанид оролцох өмчлөлийн бодлогыг ялгамжтай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн давхардсан чиг үүрэгтэй, үр ашиггүй хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, цэгцлэх үүднээс чиг үүргийн давхардлыг арилгах, бүтэц, орон тоог оновчлох замаар төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. Төсөлд эхний ээлжид олон нийтэд нээлттэй болгох, хувьцааг биржээр арилжаалах, төрийн мэдлийн хувьцааг худалдах болон өөрчлөн байгуулахаар дараах компаниудыг тусгасныг С.Бямбацогт сайд нэгбүрчлэн танилцуулаа.


Төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК; “Хөдөө аж ахуйн бирж” ХХК; “Үндэсний давхар даатгал” ХК; “Монголын хөрөнгийн бирж” ХК; “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК; “Шивээ овоо” ХК; “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК; “Эрдэнэс Тавантолгой” ХК; “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ; “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ; “Дулааны III цахилгаан станц” ХК; “Дулааны IV цахилгаан станц” ХК; “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК; “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК; “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК; “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар төсөлд тусгажээ.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК; “Цемент шохой” ТӨХК; “Монгол шуудан” ХК; "Багануур дулааны станц” ТӨХК; "Налайхын дулаан станц” ТӨХК; “Хөвсгөл дулааны станц” ТӨХК; “Ховд дулааны станц” ТӨХК; “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна.

“Эрдэнэс монгол” ХХК; “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК; “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК; “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ; “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК; “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээн сайд танилцуулсан.


Үүний зэрэгцээ өмнөх жилүүдийн хувьчлалын хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, зайлшгүй төрийн мэдэлд байх төрийн өмчийн хүрээг дахин тодорхойлсны үндсэн дээр давхардсан чиг үүрэгтэй, үр ашиггүй хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, цэгцлэх асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгааг С.Бямбацогт сайд тэмдэглэв. Тодруулбал, Улсын Их Хурлаас 2001-2022 оны хооронд төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг таван удаа баталсан ч хэрэгжилт хангалтгүй буюу 33 хувьтай, давхардсан тоогоор нийт 115 хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулах заалттай ч дийлэнх хувь нь хэрэгжээгүй байх тул дээрх үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр авах арга хэмжээний саналыг тогтоолын төсөлд тусгасан гэв.


Төрийн өмчийг хувьчлах бодлогыг хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, эрэлт, нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын сонирхол, хуулийн этгээдийн бодит үнэ цэн, үнэлгээнд тулгуурлан тогтоож, үе шаттай, ил тод, хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна. Төгсгөлд нь тэрбээр “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, эхний ээлжид авах арга хэмжээний саналыг төсөлд тусгасан” хэмээлээ.


С.Бямбацогт сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Соронзонболд, Б.Уянга, Г.Очирбат, Ч.Анар, Г.Лувсанжамц, П.Сайнзориг, О.Номинчимэг, Б.Жаргалан, Н.Батсүмбэрэл, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Монгол Улсын сайд С.Бямбацогт болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Б.Пүрэвдорж, Э.Одбаяр, Р.Сэддорж, Д.Үүрийнтуяа нар хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн эсэх байр сууриа илэрхийлж үг хэлэв. Үүний дараа санал хураалт явуулахад “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 22 гишүүний 12 буюу 54.5 хувийн саналаар дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон зургаан асуудлын гурав дахийг ийнхүү хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Үргэлжлүүлэн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл