Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тус байнгын хорооны 29 гишүүнээс Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат, Б.Найдалаа, О.Саранчулуун, Д.Рэгдэл, А.Ариунзаяа, Ж.Галбадрах, М.Ганхүлэг, Г.Хосбаяр, Д.Бум-Очир, Н.Алтаншагай, Д.Ганмаа, Б.Уянга, Д.Энхтуяа нарын 16 гишүүн хуралдаанд хүрэлцэн ирж, ирц 55.2 хувь бүрдсэнээр хуралдсан юм.
Хуралдааны эхэнд, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нараас 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төслийг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхараар ахлуулан 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг үндэслэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг хэлэлцүүллээ. Энэ нь Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нараас 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төслийг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаар ахлуулан байгуулах тухай тогтоолын төслийг байв. Тогтоолын төслийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцээд, санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 12 нь буюу 75 хувь нь дэмжиж, тогтоолыг баталсанд тооцлоо.
Харин үүний дараа Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын мэдээллийг сонссон юм. Ажлын хэсгийн мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Ариунзаяа танилцууллаа. Тэрбээр Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсанаа мөн илтгэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Ж.Галбадрах, О.Саранчулуун, Д.Рэгдэл, Б.Хэрлэн, М.Ганхүлэг нар асуулт асууж, үг хэлж байр суурь илэрхийлсэн. Нийтийн биеийн тамирыг дэмжих, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийг бодлогоо дэмжих, эрүүл мэндийн даатгалыг хүн бүрт жигд, хүртээмжтэй үйлчилдэг байлгах, хяналт, шалгалтыг чангатгах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийн хэрэгжилтийг хангуулах зэрэг асуудлыг Улсын Их Хурлын гишүүд хөндөж байлаа.
Хуралдаан даргалагч Б.Найдалаа, энэ удаа Байнгын хороо ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсоно гээд, зарим чухал санал, байр суурийг тогтоолын төсөлд тусгуулах шаардлагатайг тодруулав. Мөн холбогдох яамдын төлөөллүүд гишүүдийн асуултад хариулж, мэдээллээр хангаж байгаа боловч хангалттай хэмжээнд мэдээлэл өгөхгүй байгаа тул асуулт асуусан гишүүдэд албан бичгээр нэмэлт мэдээлэл ирүүлэхийг санууллаа.
Ажлын хэсгийн ахлагч А.Ариунзаяа, нийгмийн бодлогын хүрээнд жил бүр үнэлгээ, мониторинг хийдэг хэдий ч хэрэгжилт хангалтгүй байдаг. Жишээлбэл, Байнгын хорооны 2016 оны тогтоол тухайн үедээ ач холбогдолтой боловч цаг хугацааны хувьд үүргээ гүйцэтгээд, одоо үүнийг ярих нь оновчтой бус гэдэгтэй санал нийлж байгаа. Мэдээллийн сангаа шинэчлээд явах шаардлагатай. Тиймээс тогтоолын төсөл боловсруулсан хэмээн танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн, Үдийн хоол хөтөлбөрийг хасахгүй үлдээх, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, аливаа хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ илүү үр дүнтэй болгоход анхаарч, Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгуулъя гэсэн саналыг гаргалаа. Богино хугацаанд үр дүнтэй ажилласан явдалд Ажлын хэсгийн ахлагч А.Ариунзаяа болон Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа талархал илэрхийлээд, үр дүнд суурилсан шийдэл бүхий тогтоолын төсөл боловсруулсан тул цаг алдалгүй, батлахыг санал болгов. Ингээд тогтоолын төслийг баталъя гэсэн саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдээс 12 гишүүн буюу 75 хувь нь дэмжсэнээр төслийг баталлаа.
Харин үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн зардал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэлийн асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцсэн юм. Асуулгын хариуг Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа гишүүний асуултад салбарын сайд хариулахдаа, сүүлийн хоёр сард ажилгүйдлийн тэтгэмжийг олгох боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлд баталсан 2025 оны төсөв хүрэлцэхгүй болсон гэдгийг нуух шаардлагагүй хэмээн үзсэн гэв. Тэрбээр, зөвхөн манай улсад бус дэлхий нийтийн чиг хандлагаар ерөнхийдөө ажлын байр тогтворгүй болсон, шинэ он гарангуут хууль, дүрмээ эргэн харах нөхцөл, шаардлага үүссэн хэмээн онцолсон юм.
Мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртсөн 14900 гаруй хүн байгаа гэсэн мэдээллийг холбогдох төрийн байгууллагын төлөөлөл хуралдааны үеэр өгсөн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, асуулга тавьсан гишүүний хувиар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Байнгын хорооны гишүүдээ асуудлын гүнд орж, ажиллахыг уриалж байна гэв. Тэрбээр, манай улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчлөл 3.8 хувь буурсан гэсэн мэдээлэл ирсэн. Гэхдээ ажил, мэргэжлээ эрхлэх явцад осол, гэмтэлд өртсөн тохиолдлын тоо 2.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нэгэнтээ тодорхой төсвийг зарцуулахаар Улсын Их Хурлаас шийдвэр гаргасан болохоор эдгээр тоог өсгөхгүй, бууруулах чиглэлд арга хэмжээ авч ажиллахаар холбогдох байгууллагууд төлөвлөгөөндөө тусгах шаардлагатай. Өдийд төлөвлөх хамгийн тохиромжтой үе гэдгийг онцлов. Мөн холбогдох яамны мэдээлэлд нарийвчлан нягтлах зүйл байгаа тул зарим мэдээллийг гүйцээж ирүүлэх хэрэгтэй гэв.
Улсын Их Хурлын гишүүний асуулгын дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хариуг сонссоноор Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English