Цэс

Холбоо барих

Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал өнөөдөр (2025.12.23) “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээ”-г танилцуулж, уг санаачилгын хүрээнд боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг салбарынхантай хэлэлцлээ. Уулзалтын эхэнд өнөөгийн нөхцөл байдлыг холбогдох статистик үзүүлэлтүүдийн хамт танилцуулж, тулгамдсан асуудлуудад зорилтот шийдлүүдийг дэвшүүлж, эдгээрийн санхүүжилт болон төрийн оролцооны хэлбэрийн талаар санал солилцсон юм. Өнөөдрийн уулзалтад УИХ-ын гишүүдээс гадна хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болон эрчим хүчний салбарын шинжээчид оролцож, нээлттэй ярилцлаа.


Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд ногоон эдийн засгийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэж заасан. Түүнчлэн энэ хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг батлахдаа ногоон эрчим хүчийг дэмжсэн төслүүдийг нэн тэргүүнд эрэмбэлж буйг УИХ-ын дарга танилцуулгынхаа эхэнд онцоллоо. Тэрбээр, манай улсын экспортын бүтээгдэхүүний 93 хувь нь уул уурхайн салбараас хамааралтай байгааг дурдаад эдийн засгийн бүтцийг өөрчилж, ногоон дэд бүтцийн бодлого руу шилжих нэн шаардлагатайг чухалчиллаа. Олон улсад ч ногоон санхүүжилтийн хэмжээ үлэмж нэмэгдэж буйг харьцуулсан судалгаагаар тайлбарлав.  


Манай улсын хувьд эрчим хүчний шугамын алдагдал 14 хувь байхад дэлхийн дундаж 6 хувьтай байгаа төдийгүй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ердөө 7 хувийг эзэлж байгаа нь энэ төрлийн дэд бүтцийн төслүүдэд анхаарах үндэслэлүүдийн нэг юм. Түүнчлэн шатахууны хараат байдал болон цахилгаан тээврийн хэрэглээг харьцуулахад нийт 918 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас ердөө 1000 орчим нь цахилгаан автомашин гэсэн судалгаа байна. Иймд ногоон эрчим хүчний хөгжлийг бодлогоор дэмжих зорилгоор эрчим хүчний хараат байдлыг бууруулах иж бүрэн санаачилгыг үндсэн гурван чиглэлд хэрэгжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд, өрхийн сэргээгдэх эрчим хүч хэрэглээг дэмжих “100 мянган нарны гэр” хөтөлбөр, орон нутгийн сэргээгдэх эрчим хүч хэрэглээг дэмжих 100 мВт тархмал эх үүсвэрүүд хөтөлбөр, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих 100 байршилд цахилгаан машин цэнэглэх иж бүрэн зогсоол байгуулах хөтөлбөр багтжээ. Тухайлбал, нийслэл хотын 204 мянга гаруй өрхийн 44 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлж, 10 кВт хүртэлх нарны хавтан, батарейн системийг техникийн нөхцөлгүйгээр түгээх сүлжээнд холбох, зөвшөөрөл олголтыг хялбаршуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжинэ гэлээ. 


Түүнчлэн Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжүүдийг жил тутам олноор худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар тусгажээ. Төвийн бүсээс хэт хамааралтай орон нутгийн хувьд эрчим хүчний дамжуулах, түгээх сүлжээний ихэнх нь 30-60 жилийн настай, хуучирсан тул алдагдал их, ойр ойрхон тасалддаг байна. Иймд сэргээгдэх эрчим хүчний жижиг эх үүсвэрүүдийг сүлжээнд нэгтгэхэд тарифын дэмжлэг үзүүлэх, тархмал эрчим хүчний нөөцийг хүлээн авах, холбох процессыг хялбаршуулах шийдлийг УИХ-ын дарга дэвшүүллээ.


Мөн дээрх санаачилгын хүрээнд аялал жуулчлал, гадаад худалдаа, уул уурхай экспортын автозамын сүлжээ, хилийн боомтуудыг харгалзан 100 байршилд цахилгаан автомашин цэнэглэх иж бүрэн зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр хөтөлбөрүүдийг цогцоор нь бүх суурин газруудад хэрэгжүүлснээр салбар дундын асуудлууд шийдвэрлэгдэнэ гэдгийг УИХ-ын дарга тодотгоод хувийн хэвшлийн санхүүжилт болон төрийн бодлогын дэмжлэгийг хослуулах нь үр дүнтэй гэж үзлээ. УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний чадал 500 мВт-аар нэмэгдэхээс гадна эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хамаарал буурах юм. Мөн аймгийн төвүүдэд тархмал эх үүсвэрүүд нэмэгдэж, цахилгаан автомашины тоо 100 мянгад хүрэхээр тооцоолсон бөгөөд үр дүнд нь ажлын байр нэмэгдэж, агаар орчны бохирдол буурна гэдгийг ч онцоллоо. 


Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, тогтоолын төслийн хэд хэдэн заалтуудад саналаа хэлсний дотор үр дүнг хэмжиж, тайлагнах олон улсын тогтолцоог тусгах шаардлагатайг тэмдэглэлээ. МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн дарга Д.Ганхуяг хэлэхдээ, ногоон санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих хэрэгтэйг онцлоод салбарын хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудалд анхаарч өгөхийг уламжиллаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Анар эрчим хүчний салбарт хүнд суртал үүсгэдэг хуулиас давсан журмуудыг цэгцэлж, зохицуулалтыг тодорхой болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн бол салбарын шинжээчид мөн санал нэгтэй байгаагаа хэлж байв. УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддоржийн хувьд цахилгаан автомашины тоо чамлалттай байгааг дурдаад, хэрэглээг нь илүү нэмэгдүүлэхийн тулд бодлогоор дэмжихээ илэрхийлж, орон нутагт хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төслүүд удаашралтай байдгийг шүүмжиллээ. 




Харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн менежер Ч.Байгалмаа, сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар саналаа хэлж, дээрх арга хэмжээний санхүүжилтийн хэлбэрийг тодорхой тусгах талаар уулзалтад оролцогчид байр сууриа илэрхийлцгээв. Тэд Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын энэ тогтоолын төсөл бодитой хэрэгжсэнээр сэргээгдэх эрчим хүчний хөгжилд хувьсгал болохуйц үр дүнг дагуулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлцгээж, УИХ-ын даргын дэвшүүлсэн цогц санаачилгыг дэмжиж буйгаа хэлж байлаа. УИХ-ын дарга Н.Учрал уулзалтад оролцогчдын саналыг уг тогтоолын төсөлд нэг бүрчлэн тусгахаа илэрхийлж, тэднийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахыг урив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл