Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Ажлын хэсэг байгуулж, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаанаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл байв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулахад хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух, санал гаргах шаардлагагүй хэмээн үзэв. Иймд Байнгын хорооны тогтоолын дээрх төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдий 59.1 хувь буюу 13 гишүүн дэмжсэн.


Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, Р.Сэддорж нар ажиллана.

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг энэ талаар хуралдаанд танилцууллаа.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх талаар тусгасан байдгийг дурдаад “Эдгээр зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын дарга Н. Учралын санаачилгаар энэхүү төслийг боловсруулсан” хэмээн танилцууллаа.


Тархмал эх үүсвэрийг гурван чиглэлээр эрчимжүүлэх шаардлагатай байдгийг тэрбээр дэлгэрэнгүй тайлбарласан. Нэгдүгээрт, айл өрхийн тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт аймаг, сумдын тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гуравдугаарт автомашиныг цэнэглэх тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга зам байдаг аж. Ийм гурван чиглэлээр ногоон эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Гэр хорооллын айл, өрхүүд нарны панелыг батарей халаагууртай нь суурилуулаад яндангаа салгаснаар нэн тэргүүнд агаарын бохирдлыг бууруулах, улмаар өрхийн хэрэглээгээ бүрэн хангахаас гадна илүүдэл эрчим хүчээ сүлжээ рүү борлуулан орлого олох боломжийг бүрдүүлэх төслүүд олон хэрэгжиж байгааг М.Энхцэцэг гишүүн хэлсэн. Энэ төрлийн төсөл гурван дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа жишээг тэрбээр дурдаад, төсөл олон хэрэгжихийн хэрээр нэг өрхөөс гаргах хөрөнгө оруулалт буурах, мөн холбогдох үйл явц хөнгөвчлөгдөх, айлууд яндангаас салж, агаарын бохирдол буурах зэрэг олон талын ач холбогдолтойг тайлбарлаж байсан. Түүнчлэн “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”- журмыг шинэчилж, сайжруулах чиглэлийг төсөлд тусгасан байна.

Айл, өрхийн тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд олон улсын жишгийн дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх загварыг боловсруулах чиглэлийг мөн төсөлд тусгажээ. Үүний сацуу алслагдсан аймаг, сумдын эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, аймаг, сумдын цахилгаан хангамжийг тогтвортой болгох шаардлагын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэв. Цахилгаан машины хэрэглээг дэмжих хүрээнд цахилгаан машиныг цэнэглэх байгууламжуудыг тархмал сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт суурилан олноор байгуулахыг Засгийн газарт чиглэл болохоор төсөлд тусгасан байна.   


Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, ялангуяа хэрэглэгч аюулгүй, найдвартай, хүртээмжтэй цахилгаан хангамжтай болох, агаарын бохирдлыг бууруулах зорилготой холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгож буй Улсын Их Хурлын төсөл гэдгийг танилцуулав.

М.Энхцэцэг гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, Ч.Анар, Г.Лувсанжамц, Г.Дамдинням, Р.Сэддорж нар асуулт асууж, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, айл өрх бүр, албан байгууллага сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр өөрсдийн эрчим хүчний хэрэглээгээ хангаад, илүү гарсан эрчим хүчээ түгээх сүлжээнд худалдах нөхцөлийг хялбаршуулах шаардлагатай гэдэг саналыг хэлээд төсөл дэх “… өөрийн хэрэглээг хангаж, эрчим хүчээ хэмнэх зорилготой, түгээх сүлжээнд цахилгаан нийлүүлэхгүй тархмал эх үүсвэрийг техникийн нөхцөл шаардахгүйгээр 10 кВ хүртэлх хүчдлийн түгээх сүлжээнд холбох боломжийг бүрдүүлэх.” гэсэн зохицуулалтын  “10 кВ” гэснийг “20 кВ” болгох боломж бий эсэхийг тодрууллаа. Тархмал эх үүсвэрийг түгээх сүлжээнд холбохын тулд 6 байгууллагаас зөвшөөрөл авах, үүнд хагас жил гаруй хугацаа, багагүй хэмжээний хөрөнгө зарцуулдаг гэдэгтэй санал нэг байгаагаа М.Энхцэцэг гишүүн илэрхийлээд, үүнийг хялбарчлан чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн. Төсөл дэх “10 кВ” гэдэг тооцоо нь суурь сүлжээнийхээ хүчин чадалд үндэслэн тооцоолж гаргасан гэдгийг тодотгон тайлбарласан. Энэхүү тогтоолын төслийг батлагдсаны дараа хэрэгжилтэд нь онцгой анхаарал хандуулж, үр дүнд хүргэх талаар санал хэлсэн.



Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачилж буй энэхүү төслийг боловсруулахад оролцсон гэдгээ Г.Лувсанжамц гишүүн дурдаад “Төслөөр хувийн хэвшил, айл, өрхүүд орон байр, байшин, барилгаа дулаалах, эсвэл эрчим хүчний хэмнэлттэй сууц, барилга бариулахдаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг шийдээд явах юм бол өөрсдийн хэрэглээгээ найдвартай хангаж, зардал хэмнэхээс гадна илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлэн, орлого олох боломж бүрдэж байгаа юм.  Иргэн, аж ахуйн нэгж, аймаг, сум төвийн сүлжээнээс хамааралгүй, бие даасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох тохиолдолд төрийн оролцоог бууруулж, илүү иргэдэд, хэрэглэгчдэд ээлтэй шийдлээр зохицуулна. Ялангуяа орон нутгийн Засаг дарга нар анхаараасай гэж хүсэх байна. Цахилгаан тасарчихлаа, эрчим хүчний сүлжээнд холбож өг, цахилгаан станц барь гэдэг шаардлагыг төрд тавих шаардлагагүй, улсын төсөвт энэ төрлийн зардал, хөрөнгө оруулалт тусгах шаардлагагүй болж байгаа юм.  Орон нутаг эрчим хүчээ бие даан шийдэх боломж, бололцоо энэ тогтоол батлагдсанаар нээгдэнэ” хэмээсэн. Төсөл батлагдсан даруйд Засгийн газар шуурхай ажиллаж, иргэд, хувийн хэвшилдээ ээлтэй тогтолцоог бүрдүүлэх хүрээнд журмаа шинэчлэх ёстойг тэмдэглээд, энэ бол иргэдийн хүсэлт гэдгийг тодотгож байв. Эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулж, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой зохицуулалтыг төсөлд тусгасныг Г.Дамдинням гишүүн тэмдэглэн, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.


Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийн тухай асуудлыг тусгах гэж Г.Лувсанжамц гишүүний хамтаар багагүй хүчин чармайлт гаргаснаа Ч.Анар гишүүн дурдаад, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэж буйгаа илэрхийлэн, хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулан ажиллах ёстойг сануулж байсан. Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах боломж ихтэй гэдгийг Р.Сэддорж гишүүн илэрхийлээд, хийн түлштэй автомашины хэрэглээг дэмжих зохицуулалтыг тусгах санал хэлж байсан.

Ийнхүү ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулж, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг Р.Сэддорж дарга бүрэн эхээр нь танилцуулав.


Ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулж, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар төсөлд тусгасан байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан удирдамжийн хүрээнд гадаад улстай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар карбон кредитыг хөгжүүлж, энэ тогтоол дахь арга хэмжээтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үр өгөөжтэй байдлаар ашиглах, Монгол Улсад орох хөрөнгө оруулалт, үр өгөөжийг нэмэгдүүлэхийг чиглэл болгох ажиллахыг мөн үүрэг болгохоор төсөлд тусгажээ.

Цахилгаан эрчим хүчний импортыг бууруулах, алслагдсан хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон санхүүжилтийн хөрөнгө оруулалтын боломжийг өргөтгөх, тархмал эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгохоор төсөлд тусгасныг Р.Сэддорж дарга уншиж танилцуулав.


Тогтоолыг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх 16 дараах арга хэмжээг тусган, холбогдох чиглэлийг Засгийн газарт өгсөн байна. Түүнчлэн тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд тус тус даалгажээ. Тогтоолын 4 дэх заалтад заасан 16 арга хэмжээний явц, биелэлтийн талаар 2026 оны 1 дүгээр улиралд багтаан танилцуулахыг Засгийн газар үүрэг болгосон байна. Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангуулах, эрчимжүүлэх, хяналт тавьж, дүнг танилцуулахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд тус тус даалгахаар тусган байна.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсны дараа “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 22 гишүүний 63.6 хувь нь дэмжснээр энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл