Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа төгсгөлд нь “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, түр хорооноос боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргах чиглэл өгсөн болохыг Р.Сэддорж дарга танилцууллаа. Энэ дагуу Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг хэлэлцсэн юм.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал танилцуулсан. Энэ оны 7 дугаар сард байгуулагдсан тус хянан шалгах түр хороо 6 хянан шалгагч, 12 шинжээч ажиллуулж 27 байгууллагаас баримт материал гаргуулан, 17 байгууллагад газар дээр хяналт шалгалт гүйцэтгэж 92462 хуудас бүхий нотлох баримтыг цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байна. Хянан шалгах түр хороо 13 удаагийн хуралдаж, нотлох баримт шинжлэн судлах нээлттэй сонсголыг гурван өдрийн турш зохион байгуулсны үндсэн дээр холбогдох санал, дүгнэлтийг боловсруулжээ.
Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг боловсруулах явцад Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр, хугацаатай үүрэг даалгавар өгөх шаардлагатай гэж гишүүд үзсэн тул төслийг боловсруулсан гэв. Төсөлд Оюу толгойн бүлэг ордын ашиглалттай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг Монгол Улсын хууль тогтоомж, Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтэд нийцүүлэн авч хэрэгжүүлж, үр дүнг 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Энэ хугацаанд тогтоолоор өгсөн үүргийн хэрэгжилтийн явцыг улирал тутам Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд нээлттэй танилцуулж, ил тод байдлыг хангаж ажиллах шаардлагатай хэмээн О.Батнайрамдал гишүүн тодотгов.
Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг даалгахаар төсөлд тусгасан байна.
Эрдэнэс МГЛ ХХК, Айвенхоу Оюу Толгой /БиВиАй/ Лтд, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Оюу Толгой ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулахыг даалгахаар төсөлд тусгасан байна.
Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахыг үүрэг болгох нь зүйтэй хэмээн үзжээ.
Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг 5 жил тутамд харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлж, Оюу Толгой ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнахыг Засгийн газарт үүрэг болгон, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгахаар тусгасан байна.
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалын танилцуулгатай холбогдуулан Б.Уянга, Г.Лувсанжамц, Л.Мөнхбаясгалан, Д.Үүрийнтуяа, С.Бямбацогт, Р.Сэддорж нарын гишүүд асуулт асууж, холбогдох тодруулгыг хийсэн юм. Ийнхүү хэлэлцээд “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон зургаан асуудлаа нэгбүрчлэн хэлэлцэн, шийдвэрлэснээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Мон
English